Мэдээ

Монгол Улсын ASPnet сургууль “WIND OF PEACE - ЭНХ ТАЙВНЫ САЛХИ” олон улсын санаачилгад нэгдлээ

Монгол Улс ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын сүлжээ (ASPnet)-ний хүрээнд хэрэгжиж буй “Wind of Peace” буюу “Энх тайвны салхи - Бидний аюулгүй, энх тайван ирээдүйн төлөөх ЮНЕСКО-ийн хүүхдүүдийн дуу хоолой” олон улсын санаачилгад анх удаа нэгдэж байна. Энэхүү санаачилга нь дэлхийн улс орнуудын хүүхдүүдийг холбож, тэдний энх тайван, найрамдал, харилцан ойлголцлын талаарх уриалга, үзэл санааг улс орноос улс оронд дамжуулан хүргэх санаачилга юм.

Тухайлбал, Словени, Армени, Австри, Япон, Шри Ланка, Беларус, ОХУ болон БНХАУ-аар дамжин Монгол Улсад хүрч ирсэн бөгөөд манай улсын оролцоог ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын сүлжээний гишүүн Улаанбаатар дахь Бритиш сургууль хэрэгжүүлж байна.

Улаанбаатар дахь Бритиш сургуулийн сурагчид Монголын хүүхдүүдийн энх тайван, найрамдал, харилцан ойлголцлын талаарх уриалга, үзэл санааг бэлтгэн, олон улсын оролцогч хүүхдүүдтэй хуваалцаж байна. Санаачилгын нэг чухал зарчим нь хүүхдүүд өөрсдөө уриалга, үзэл санааг бэлтгэн хүргэх бөгөөд насанд хүрэгчид зөвхөн зохион байгуулалт, логистикийн дэмжлэг үзүүлэхэд оршино.

unesco

Тус санаачилга нь 2026 оны 4 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд дэлхийн улс орнуудын хооронд үргэлжилж, 11 дүгээр сард оролцогч сургуулиудын нэгдсэн цахим уулзалт, хүүхдүүдийн бүтээлээр цахим үзэсгэлэнг зохион байгуулж, улс орон бүрээс ирүүлсэн энх тайвны төлөөх уриалгыг Нэгдсэн Үндэстний байгууллага болон дэлхийн удирдагчдад хүргэх юм.

unesco

Монгол Улс ийнхүү нэгдсэнээр Монголын хүүхдүүдийн дуу хоолойг дэлхийн хүүхдүүдийн дуу хоолойтой холбож, боловсролоор дамжуулан энх тайвны соёлыг төлөвшүүлэх ЮНЕСКО-ийн зорилгыг дэмжиж байна.

unesco

Ташрамд дурдахад, ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын сүлжээ нь боловсролын орчинд энх тайвны соёлыг төлөвшүүлэх зорилготой бөгөөд өнөөгийн мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, гамшиг зэрэг дэлхий нийтийн сорилтын үед хүүхэд, залуучуудын дуу хоолойг сонсохын ач холбогдлыг онцолдог.

unesco

ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын сүлжээнд хэрхэн нэгдэх вэ?

ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын сүлжээ (UNESCO Associated Schools Network – ASPnet)-д нэгдэх хүсэлтэй ерөнхий боловсролын сургуулиуд Монгол Улс дахь Үндэсний зохицуулагчтай холбогдож, гишүүнчлэлийн хүсэлт гаргах болон бүртгэлийн үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Монгол Улс дахь Үндэсний зохицуулагч:

National Network: Mongolia (албан ёсны цахим хуудас)

Баярт-Одын Энхжин
ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын сүлжээ (ASPnet)-ний Монгол Улс дахь Үндэсний зохицуулагч,
ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комиссын Нийгэм ба хүмүүнлэгийн шинжлэх ухааны асуудал хариуцсан мэргэжилтэн

И-мэйл: shs@unesco.mn, enkhjinunesco@gmail.com, natcom@unesco.mn
Утас: 7010-5652, 9990-4618



Дээш