“Өвөл, хаварт бэлэн үү” цахим аяны энэ удаагийн ярилцлагаар байгалийн болон бусад гамшигт өртсөн иргэд, хүүхдүүдэд сэтгэл зүйн дэмжлэг туслалцааг хэрхэн хүргэх, энэ чиглэлээр хамаарал бүхий байгууллага, мэргэжилтнүүд хэрхэн хамтран ажиллах талаар зөвөлгөө мэдээлэл хүргэж байна.
“MIND” сэтгэл судлалын төвийн сэтгэл зүйч Д.Туултай ярилцлаа.
Байгалийн гамшиг, эрсдэлийн үед томчууд, тэдний хүүхдүүд сэтгэл зүйн ямар нөхцөл байдалд ордог вэ?
Байгалийн гамшиг, эрсдэл нь тухайн хүний бие махбодын болон сэтгэлзүйн даван туулах чадамж, нас, хөгжлийн онцлог, амьдралын туршлага, мэдээлэл ойлголт, нийгэм эдийн засгийн байдал, гамшигт өртсөн зэргийн байдал зэргээс хамааран хүн бүрт ялгаатай нөлөөлдөг. Гамшгийн дараа хоол, нойрны хэмнэл алдагдах, уй гашуу, уур бухимдал, айдас төрөх, анхаарал төвлөрөлт буурах, хөгжлийн болон нийгмийн харилцааны өөрчлөлт зарим тохиолдолд хорт зуршлын хэрэглээ, эрсдэлт үйлдлүүд хийх зэрэг сэтгэлзүйн гаралтай олон өөрчлөлт гарч болдог. Тэр тусмаа хүүхдийн хувьд эдгээр чадамжууд сул байдгаас нөлөө илүү байх тал бий.
Манай улсын хувьд малчдын хүүхдүүд сургуулиа бараадан эцэг эх, гэрээсээ хол байрлах нь элбэг учраас гамшгаас үүдэлтэй сэтгэлзүйн асуудлуудыг ганцаар даван туулах нөхцөл дунд байдаг. Тиймээс хүүхдүүдээ илүү сайн ажиглах, ярилцах, бие махбод болон зан үйлд нь мэдэгдэхүйц өөрчлөлт орвол мэргэжлийн байгууллагад хандан тусламж зөвлөгөө авах нь зүйтэй.
Малчид малаа санхүүгийн эх үүсвэр гэхээсээ илүүтэй гэр бүлийн гишүүн мэт, үр хүүхэд шигээ хайрлаж өсгөж малладаг. Тиймээс малчдын тухайд малаа алдахыг бусад төрлийн гамшгийн хохиролтой дүйцүүлэх боломжгүй. Энэ үүднээс сэтгэлзүйн хувьд илүү хүнд хэцүү байдал, уй гашууд ордог.
Амжиргааны эх үүсвэрээ алдсан, өрөнд орсон тохиолдолд эцэг эхийн нөхцөл байдал хүүхдүүдэд яаж нөлөөлдөг бол?
Гамшиг эрсдэлийн дараа хүүхдүүдийн сэтгэлзүйн байдлыг анхаарахгүй өнгөрч болохгүй. Дийлэнх тохиолдолд насанд хүрэгчид, эцэг эхчүүд хүүхдүүдийг асуудлаас холдуулах замаар хамгаалах гэж оролддог. Гэтэл хүүхдүүд, бага насны хүүхдүүд хүртэл болж буй үйл явдал, гэр бүлд гарч буй өөрчлөлтүүд, аав ээжийнхээ харилцаа байдлыг анзаарч, ажиглан харж нөхцөл байдалд хариу үзүүлж байдаг. Тиймээс тэдэнд нас хөгжлийн онцлогт нь тохируулан нөхцөл байдлыг үнэн бодитоор сайтар тайлбарлах, даван туулах арга замаа хуваалцан ярилцах нь хамгийн үр дүнтэй арга гэж тооцдог. Учир нь хүүхэд өөрийгөө гэр бүлийн гишүүн, энэ бүхэнд би бас хамааралтай, оролцох хэрэгтэй. Би бас туслаж чадна гэж боддог учир үл тоовол би хэрэггүй, дарамт болчих юм байна, надаас боллоо гэх зэргээр өөрийгөө буруутгаж эхэлдэг. Энэ нь гамшигт өртсний дараах тогтворгүй байгаа сэтгэлзүй дээр асуудал болж нэмэгддэг. Томчуудын сэтгэлзүйн байдал хүүхдэд шууд нөлөөлдөг гэж үзэж болно.
Томчуудад хандсан тусламжийн үйлчилгээ илүү нээлттэй байдаг. Харин хүүхдүүдийн оролцоо бага гэдэг өнцгөөс харж, тэднийг хайхрахгүй сэтгэлзүйн сөрөг өөрчлөлтүүдийг нь анзаарахгүй өнгөрөх нь элбэг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ өөрсдийнхөө нөхцөл байдал, сэтгэлзүйн байдлаа илэрхийлж ярьдаг байх хэрэгтэй. Хүүхдүүддээ бас бодол, сэтгэлзүйгээ илэрхийлэхэд нь туслах, асуудаг, ярилцдаг байх нь чухал.
Дээрх байдлаас болж хүнд нөхцөлд орсон хүмүүс, айл өрх, хүүхдүүдэд сэтгэл зүйгээр хэрхэн дэмжиж, туслах ёстой вэ?
Нийгэм, олон нийтийн зүгээс тусалж дэмжих нь хамгийн эхний алхам. Байгалийн гамшиг гэдэгт зөвхөн хэн нэгэн эсвэл хэсэг бүлэг хүн өртдөггүй. Энэ бол нийт ард иргэд, улс орон, дэлхийн асуудал учраас гамшигт өртсөн хүмүүстээ тусалж дэмжих, урам өгөх, бид бүгд хамтдаа, хамтдаа даван туулна гэх зэргээр дэмжлэг үзүүлэх нь сэтгэлзүйн хувьд маш том дэм болдог.
Иргэд болон хүүхдүүдийг энэ талын туслан дэмжих арга хэмжээнд оролцуулах нь бас эерэг үр дүнтэй байдаг. Хүүхдүүд найздаа туслах, захидал илгээх гэх зэргээр олон хэлбэр бий. Гэр бүлийн гишүүдийг аль болох хурдан хамт байлгах, нөхцөл байдлаас шалтгаалан хүүхдүүд нь хамт байх боломжгүй үед эцэг эх болон хүүхдүүдийг хоёр талд аль болох тайван, тухтай байх нөхцөл боломжоор хангах хэрэгтэй.
Ихэнх тохиолдолд малчдын хүүхдүүд сургуульдаа сурахын тулд хамаатан садныдаа, сургуулийн дотуур байранд гэх зэргээр эцэг эхээсээ тусдаа, гэр орноосоо хол амьдардаг. Энэ тохиолдолд хүүхдэд тусламж дэмжлэг үзүүлэх хамгийн гол хүн нь багш. Тиймээс гэр бүлээсээ хол байгаа, гамшигт өртсөн айл өрхийн хүүхдүүдэд сургууль, багш, ажиллагсад онцгой анхаардаг байх хэрэгтэй. Сургуулийн багш, албан хаагчид уй гашуу тохиолдсон үед хүүхэдтэй харилцах анхан шатны мэдээлэлтэй байж гамшигт өртсөн иргэдэд сэтгэлзүйн зөвлөмж үзүүлдэг байх хэрэгтэй.
Хүүхдүүдийг нөхцөл байдал сайжирч, сэтгэлзүйн байдал тогтвортой болох хүртэл сургууль, багш нарын зүгээс илүү анхааран ажиллах шаардлага тулгардаг. Сэтгэлзүйн таагүй байдлаас үүдэн тухайн хүүхдийн сурлагын амжилт, хичээлийн идэвх оролцоо буурах, сөрөг үр дагавар гарах магадлал өндөр учир аль болох даалгавар бага өгөх, ойлгоогүй хичээлийг нь цаг гарган тайлбарлах, хичээлээс гадуурх урлаг спортын арга хэмжээнд илүү оролцуулах, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан уулзаж санаа тавих гэх зэргээр анхаарлаа түлхүү хандуулах нь зүйтэй.
Гамшиг болсон тэрхэн үед л бүгд тусалж байгаад хэсэг хугацааны дараа бүгд орхин мартдаг. Гэтэл гамшигт өртсөн хүмүүсийн хувьд гамшгаас үүдэлтэй сэтгэлзүйн таагүй байдал, уй гашуу нь удаан үргэлжилж, төстэй үйл явдал, нөхцөл болоход дахин сэдрэх магадлал өндөр. Тиймээс тэдгээр хүмүүс болон хүүхдүүдэд үзүүлэх сэтгэлзүйн тусламж үйлчилгээ урт хугацааных байх нь чухал юм.
Дээрх нөхцөлд төрийн байгууллага, /хороо, сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч /бусад талууд хэрхэн хамтарч ажиллавал илүү үр дүнтэй вэ?
Юун түрүүнд гамшигт өртсөн иргэдийн анхдагч хэрэгцээ, аюулгүй байдлыг хангах тал дээр хамтран ажиллах нь чухал. Хороо болон сургуулийн зүгээс иргэд, хүүхдүүдийг бүртгэх, эрсдэлийн зэргийг тодорхойлох, тусламж үйлчилгээний хуваарийг гаргах нь чухал. Хүүхдийг хэвийн амьдралын хэв маягтаа ортол сургуулийн зүгээс дэмжлэг үзүүлдэг байх хэрэгтэй. Анги сургуулийн хамт олноороо захиа бичих, самбар гаргах, хичээлийн агуулгын хоцрогдлыг багасгах, хичээл нөхөхөд багш, ангийн хамт олныг туслах боломжоор хангах, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан ярилцлага хийх гэх мэт.
Гамшгийн талаарх бодит мэдээллийг ар гэр, бусад хүмүүст баталгаажуулан хүргэх нь чухал. Хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээний олон давтамжтай, хэтрүүлэгтэй мэдээллээс гамшигт өртсөн иргэд, хүүхдүүдийг аль болох хол байлгах нь сэтгэлзүйн таагүй байдлыг дахин дахин мэдрэх, хүндрүүлэхээс зайлсхийх аргын нэг юм.
Гамшиг болон түүний дараа авах арга хэмжээний талаар нийтэд мэдлэг мэдээллийг урьдчилан өгдөг байх, гамшигт өртсөн иргэдэд хэрхэн туслах, юуг нэн тэргүүнд тавьж туслалцаа үзүүлэх, гамшигт өртсөн иргэдийн хүүхдүүдийг хариуцах, дэмжих, даван туулж хэвийн амьдралдаа шилжих хүртэлх үеийг хариуцах байгууллага, багийг урьдчилан бэлтгэж сургасан байх нь чухал юм.
Дээрх нөхцөлд сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэгийг дан ганц сэтгэл зүйч л өгдөг, өгнө гэж ойлгож болох уу?
Дан ганц сэтгэл зүйч зөвлөгөө өгнө гэхгүй. Мэдээж мэргэжилтний шинжлэх ухаанд суурилсан зөвлөмж хэрэгтэй. Гэхдээ гамшиг гэдэг ямар ч тохиолдолд өргөн хүрээг хамарч байдаг учраас сэтгэл зүйч, эмч, багш нар, нийгмийг ажилтан, төрийн албан хаагчид, иргэд, хүүхдүүд гээд бүх салбарын бүх хүний туслалцаа гамшигт өртсөн иргэдэд сэтгэл зүйн дэм, тус болж байдаг.
Эх сурвалж: ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс,
“Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб