СОЁЛ

Хамрах хүрээ

ЮНЕСКО соёлын бодлогоо ерөнхийд нь

Нэгдүгээрт: соёлын салбарт олон улсын эрх зүйн баримт бичиг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх,

Хоёрдугаарт: соёлын өвийг хадгалж хамгаалах,

Гуравдугаарт: соёлын олон төрөл байдлыг хадгалах, соёл, соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээг хөхиүлэн дэмжих,

Дөрөвдүгээрт: мэдлэг чадварыг хөгжүүлэх, хуваалцах замаар хөгжил дэвшил, соёлын уялдаа холбоог сайжруулах гэж тодорхойлсон байдаг.

Соёлын салбарт хэрэгжүүлэх ЮНЕСКО-ийн үйл ажиллагааны стратеги нь дэлхий нийтийн тогтвортой хөгжил, харилцан ойлголцолд соёлын гүйцэтгэх үүргийг тодотгох, бэхжүүлэхэд оршино.

ЮНЕСКО соёлын өв, түүний олон төрөл зүйлийг хамгаалах, дэлгэрүүлэх, хүчирхийллийн эсрэг үйл ажиллагааг дэмжихийн тулд соёл хоорондын яриа хэлэлцээг улс төрийн бодлогод түлхүү оруулж, тэргүүн зорилтуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Соёлын олон төрөл зүйлийн хөгжил нь дэлхий нийтээр харилцан ойлголцох, бусдын соёлыг хүндэтгэх, бие биеэ харилцан дэмжих явдал дээр суурилах ёстой.

ЮНЕСКО соёлын өвийг хамгаалж, соёл, түүний олон төрөл, соёл хоорондын яриа хэлэлцээг хөхиүлэн дэмжиж, нигүүлсэл, хүлээцтэй хандах зарчмуудыг түгээхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг.

ЮНЕСКО 2001 онд Соёлын олон төрөл зүйлийн тухай түгээмэл тунхаглалыг баталснаар гишүүн орнууд “амьд байгальд биологийн олон төрөл зүйл зайлшгүй хэрэгтэй байдаг шиг хүн төрөлхтөнд соёлын олон төрөл зүйл хэрэгтэй” бөгөөд соёлын олон төрөл зүйл бол хөгжлийн ундарга гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Мөн соёлын хооронд зөрчил, мөргөлдөөн зайлшгүй гарна гэдэг үзэл бодол, онолыг тууштай няцаасан юм.

Монгол улс соёлын өвийг хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах зорилгоор дэлхийн хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллахаар соёлтой холбоотой ЮНЕСКО-ийн таван конвенцод нэгдэн ороод байна. Үүнд:

  • Зэвсэгт мөргөлдөөний үед соёлын үнэт зүйлсийг хамгаалах тухай 1954 оны конвенц,
  • Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай 1972 оны конвенц,
  • Соёлын үнэт зүйлсийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай 1970 оны конвенц,
  • Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенц,
  • Соёлын илэрхийллийн олон төрлийг дэмжих тухай 2005 оны конвенц.

Дээр дурдсан конвенцуудад нэгдэн орсноос хойш Монгол улс, ЮНЕСКО-ийн соёлын салбар дахь хамтын ажиллагаа маш эрчимтэй хөгжиж байна. Эдгээр конвенцын хүрээнд олон улсын дэмжлэг тусламжийг авч ЮНЕСКО-ийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломж нээгдсэн юм.



Дээш