БОЛОВСРОЛ

Дээд боловсрол

unesco

ЮНЕСКО нь дээд боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй НҮБ-ын цорын ганц байгууллага юм. Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилгын 4.3 “2030 он гэхэд бүх оюутнууд боломжийн төлбөр бүхий чанартай дээд боловсролд хамрагдах тэгш боломжоор хангагдсан байна” гэсэн зорилтын хүрээнд гишүүн орнуудад дээд боловсролын стратеги, бодлогод дүн шинжилгээ хийх, чанартай дээд боловсролд тэгш хамруулах зэргээр бодлогын түвшинд туслалцаа үзүүлж байна.

ЮНЕСКО нь 1965 онд Монгол улсын их сургуулийн дэргэд Политехникийн дээд сургууль байгуулахаар 1,5 сая ам.долларын өртөгтэй төслийг анх хэрэгжүүлжээ. Тус дээд сургууль 1968 онд 6 тэнхим 1000 оюутантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж Монголын үндэсний инженерүүдийг бэлтгэж эхэлсэн юм. Энэхүү төслийн хүрээнд багш, мэргэжилтнүүдийг гадаадад суралцаж, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэхийн хамт багшлах боловсон хүчнээр хангахад тусалсан билээ. Өнөөдөр Политехникийн дээд сургууль Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС) болон өргөжин тэлж, үйл ажиллагаагаа явуулж байна

Сүүлийн жилүүдэд Монгол улсын дээд боловсролыг олон улсын стандартад нийцүүлэх, боловсролын чанарыг дээшлүүлэх, дээд боловсролын дипломыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх, оюутан, багш, эрдэмтдийг харилцан солилцох, эрдэм шинжилгээний ажлыг хамтран гүйцэтгэх чиглэлээр ЮНЕСКО, Монгол улсын Засгийн газартай хамтран тодорхой төслүүдийг хэрэгжүүлж байна.

ЮНЕСКО-оос техникийн туслалцаа үзүүлсний үндсэн дээр Монгол улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор “Дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай Ази, Номхон далайн бүс нутгийн 2011 оны Токиогийн конвенц”-д нэгдэж, 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Үүний дараагаар 2024 оны 11 дүгээр сард “Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц”-д Монгол Улс нэгдэн орлоо. ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлаас 2019 онд баталсан тус конвенцод дэлхийн 33 улс нэгдсэн ба Монгол Улс 34 дэх нь болж байгаа юм. 

Конвенцод нэгдэн орох нь үндэсний чадамж, магадлан итгэмжлэл, чанарын баталгааны тогтолцоог бэхжүүлэх, оюутнууд, эрдэмтэд, ажилтнуудын шилжилт, хөдөлгөөнийг хөнгөвчилж, Монгол улсын дээд боловсрол эзэмшсэн оюутнуудыг гадаадад үргэлжлүүлэн сургах, дээд боловсрол эзэмшүүлэх чадварыг эзэмшүүлэхэд тус дөхөм болж, Монгол улс дээд боловсролоор дамжуулан улс орнууд, бүс нутгийн харилцааг бэхжүүлэх ЮНЕСКО-ийн хүчин чармайлтыг дэмжиж буйг нотлон харуулах ач холбогдолтой.

Энэ чиглэлээр ЮНЕСКО болон Солонгосын Итгэлцлэлийн Сангийн дэмжлэгтэйгээр БМИҮЗ-ийг чадавхжуулах, тоног төхөөрөмжөөр хангах, вебсайт ажиллуулах зэрэг дэмжлэгийг 2022 оноос хойш үзүүлж, нягт хамтран ажиллаж байна. 



Дээш