Мэдээ

Суралцагч хот-Хүний нөөцийг чадавх бэхжүүлэх үндэсний сургалт зохион байгууллаа

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь Боловсролын яам болон ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газартай хамтран Монгол Улсын насан туршийн суралцахуйн салбарын чадавх бэхжүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа. 

unesco

2025 оны 4 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Насан туршийн суралцахуйн салбарын чадавх бэхжүүлэх сургалтад аймаг, дүүргийн ЗДТГ, ИТХ, багш, бодлого боловсруулагчид, салбарын мэргэжилтнүүд болон олон улсын шинжээчид оролцсон бөгөөд насан туршийн суралцахуйг хөгжүүлэх, бодлого стратегийг төлөвлөх, ЮНЕСКО-ийн Суралцагч хотуудын дэлхийн сүлжээнд (СХДС) нэгдэх талаар санал солилцлоо.

2 өдрийн сургалтаар дараах сэдвүүдийн хүрээнд идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүллээ: 

  • Насан туршийн суралцахуйн бодлого ба суралцагч хот гэж юу болох
  • ЮНЕСКО-ийн СХДС-нд нэгдэх заавар зөвлөмж 
  • Олон улсын сайн туршлага, чиг хандлага 
  • Насан туршийн суралцахуйн санхүүжилт, нөөц боломжуудыг ашиглах
  • Баянгол дүүрэг болон Орхон аймгийн сайн туршлага 

Сургалтыг нээн Боловсролын яамны ТНБД Х.Батжаргал: “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ЮНЕСКО-ийн Суралцагч хотуудын  дэлхийн сүлжээнд нэгдэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд манай улс тус сүлжээнд нэгдсэнээр орон нутгийн тогтвортой хөгжлийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг дэмжих, хувь хүний ур чадварыг хөгжүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж, бүсчилсэн хөгжлийн бодлогод суурилан шинэлэг санаачилгыг дэмжих нь илүү үр дүнд хүрэх боломж бидэнд байна.” хэмээн онцоллоо.

unesco


“Насан туршийн суралцахуй нь Монгол Улсын боловсролын тогтолцооны бүрэлдэхүүн болох шаардлагатай бөгөөд бүх иргэдэд ялангуяа алслагдмал бүсэд оршин сууж буй малчин өрх болон нийгмийн эмзэг бүлэгт  тасралтгүй суралцах боломжоор хангахад чиглэх ёстой. Өнөөдрийн сургалтаар Монгол Улс хэрхэн ЮНЕСКО-ийн Суралцагч хотуудын дэлхийн сүлжээнд амжилттай нэгдэн орж, идэвхтэй гишүүн болох талаар хэлэлцэх явдал юм.” гэж НҮБ-ын Суурин Зохицуулагч Яап ван Хирден хэлэв.

unesco


"Монгол Улс өөрчлөлтийн цэг дээр байна. 2023 онд шинэчилсэн Боловсролын ерөнхий хуулийг соёрхон баталж, Боловсролын яаманд Насан туршийн суралцахуйн хэлтсийг анх удаагаа байгуулснаар танай улс “насан туршийн суралцахуй нь зөвхөн бодлогын тэргүүлэх чиглэл биш бөгөөд  энэ нь тогтвортой хөгжил, нийгмийн тэгш байдал, хөгжлийн үндэс суурь” гэдэг үзэл бодлыг шингээч өгчээ. Харин өнөөдрийн сургалт нь энэхүү алсын хараа, зорилгыг хэрэгжүүлэх чухал алхам болж байна.” хэмээн ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал Проф. Шахбаз Хан дурдав.

unesco


Сургалтын гол үр дүн нь орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах байсан бөгөөд оролцогчид суралцагч хот болох алсын хараа, төлөвлөлт, насан туршийн суралцахуйн бодлого, стратегиудыг тодорхойлон гаргав. Олон улсын шинжээчид мөн санхүүжилтийн боломжуудыг тэлэх, бодлого хэрэгжүүлэх чиглэлээр санал, зөвлөмжүүдийг өглөө.

unesco  unesco

 

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс



Дээш