ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөр (IPDC)-ийн Монголын Үндэсний хорооны ажлын хүрээнд хэрэгжүүлж буй “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх үндэсний сүлжээг бэхжүүлэх” төслийг Глоб Интернэшнл төв, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв, Хэвлэлийн Хүрээлэн хамтран хэрэгжүүлж байна.
Хуульчид, хууль сахиулах байгууллагын ажилтнууд болон иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхийг эрх зүйн мэдлэг, олон талт яриа хэлэлцээрээр бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг Хэвлэлийн Хүрээлэн дээр зохион байгууллаа. Сургалтад Хууль зүй,дотоод хэргийн яам, Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын прокурорын ерөнхий газар, Монголын Хуульчдын Холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо Дотоод хэргийн их Сургууль зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Сургалтыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхбаатар нээж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхийг хангахад эрх зүйн орчин, мэргэжлийн ёс зүй, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг онцоллоо.
Сургалтаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын стандарт, ёс зүйн хариуцлага, Монгол Улс дахь эрх чөлөөний өнөөгийн нөхцөл байдал, түүнийг хязгаарлах үндэслэл, мэдээлэл авах болон мэдээлэл түгээх эрх, төрийн байгууллагын үүрэг хариуцлагын талаар хэлэлцэв.
Мөн хууль сахиулах, мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөг хангах, шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, сэтгүүлчдийн хооронд үүсдэг эрх зүйн болон практик асуудлуудыг хөндөж, олон улсын сайн туршлагыг Монгол Улсын нөхцөл байдалтай харьцуулан авч үзсэн юм.

Сургалтыг Канадын “Хууль ба ардчилал” төвийн гүйцэтгэх захирал Тоби Мендел, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн сургагч багш Б.Болормаа, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар, Глоб Интернэшнл төвийн гүйцэтгэх захирал Б.Онон, хуульч Б.Пүрэвсүрэн нар удирдан явууллаа.
Сургалтын төгсгөлд олон улсын хүний эрхийн хэм хэмжээг үндэсний практикт хэрэгжүүлэх, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах үндэсний механизм болон Монголын нөхцөл байдлыг харьцуулан хэлэлцэж, оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн санал солилцов.


