Бидний тухай

Үндсэн зорилго

Монгол улс, ЮНЕСКО-ийн үзэл санаа, уриа дуудлагыг түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэхэд үндэсний байгууллагуудыг өргөнөөр оролцуулах, ЮНЕСКО-Монголын хамтын ажиллагааг төлөвлөн чиглүүлэх, уялдуулан зохицуулах үүргийг гүйцэтгэх зорилго бүхий ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссыг 1963 оны гуравдугаар сард  ЮНЕСКО-ийн Дүрмийн заалтын VII зүйлд нийцүүлэн Засгийн газар болон холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулан байгуулж, дүрмийг нь баталсан.

1963 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 77 дугаар тогтоолоор, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссыг Гадаад явдлын яамны дэргэд байгуулж, анхны даргаар нь Соёлын яамны коллегийн гишүүн, Урлаг судлалын газрын дарга Э.Оюун, Ерөнхий нарийн бичгийн даргаар ГЯЯ-ны Олон улсын байгууллагын газрын дарга П.Цэрэнцоодол нарыг томилсон байдаг.

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь ЮНЕСКО-Монголын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх түүний үзэл санааг дэлгэрүүлэхэд ямагт уриалан санаачлагч, хэрэгжүүлэгч, холбогч, зохицуулагч байж холбогдох асуудлаар Засгийн газартаа зөвлөж, төрийн бодлого чиглэлд ЮНЕСКО-оос дэвшүүлэн тавьж буй дэлхийн нийтлэг зорилтуудыг тусгах талаар өөрийн чиг үүргийг зохих ёсоор гүйцэтгэж ирсэн.

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын дүрэмд тус комисс нь:

  • Үйл ажиллагаандаа Монгол улсын үндэсний эрх ашгийг эрхэмлэн, улс орны эдийн засаг, нийгмийн салбарт тавигдаж байгаа зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр хандив оруулахыг чармайна;
  • ЮНЕСКО-ийн үйл ажиллагаанд Монгол улсын идэвхтэй оролцоог хангаж, боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээллийн салбарт ЮНЕСКО, түүний бүсийн төвүүд, үндэсний байгууллагатай  хамтын ажиллагааг зохицуулна;
  • Монгол орны түүх, соёлын өв, дурсгалт зүйл, байгалийн өвөрмөц тогтоц, үнэт ховор баялаг, нөөцийг хайрлан арвижуулах, нөхөн сэргээх талаар ЮНЕСКО, түүний гишүүн орнуудтай хамтран ажиллах чиглэлийг удирдлага болгоно;
  • Монголын нүүдэлчдийн соёл иргэншил, уламжлалт соёл, боловсрол, шинжлэх ухааны талаар гадаад ертөнцөд таниулах, эдгээр салбарын хөгжлийг хүн төрөлхтний нийтлэг ололт амжилт, өөрийн орны өвөрмөц онцлогийг харгалзан урагшлуулахад ЮНЕСКО, түүний тогтолцоог ашиглахыг чухалчилна гэж заасан байдаг.


Дээш