Бидний тухай

Монгол улс ба ЮНЕСКО-ийн харилцааны лавлах

ЮНЕСКО-ийн Дүрмийг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Засгийн газар хадгалж, түүнд гарын үсэг зурах, нэгдэх, гарах бүхий л асуудлыг зохицуулж байдаг билээ. Энэхүү Дүрэмд Лондон хотноо гарын үсэг зурснаар ЮНЕСКО-ийн бүрэн эрхт гишүүн болдог бөгөөд уг Дүрэмд зааснаар НҮБ-ын гишүүн улс орнууд ЮНЕСКО-д орох эрхтэй байдаг тул Монгол Улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж, дараа жил буюу 1962 оны арваннэгдүгээр сарын 1-нд ЮНЕСКО-ийн 108 дахь гишүүнээр элссэн.

ЮНЕСКО-ийн Дүрэмд БНМАУ-ын Засгийн газраас олгосон бүрэн эрхийн дагуу Гадаад явдлын яамны Олон улсын байгууллагын газрын дарга П.Цэрэнцоодол гарын үсэг зурсан түүхтэй.

ЮНЕСКО-ийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудын нэг нь улс үндэстнийг том жижиг, нийгмийн байгууллаар нь, хүн ардыг арьс өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, гарал үүслээр нь ялгаварлахгүйгээр бүх нийтэд адил тэгш хандах явдал юм. БНМАУ гишүүнээр элсэн орсон үеэс ЮНЕСКО манай улсын нийгмийн байгууллын хэв шинжийг үл харгалзан хамтран ажиллаж, орчин цагийн шинжлэх ухааны мэдлэг, эрдэм боловсрол түгээх, үндэсний соёл, урлаг, түүх соёлын өв болон байгаль орчныг хамгаалах, техник, технологийн дэвшилт ололтыг таниулах, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хангахыг уриалах зэргээр монголчуудыг нийгмийн хөгжил, дэвшлийн замд үргэлж дэмжин зоригжуулж ирснийг зүй ёсоор тэмдэглэх нь зүйтэй.

Монгол улс, ЮНЕСКО-ийн гишүүн болсон цагаасаа эхлэн түүний Дүрмийн заалтад нийцүүлэн, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөө ЮНЕСКО-оос  дэвшүүлж ирсэн үзэл санаа, санал санаачилгыг дэмжин төрийн бодлого чиглэлдээ тусган боломжийнхоо хэрээр хэрэгжүүлж  ирсэн явдал нь манай нийгмийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан билээ.



Дээш