2020 оны 10 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Парис хотноо хуралдсан ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 32 дугаар хуралдаанаар Тосон-Хулстай байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэн баталгаажуулсан.
Тосон-Хулстай байгалийн нөөц газар (БНГ) нь Монгол орны зүүн хойд хэсэгт оршдог бөгөөд Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин, Дорнод аймгийн Баянтүмэн, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумдын нутгийг хамран оршдог, ойт болон тал хээрийн экосистемтэй, цагаан зээр төллөх, идээшлэх, бэлчээрлэх гол нутаг бөгөөд нуур, тойром элбэгтэй учир усны шувууд зусах, өндөглөн үржих таатай орчин болж өгдөг. Мөн монгол тарвага, манжуурын номин, огодой зэрэг төрөл зүйлүүд энд олноор амьдардаг тул эдгээр амьтад нь тухайн нутаг дэвсгэрийн экологи болон хөрсний үржил шимийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Цаашлаад, дагуур зараа, хээрийн тоодог, дагуур тогоруу зэрэг Монголд ховор шувуудын амьдрах орчин нь болдог энэхүү газар нутагт хур борооны усаар тэжээгддэг нуур, тойрмууд олон байдаг. Тиймээс ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлөөс Тосон-Хулстай БНГ-ыг Монголд төдийгүй дэлхийн хэмжээнд ач холбогдолтой газар нутаг хэмээн үзэж тус сүлжээнд бүртгэсэн.