Нэгдсэн Үндэстний Байгууллага нь сайн сайхан амьдралыг бий болгох, шударга ёс, хүний эрхийг дээдлэх зарим дээр үндэслэн дэлхийн бүх улс орны энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх хамтын ажиллагааг дэмжин даян дэлхийд энх тайван, аюулгүй байдлыг тогтоох зорилготой.
Нэгдсэн Үндэстний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО нь НҮБ-ын Дүрэмд заасны дагуу арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэгээр үл ялган хүний эрх, үндсэн эрх чөлөө, шударга ёс, хууль дүрмийг нийт хүн төрөлхтний эрх ашгийн төлөө хүндэтгэн, боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл, харилцаа холбооны салбараар дамжуулж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлснээр дэлхий нийтэд энх тайван, аюулгүй байдлыг тогтоох зорилготой.
Дэлхийн II дайн ид өрнөж байсан 1942 онд нацист Германы эсрэг байлдаж байсан холбоотон улсуудын боловсролын сайд нар Их Британид цуглаж дайны дараа боловсролын системийг хэрхэн сэргээх талаар хэлэлцсэн нь орчин цагийн ЮНЕСКО-ийн үндсийг тавьсан гэж үздэг. Уг чуулга уулзалт дайны жилүүдэд тогтмол болж түүхэнд “Холбоотон улсуудын Боловсролын сайд нарын чуулга уулзалт” гэж тэмдэглэгдэн үлдсэн билээ.
Анх чуулахдаа боловсролыг хэлэлцэж байсан сайд нар яваандаа соёлыг мөн хөндөх болсон тул 1945 оны арваннэгдүгээр сарын 1-16-ны өдрүүдэд Нэгдсэн Үндэстний Боловсрол, Соёлын Байгууллага буюу ЮНЕКО-г (UNECO) байгуулахаар Их Британий нийслэл Лондонд цугласан. Дөнгөж дайн дуусч байх үед цугласан дөчөөд улс орны төлөөлөгчид дэлхийн дайныг дахин дэгдээхгүйн төлөө хүн төрөлхтний оюун ухаан, ёс суртахууны эв нэгдлийг илэрхийлэх жинхэнэ Энх тайвны “соёлыг тарих” шинэ байгууллагатай болохыг зорьсон.
ЮНЕСКО биш ЮНЕКО гэж нэрлэхээр завдаж байх үед хүн төрөлхтний түүхэнд хамгийн их хүний амь үрэгдсэн дайнд “онцгой үүрэг гүйцэтгэсэн” шинжлэх ухааны салбарыг шинэ байгууллагад хамруулахыг олон хүн хүсээгүй. Зөвхөн цөөн хэдэн эрдэмтэн л шинжлэх ухааныг хамруулахыг зүтгэжээ. Эдгээр эрдэмтдийн хүчин зүтгэлд 1945 онд Японы Хирошимо, Нагасаки хотод дэлбэрсэн атомын бөмбөг “түлхэц” болсон юм. Чухам энэ үйл явдлын дараа бүгд шинжлэх ухааныг залж, энхийн үйлсэд зүтгүүлэхгүй бол болохгүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрчээ.
Иймд Лондонд болсон чуулга уулзалтыг даргалсан Их Британийн Боловсролын сайд, хатагтай Эллен Вилкинсон анхны санал болгосон нэрэнд шинжлэх ухааныг багтааж Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага гэж нэрлэхийг улсаа төлөөлөн санал болгосноор ЮНЕКО гэсэн нэрийн анхны хувилбарт шинжлэх ухааныг нэмж ЮНЕСКО (United Nations Educational, Scientific and Cultural Organization) гэх болжээ.
Ийнхүү 1945 оны арван нэгдүгээр сарын 16-нд Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллагыг үүсгэн байгуулж, ЮНЕСКО-ийн Дүрмийг баталж 37 орон гарын үсэг зурсан. Хэдийгээр ЮНЕСКО байгуулагдсан ч тус байгууллагын Дүрмийн XV зүйлд заасны дагуу Дүрмийг 20 улс хүлээн зөвшөөрч, батламжлахгүй бол ЮНЕСКО албан ёсоор Нэгдсэн Үндэстний байгууллагын төрөлжсөн байгууллага болж чадахгүй байлаа. Иймд 1946 оны:
Ийнхүү 1946 оны арван нэгдүгээр сарын 4-ний өдөр ЮНЕСКО-ийн Дүрэм хүчин төгөлдөр болж, ЮНЕСКО албан ёсоор НҮБ-ын төрөлжсөн байгууллагаар хүлээн зөвшөөрөгджээ. Харин 1945 оны арван нэгдүгээр сарын 16-ны өдрийг ЮНЕСКО-г анх байгуулсан өдөр гэж түүхэнд тэмдэглэсэн.
ЮНЕСКО-ийн Төв байрыг Парис хотод 1945 онд байрлуулахаар шийдвэрлэжээ. Үйл ажиллагааныхаа эхэн үед ЮНЕСКО түр зуур Парис хотын төвд “Mажестик” зочид буудалд байрлаж байгаад 1958 онд Парисын VII дүүрэг буюу Эйфелийн цамхгаас холгүй орших Фонтенуан талбайд босгосон “гурван хошуут од” хэлбэртэй, уран барилгын нэгэн хосгүй бүтээл болох Төв байрандаа орсон байна. Харин хожим нь Ерөнхий бага хурлын хуралдаанд зориулсан баян хуур хэлбэртэй танхим, албан тасалгааны зориулалттай шоо хэлбэрийн барилга болон газар дор барьсан хоёр давхар барилга зэрэг гурван байгууламжийг нэмж барьснаар ЮНЕСКО-ийн Төв байрны цогцолборыг дуусгасан байна. Төв байрны цогцолборыг үзэсгэлэнтэй болгох үүднээс урлагийн олон бүтээлийг захиалан хийлгэснээс гадна гишүүн орнуудаас бэлэглэсэн эртний болон орчин үеийн олон бүтээлээр байрны ханыг чимэглэдэг уламжлалтай болжээ. Монголоос 2002 онд зураач Б.Баярт-Одын “Баян Монгол” нэртэй торгон дээрх тосон будган зургийг ЮНЕСКО-д бэлэглэсэн нь одоог хүртэл хадгалагдаж байна.
Түүнчлэн ЮНЕСКО-ийн сүлдийг 1954 онд баталжээ. Сүлдийг МЭӨ VI зууны үед ардчиллын үндсийг тавьсан Грек улсад хүндэтгэл үзүүлж, Афин хотын Акрополийн гүвээн дээр барьсан Партэнон сүмийн хэлбэртэй хийсэн байна.
Ерөнхий бага хурал
ЮНЕСКО-ийн эрх барих дээд байгууллага нь Ерөнхий бага хурал юм. Уг хурал гишүүн орнуудын төлөөллөөс бүрдэх бөгөөд хоёр жилд нэг удаа хуралддаг. Ерөнхий бага хурлаас ЮНЕСКО-ийн хөтөлбөр, төсвийг баталдаг. Ерөнхий бага хурал Гүйцэтгэх зөвлөлийн саналын дагуу 4 жилд нэг удаа Ерөнхий захирлыг томилдог. ЮНЕСКО-ийн албан ёсны хэл нь англи, араб, хятад, испани, франц, орос хэл бөгөөд Ерөнхий бага хурлын үйл ажиллагаа эдгээр зургаан хэлний орчуулгатай явагддаг.
Гүйцэтгэх зөвлөл
Гүйцэтгэх зөвлөл Ерөнхий бага хурлыг бэлтгэн явуулж, шийдвэрүүдийг хэрэгжүүлдэг. Гүйцэтгэх зөвлөлийн 58 гишүүнийг Ерөнхий бага хурлаар сонгодог. Гүйцэтгэх зөвлөл жилд хоёр удаа хуралдаж, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, төсвийг хянадаг. Тус зөвлөлд дэлхийн газарзүйн бүс нутгууд аль болох тэнцвэртэй төлөөлөлтэй байхаар хуваарийг хийсэн байдаг. Монгол улс Ази, Номхон далайн буюу IV бүлэгт харьяалагддаг. Энэ бүлэгт 41 улс байх бөгөөд Гүйцэтгэх зөвлөлд 12 суудалтай. Гишүүн орнуудын Байнгын төлөөлөгчид бүс нутгийн бүлгээр ЮНЕСКО-ийн Төв байранд хуралдаж, Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар баримтлах байр сууриа нэгтгэж байдаг нь байгууллагын удирдлагад оролцох нэг хэлбэр болж байдаг.
ЮНЕСКО-ийн төлөөлөгчийн газар, бүсийн төвүүд
Монгол Улс, ЮНЕСКО-ийн Ази дахь бүсийн төв, төлөөлөгчийн газруудтай нягт хамтран ажиллаж ирлээ. Шинжлэх ухаан, техникийн салбарт Жакарта дахь төлөөлөгчийн газар, боловсролын салбарт Бангкок дахь төлөөлөгчийн газар, соёлын салбарт Токио дахь ЮНЕСКО-ийн Ази-Номхон далайн соёлын төвтэй хамтран ажиллаж ирсэн билээ. Анхны Санамж бичигт Монгол Улс ЮНЕСКО-ийн Азийн бүс нутагт явуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно гэж тусгасан байдаг. Анх удаа 1964 онд Бангкок дахь төлөөлөгчийн газрын захирал тэргүүтэй төлөөлөгчид айлчилж, Монголын боловсролын тогтолцоотой танилцаад 1965 онд “БНМАУ-ын Гэгээрлийн ажлын байдал” товхимлыг англи хэлээр хэвлэн гаргаж байжээ.
Шинэ зууны эхэнд ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал байгууллагынхаа дотор бүтцийн өөрчлөлт хийж, төлөөлөгчийн газар, бүсийн төвүүдэд илүү эрх мэдэл олгосон билээ. ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар нь 2002 оны нэгдүгээр сараас Зүүн Ази буюу Монгол, БНАСАУ, БНСУ, Хятад, Япон улсыг хамааран ажиллах болов. Өнөө үед уг төлөөлөгчийн газар нь ЮНЕСКО-ийн боловсрол, байгалийн шинжлэх ухаан, нийгмийн шинжлэх ухаан, соёл, мэдээлэл, харилцаа холбоо зэрэг салбарын бүхий л хөтөлбөрийг хариуцан ажиллаж байна. Тус төлөөлөгчийн газар нь боловсролын асуудлаар Бангкок дахь ЮНЕСКО-ийн Ази, Номхон далайн бүсийн боловсролын төв, шинжлэх ухааны асуудлаар Дели болон Жакарта дахь бүсийн төв хийгээд Парис дахь Нарийн бичгийн дарга нарын газартай нягт хамтран ажилладаг.