ХҮҮХДЭД ҮҮССЭН БЭРХШЭЭЛИЙГ ЦАГ АГААРЫН ҮЗЭГДЭЛ ШИГ БОЛООД ӨНГӨРЧИХЛӨӨ ГЭЖ ҮЗЭХ БОЛОМЖГҮЙ
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэнтэй хамтран хичээл, сургалтын үйл ажиллагаанд зудын үзүүлсэн нөлөөг Монгол улсын хэмжээнд 2024 онд анх удаа судалсан юм.
2023-2024 оны хичээлийн жилд нийт 16 аймгийн 130 сум цагаан зудтай байсан. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан тавдугаар сард тэдгээр аймаг сумаас төмөр зудтай, хаваржилт хүндрэлтэй хэвээр байсан Баянхонгор, Сүхбаатар, Дундговь аймгийн сонгогдсон сумдын нийт 17 сургуулийг түүврээр сонгож судалгаанд хамруулсан байна.
Аймаг, сумдын Засаг дарга, онцгой байдлын мэргэжилтэн, боловсролын газрын мэргэжилтэн, ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, анги удирдсан багш, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, бага, дунд, ахлах ангийн сурагчдын төлөөлөл нийт 815 оролцогчоос тоон болон чанарын шинжилгээний аргыг ашиглан мэдээлэл цуглуулжээ. Судалгааны дүнг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга С.Санжаабадамаас тодрууллаа.
“Дунд, ахлах ангийн голдуу хүүхдүүд 14-өөс дээш хоногоор хичээлээс хоцрогдоод байна.”
Манай хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд, 2023-2024 оны өвөл, хавар онцгой хүнд нөхцөлд байдалд орсон аймаг, сумдын сургуулийн суралцагчид, тэдний гэр бүл, сургуульд ямар бэрхшээлтэй нөхцөл байдал үүссэн, тухайн нөхцөл байдлууд нь орон нутагт амьдарч байгаа хүүхдүүдийн боловсролын хүртээмж, чанарт нөлөөлсөн эсэх, ямар үр дагавар гарсан гээд тодорхой асуудлуудыг тодруулах зорилготой хийсэн.
Судалгаанд хамрагдсан хүүхдүүдээс 111 хүүхэд 14 хоногоос дээш хугацаагаар хичээлээс завсардсан байна. Нийт судалгаанд хамрагдсан хүүхдүүдтэй харьцуулахад өндөр хувь биш ч 111 хүүхэд агуулгын хувьд хоцрогдсон, хоцрогдлыг ямар хугацаанд яаж нөхсөн, дараагийн хичээлийн жилд ямар үр дагавартай байсан гэдгийг нарийвчлан тогтооход нэлээн амаргүй байна. Үүнийг бүрэн тогтоож чадаагүй байна.
“Хүүхдүүд хичээлдээ явж байгаа ч ар гэртээ байнга санаа зовж байгаа нь хичээлийн, агуулгын хоцрогдлыг давхар үүсгэж байна”
Дунд, ахлах ангийн голдуу хүүхдүүд 14-өөс дээш хоногоор хичээлээс хоцрогдоод байна. Энэ онцгой нөхцөл байдалд өртсөн, тухайн байршилд амьдарч байгаа айл өрхүүдийн хүүхдүүд сэтгэл зүйн нэлээн өвөрмөц төлөв байдалд ороод байгаа нь тогтоогдож байна. Тэгэхээр сэтгэл санааны хувьд түгшүүрийн байдалд орох нь анхаарлаа төвлөрүүлэх чадваргүй болох, тэр хэмжээгээрээ дотуур байранд амьдраад хичээл дээрээ сууж байгаа ч гэсэн сэтгэл санааны хувьд үргэлж ар гэртээ санаа зовж байгаа нь хоцрогдол, дээр нь агуулгын давхар хоцрогдлыг үүсгэж байна. Хоцрогдлыг нөхөхөд дотуур байрны багш нар судлагдахууны багш нартайгаа хамтраад хүүхдүүдтэйгээ тулж ажиллаж байгаа нь бий. Энэ нөхцөлд тэдний ачааллаас шалтгаалж эргээд хүүхдүүдэд анхаарал хандуулахад бэрхшээлтэй асуудал үүсэж байна. Иймд сургуулийн менежмент дээр давхар менежментийн шийдлүүд авч хэрэгжүүлэх шаардлагатай болж байна.
“Дотуур байрны багш, сургуулийн багш нарын хамтын ажиллагааг илүү сайжруулахад дэмжлэг хэрэгтэй.”
Онцгой нөхцөл байдалд орсон сумууд дээр дотуур байрны багш, судлагдахууны багш нарын хамтын ажиллагааг илүү сайн хангах тал дээр сургуулийн удирдлага төдийгүй тухайн аймгийн Боловсролын газраас давхар дэмжлэгүүд шаардлагатай гэдэг нь ажиглагдсан.
Байгалийн онцгой нөхцөл байдал тухайн үедээ болоод өнгөрсөн. Тэрний дараа араас нь авах арга хэмжээ юу байх вэ, хүүхдүүдэд үүссэн сурлагын, агуулгын хоцрогдлоос гадна сэтгэлзүйн төлөв байдлыг дэмжих ямар ажлууд хийх вэ гэдэг дээр зөвхөн Боловсролын газар, сургууль гэхгүй, үндэсний хэмжээнд давхар бодлогуудыг хэрэгжүүлэхэд холбогдох байгууллагуудтай манай салбар нэлээн манлайлж ажиллах хэрэгтэй юм байна. Энэ талаар Боловсролын ерөнхий газар, Боловсролын яам, Хүүхдийг ивээх сан, Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэнгийн холбогдох мэргэжилтнүүдтэй хийсэн уулзалт ярилцлагын үеэр нэлээн онцолж ярилцлаа.
“Онцгой нөхцөл байдалд өртсөн өрхийн хүүхдүүдэд үүссэн бэрхшээлтэй байдлыг зүгээр цаг агаарын үзэгдэл шиг болоод өнгөрчихлөө гэж харах ямар ч боломжгүй.”
Онцгой нөхцөлд байдалд хүүхэд, хүн өртчихсөн. Тэгэхээр тэр хүүхдэд үүссэн таагүй төлөв байдлыг дараагийн хичээлийн жилд удаан хугацаанд үргэлжлүүлэхгүйгээр нөхөн дэмжих арга хэмжээнүүдийг хэр авч байгааг бид зарим аймгийн холбогдох хүмүүсээс тодруулж ярилцсан. Үнэхээр тэр хүүхдүүдэд, хүмүүст дэмжлэг хэрэгтэй нь харагдаж байна. Боловсролын газар, сургуулийн удирдлага, багш, эцэг эхчүүд, тэднээр дамжуулаад хүүхдэдээ ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэг дээр бид цаашдаа нэлээн нягт ажиллах шаардлагатай байна гэдэг нь харагдлаа.
Эх сурвалж: ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс,
“Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб.