Мэдээ

ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “УС ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН XVIII БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

1993 онд болсон НҮБ-ын Ерөнхий чуулганаар жил бүрийн 3-р сарын 22-ны өдрийг Дэлхийн Усны Өдөр болгон тэмдэглэж байхыг тунхагласан бөгөөд энэ өдрийг тэмдэглэх уриаг анх 1992 онд Бразилийн Рио-дэ Жанеро хотноо болсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, хөгжлийн тухай олон улсын хурлаас гаргасан билээ. Энэ тэмдэглэлт өдрийн гол зорилго нь усны үнэ цэнийг олон нийтэд ойлгуулах, усны зөв зохистой хэрэглээг сурталчлан таниулах, усны чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг сайжруулах явдал юм. Дэлхийн усны өдрийг жил бүр өөр өөр уриатайгаар зохион байгуулдаг бөгөөд 2024 оны дэлхийн усны өдрийг “Ус ба Энхтайван” сэдвийн дор зохион байгуулж байна.

unescounesco

 

 

 

 

 

 

 

Энэхүү өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Мянганы сорилтын сан, ШУТИС болон бусад дэмжигч байгууллагуудтай хамтран “Ус хөгжлийн түлхүүр” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн XVIII бага хурлыг ШУТИС дээр зохион байгууллаа. Арга хэмжээг нээж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Усны газрын дарга З.Батбаяр, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал, профессор Шахбаз Хан, Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл, ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн захирал, доктор, дэд профессор Б.Нарантуяа болон тус сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Аюурзана нар оролцож үг хэллээ. Мөн түүнчлэн ШУТИС, МУИС, АШУҮИС, ХААИС, ҮБХИС-ийн төлөөллүүд, усны салбарын эрдэмтэн судлаачид, оюутан залуус оролцлоо.

Дэлхий даяар нийт 3 тэрбум орчим хүн хил дамнасан устай нутаг дэвсгэрт амьдарч байна. Хөрш орнуудтайгаа гол мөрөн, нуур, уст давхаргыг хуваалцдаг 153 орноос зөвхөн 24 нь хил дамнасан усны нөөцөө ашиглах хамтын ажиллагааны гэрээтэй ажээ.

Ус хэрэглэгчид болон улс хоорондын ашиг сонирхол зөрчилдөх болон усны хэмжээ, чанар муудсанаар хүн болон экосистемийн аюулгүй байдалд нөлөөлж, улмаар нийгэмд эмх замбараагүй байдал үүсэх боломжтой. Иймээс улс орнууд усны асуудлаар нэгдэж, хил дамнасан усны нөөцийг энх тайван байдлаар зохицуулж, гэрээ хэлэлцээр хийх замаар усыг энх тайвны төлөө ашиглах боломжтой юм. Хил болон салбар дамнасан усны хамтын ажиллагаа нь иргэдийг ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах, хүнсний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, бүс нутгийн нэгдлийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс НҮБ нь энэ жилийн дэлхийн усны өдрийг “Ус ба Энхтайван” уриан доор тэмдэглэж, устай холбоотой асуудлыг энх тайван байдлаар шийдвэрлэхийн ач холбогдлыг онцолж байгаа юм. 

 



Дээш