ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс болон “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубтэй хамтран “Өвөл, хаварт бэлэн үү?” сэдэвт ярилцлагуудыг хүргэж байна.
Б.ДАВААБАЯР “ХҮҮХДҮҮД ГУРАВ ХОНООД ХАРИНА ГЭЖ БАЙХАД МАНАЙ ХҮҮХДҮҮД ГУЧ ХОНООД ГЭРТЭЭ ОЧНО ГЭДЭГ”
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн малчин Ц.Нямлхагвынх газрын гарц бараадаж Хэнтий аймгийн Хэрлэнбаян Улааны нутагт суурьшиж байна. Эднийх 600 гаруй бог, 120 гаруй бодтой. Гурван хүүхэд нь Говьсүмбэр аймагтаа суралцаж байна. Өнгөрсөн хоёр жилд цас зудаас болж төл хүлээж аваагүй эднийх энэ жил нэг дахин илүү хадлан тэжээл бэлтгэжээ. Гэргий Баярсайханы Даваабаярын ярилцлагаас малчдын хүүхдүүд суралцахад байгалийн эрсдэл, зуд хэрхэн нөлөөлдгийг анзаарч болох юм.
Манайх 16 дахь жилдээ мал маллаж байна. Хоёр жил дараалан зудтай байсан болохоор төл аваагүй, мал өсөхгүй л байна.
Өнгөрсөн жил хэдий хэмжээний өвс, тэжээл бэлтгэсэн бэ?
2023 оны өвөл өмнөх жилүүдийнхтэй адил 500 гаруй боодол өвс, 30 гаруй уут хивэг бэлтгэсэн. Цас ихтэй байсан болохоор цагаан сараар өвс дуусаж, худалдаж авч тэжээсээр байгаад 03 сарын 10-д хүргэсэн дээ. Өдрийн 18 боодол өвсөөр гуравдугаар сар гаргасан. Баахан л зээл тавьсан. Цас ч ханзарсан. Энэ жил хаширлаад одоогоор 1000 боодол өвс бэлтгээд байна.
Цас нэмээд, цаг дулаарахгүй, мал турж эцээд ирэхээр сэтгэл санаа ямар байдалтай болдог вэ?
Заримдаа сэтгэл санаагаар унана, хямарна. Малын минь тал нь үлдэх байгаа даа. Баахан өвс тэжээлийн өрөнд ороод хотоо харлуулаад үлдэх юм биш биз гээд нойргүй хонох үе бий. Хавар гурван сард адуу, үхэр өеөдөөд нөхөр бид хоёр шөнө хэд хэд босож өргөнө. Нэг шөнө босно доо гэж байтал дуг хийчхэж. Тэгсэн манай нөхөр “Чиний нойр хүрч байна уу. Надад юм юм бодогдоод нойр ч хүрэхээ байлаа. Малаа алдаад өртэй хоцорвол таван хүүхдийн минь ирээдүй яах бол..” гэдэг юм байна. Яг л тэгж бодогдоод заримдаа хоолой руу хоол давахаа байчихдаг.
Цаг хүндрэх үед малчдад ямар тус дэм хэрэгтэй болдог вэ?
Ер нь хань бид хоёр хүмүүс ингэж тэгж туслаасай гэж боддоггүй. Манай нөхөр хар багаасаа мал хариулж, өөрийнхөө амьдралыг авч яваад ирсэн. Малчид бид цаг агаарын ааш аягыг олж л амьдарч ирсэн улс. Гэхдээ ноднин өвөл нэг л туслах хүн олмоор байсан. Туслах хүн байдаг бол тун ч хэрэгтэй байна даа гэцгээж л байлаа. Малын ажил өөрөө их. Дээр нь цаг хүндрэхээр ажил хүчрэгдэхээ байчихдаг.
Өдөр болгон л малаа өргөнө, босгоно, тэжээнэ, нэмнэ, үхрийн баасаа түүж овоолно, хэвтрийг нь янзална. Эмэгтэйчүүд бол гэрийн ажил, хоол ундаа амжуулна. Амжихгүй гээд хойш тавилгүй хийгээд явбал амар санагддаг.
Хүүхдүүд нь хаана сургуульд сурч байна вэ? Тэд гэртээ хэзээ ирэх вэ?
Хүүхдүүд гэртээ байх үед их сайхан нэмэртэй. Манай хүүхдүүд харьяа нутагтаа Говьсүмбэр аймгийн төв дээр сурч байна. Хэнтийн Хэрлэнбаян Улаанд аав ээж дээрээ ирэхийн тулд нэг талдаа 260 км зам явж, шуудангийн унаагаар УБ ороод хотоос наашаа Хэнтийн Дэлгэрхаанд буугаад гэртээ ирнэ. Хол болохоор улирлын амралтаараа л ирнэ.
Бага охин гуравдугаар ангид орсон. Дунд хүү долоо, том охин аравдугаар ангид сурч байна. Хоёр бага маань хоёр, гурван настай Хэрлэнбаян Улааны цэцэрлэгт явдаг. Тэднийг долоон нас хүрэхээр сургуульд оруулна даа.
Хүүхдүүд дээрээ ирж очилцоод байж чадахгүй болохоор 8 настай охин маань “Ээж ааваа санахаар нүдний нулимс хоёр гурав гардаг. Заримдаа тэрнээс ч их гардаг” л гэдэг. Хүүхдүүд гурав хоноод гэртээ харина гэж байхад манай хүүхдүүд 30 хоноод гэртээ очих юм байна гэдэг гэсэн. Бага охин санаад байна гэхээр нь “Аав ээж хоёр нь мөнгө явууллаа. Гоё юм авч идээрэй” гэж аргалдаг юм.
Та хоёр ч бас хүүхдүүдээ санаж байгаа даа?
Би хүүхдүүдээ санахаар уйлчих гээд байдаг юм. Заримдаа гүйгээд оччихмоор л санагддаг. Уг нь Хөмүүлтэйн гүүрийг засчихвал бид ч сардаа ирж очин уулзаад байна л даа. Хэрлэн голыг гүүрээр гатлахаас өөр аргагүй. Эндэхийн сургууль нь есөн жилтэй. Тэгээд ч манай охин төгсөх дөхөж байгаа болохоор сургуулийг нь шилжүүлээд яах вэ гээд. Малчин бидний хүүхдүүдийг харж ханддаг, найдвартай, аюулгүй газар нь дотуур байр, сургууль юм шүү дээ.
Эх сурвалж ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс