1962 оны арван нэгдүгээр сарын 9-ний өдрөөс арван хоёрдугаар сарын 12-ны өдрүүдэд хуралдсан ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын ээлжит XII чуулганд Соёлын яамны коллегийн гишүүн, Урлаг судлалын газрын дарга Э.Оюун тэргүүтэй төлөөлөгчид анх удаа оролцжээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын багшийн дээд сургуулийн захирал Т.Балдан, ГЯЯ-ны ажилтан П.Цэрэнцоодол, Д.Бямбаа нар орсон байна. Үүнээс хойш манай төлөөлөгчид ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын чуулган болон бусад олон улсын хурал, бүсийн чуулганд оролцож, олон арван тогтоол, шийдвэр, зөвлөмжийн төслийг хэлэлцүүлэн батлуулах, хурал чуулганы баримт бичигт тусгуулах арга хэмжээг хэрэгжүүлсэн нь бусад гишүүн орнуудын талархлыг зүй ёсоор хүлээж байна. 1996 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат ЮНЕСКО-ийн Төв байранд албан ёсоор зочилж, Ерөнхий захирал Федерико Майортай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлж, хамтран ажиллахаа илэрхийлсэн билээ. Энэ үеэр хоёр талын хамтын ажиллагааны ойрын ирээдүй, чиглэлийг тодорхойлсон Монгол улсын Засгийн газар, ЮНЕСКО-ийн хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Манай улс ЮНЕСКО-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр 1983-1987, 2007-2011 онд сонгогдон ажиллаж байв. Гүйцэтгэх зөвлөлд Монгол улсыг төлөөлөн Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Б.Дашцэрэн, Л.Эрдэнэчулуун нар ажиллаж байлаа. Үүнээс гадна Монгол улс Ерөнхий бага хурлын чуулган, комисс, бүсийн бага хурлын орлогч даргаар удаа дараа сонгогдон, дэлхий дахинд нийтлэг ач холбогдол бүхий шийдвэрүүд гаргахад оролцож байв.
Монгол улс ЮНЕСКО-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажиллахдаа ЮНЕСКО-ийн хөтөлбөр төслийг боловсруулах, ялангуяа “Бичигтэн болох НҮБ-ын 10 жил”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд идэвх санаачилга гарган ажилласан.
2011 онд болсон ээлжит 36 дугаар чуулганаар манай улс Олон улсын ус зүйн хөтөлбөр болон Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлд тус тус дөрвөн жилийн хугацаатайгаар гишүүнээр сонгогдон ажилласан.
“Ардчиллын боловсролоор дамжуулан дэлхийн иргэнийг төлөвшүүлэх зорилтыг дэмжих” тухай тогтоолын төсөл боловсруулан 2013 онд ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 37 дугаар чуулганд оруулан батлуулж, улмаар Боловсролын олон улсын хорооны гишүүнээр 2013 онд сонгогдож 2017 оны 39 дүгээр ээлжит чуулган хүртэл ажиллав.
2014 онд хуралдсан Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцод нэгдэн орсон гишүүн орнуудын ээлжит чуулганаар ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах Засгийн газар хоорондын гишүүнээр сонгогдож 2018 оныг дуустал ажиллав. Түүнчлэн Соёлын үнэт зүйлийг уугуул улсуудад нь буцаах эсвэл хууль бусаар эзэмшсэн тохиолдолд эгүүлэн олгохыг дэмжих ЮНЕСКО-ийн Засгийн газар хоорондын хорооны гишүүнээр 2013 онд 2 дахь удаагаа сонгогдон 2017 он хүртэл ажиллав. Түүнчлэн, Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөр (IPDC)-ийн Засгийн газар хоорондын зөвлөлийн гишүүнээр 2013-2017 онуудад ажиллав. Мөн тус хөтөлбөрийн Товчооны дэд даргаар 2016-2018 онуудад ажиллав. Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай ЮНЕСКО-ийн 2005 оны конвенцын Засгийн газар хоорондын хорооны гишүүн (2019-2023)-ээр сонгогдон ажиллаж байна. Монгол улс ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлийн дэд ерөнхийлөгчөөр (2019-2021) сонгогдон ажиллаж байна.