ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс болон “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубтэй хамтран “Өвөл, хаварт бэлэн үү?” сэдэвт ярилцлагуудыг хүргэж байна.
ГУРВАН САР ХИЧЭЭЛД ЯВУУЛААГҮЙ ТОХИОЛДОЛ Ч ГАРЧЭЭ
БСҮХ, ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнтэй хамтран 2024 онд "Онцгой нөхцөл байдал үүссэн үеийн сургалтын тулгамдаж буй асуудал шийдвэрлэх арга зам” сэдэвт судалгааг Монгол Улсад анх удаа хийгээд байна. Тус судалгаа нь гамшигт өртсөн аймгуудын ЕБС-ийн суралцагчдын боловсролын хүртээмж, чанарын асуудалд дүн шинжилгээ хийх, нөхцөл байдлыг бодитоор гаргаж ирэхэд чиглэв.
Судалгааны багийн гишүүн, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн ЭША, доктор Г.Бүрэнжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.
2024 оны хавар хичээл сургалтын үйл ажиллагааны явцад байгалийн гамшиг хэрхэн нөлөөлж байгааг судаллаа. Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн мэдээллийн дагуу судалгааны мэдээллийг зудын эрсдэл, гамшиг хамгийн өндөртэй, хаваржилт хүндэрсэн Баянхонгор, Дундговь, Сүхбаатар аймгаас цуглуулсан.
Байгалийн гамшиг, зуд тохиолдсон үед сургуульд ямар байгууллага дэмжлэг туслалцаа үзүүлдэг, сургуулиудад хамтын ажиллагаа хэрхэн өрнөдгийг ч энэ судалгаагаар тодорхойлох зорилгоор багш, сурагчдаас гадна аймгуудын Засаг даргын тамгын газрын дарга, Онцгой байдлын хэлтэс, Боловсролын газрын мэргэжилтнүүдээс тандан судаллаа.
2024 оны 5-р сард Баянхонгор аймгийн цас ихтэй, цагаан зудтай байсан долоон суманд ажиллаж эхлэх үед тэдгээр сум малынхаа сэг зэмийг устгаж, ариутгал халдваргүйжүүлэлтээ хийж байсан.
Гурван аймгийн багш нарын мэдээллээр малчдын хүүхдүүд гэртээ амраад сургуульдаа буцаж ирэхэд сэтгэл санаа нь тогтворгүй, анхаарал төвлөрөл суларсан байжээ. Хичээлээс хоцроод ирсэн хүүхдүүдтэй ажиллахад хүндрэлтэй байсан тухай ярьж байлаа.
Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хичээлийг аль болох таслуулахгүй байхыг хичээдэг ч яг хичээл амарсан зудын гамшиг тохиолдсон болохоор зам даваа хаагдаж малчид хүн бүлгүй болсон, цас туулж хичээлд нь хүргэж өгөх машин техникгүй байсан зэрэг шалтгаанаар сурагчдын дунджаар 7-14 хоногийн хичээл завсардалт гарсан байна. Харин хичээл орж байгаа үед тасалсан тохиолдол харьцангуй бага байв.
Сурагчид “хичээлдээ ирмээр байсан ч зам даваа цасанд хаагдсан, цас туулах унаагүй, хүн хүч дутмаг, шатахуун байхгүй, ээж аавыгаа хаяад ирэхэд хүнд хэцүү байсан, хайртай мал нь зудад өртсөн” гэсэн тайлбарыг голдуу өгч байсан байна.
Нэг жишээ, гуравдугаар ангийн хүүхэд хичээлдээ гурван сар ирээгүй нэг тохиолдол байсан. Хөдөө гэртээ байхдаа багштайгаа байнга утсаар ярьж хичээлдээ явахыг маш их хүсч байгаагаа хэлсээр байсан. Багш нь гэрээс нь очиж авах гэхээр эцэг эх нь хүүхэд харах хүн байхгүй гэдэг шалтгаанаар өгч явуулахгүй гэдэг байж. Ингээд хүүхэд өөрөө гуйсаар, багш нь эцэг эхээс нь зөвшөөрөл авч байж сургуульд нь авчирч, дотуур байрандаа суулгаж хичээлд нь оруулжээ. Манай судалгааны баг 8 настай тус сурагчтай ярилцах гэсэн боловч тэр огт яриагүй, дуугараагүй. Ээж аавтай нь очиж уулзъя гэхэд уйлаад гэртээ харих дургүй байсан. Хүүхдийн багшдаа ярьснаар нэг настай дүүг нь харуулаад эцэг эх нь малдаа явчихдаг байсан юм болов уу. Ийм бэрхшээлтэй тулгарч буй тохиолдол жишээ ч байгаа юм.
Нөгөө талд дунд, ахлах ангийн хүүхдүүд эцэг эхдээ туслах их сонирхолтой. Харин малчин аав ээж нь дунд ангийн эрэгтэй хүүхдүүдээ малын ажилд туслуулахыг хүсдэг байна.
Ийм байдлаар зуд зэрэг байгалийн эрсдэлийн үед хүүхдүүд хичээл сургалтын агуулгаас хоцрох тохиолдол их өндөр байгаа нь ажиглагдлаа. Ингэж хоцорсон хүүхдүүдтэй сургууль, багш нар хэрхэн ажилладгийг мөн тандан судалсан. Багш нар нэмэлт давтлага өгөх, оройн цагаар хичээлийг нь нөхөх зэргээр ямар нэг байдлаар ажилладаг байна. Сургуулийн сэтгэл зүйчдийн мэдээллээр зудын нөхцөл байдал давтагддаг нутгийн малчдын хүүхдүүд харьцангуй бэлтгэлтэй, сэтгэл санаа нь гайгүй байдаг байна. Сургуулийн нийгмийн ажилтнууд сургуулийнхаа хүүхдүүдийг сайн мэддэг болохоор цаг тухайд нь ярилцаад зөвлөөд явдаг гэж байлаа.
Эх сурвалж ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс