2026 оны 11 дүгээр сарын 2–6-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Индонез Улсын Жакарта хотноо зохион байгуулагдаж буй ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн хорооны (MOWCAP) 11 дүгээр Ерөнхий чуулганы үеэр Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй "Бурхан багшийн шүтээн зурагт намтар” (“Iconographic Biography of the Buddha” of the Zanabazar Museum of Fine Arts) өв тус бүсийн жагсаалтад бүртгэгдэж, бүртгэлийн гэрчилгээг гардан авлаа.


Энэ удаагийн буюу 2025-2026 оны бүсийн жагсаалтад нэр дэвшүүлсэн нийт 28 баримтат өвөөс 10 улсын 21 өвийг Ерөнхий чуулганаар шинээр бүртгэлээ.
Энэхүү өв нь XIX зууны үед бүтээгдсэн таван зурагт бүтээлээс бүрдэх бөгөөд Бурхан багшийн амьдралын 34 үйл явдлыг дүрслэн өгүүлсэн түүх, соёл, шашны үнэ цэнтэй баримтат өв юм. Тус өвийг бүсийн жагсаалтад нэр дэвшүүлэх материалыг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн хамт олон боловсруулж, бэлтгэсэн юм.
Ази, Номхон далайн бүсийн 23 улсын 100 гаруй төлөөлөгч оролцож буй тус Ерөнхий чуулганд Монгол Улсыг төлөөлөн ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын Мэдээлэл, харилцаа холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн, “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Монголын Үндэсний хорооны нарийн бичгийн дарга О.Дэлгэрцэцэг, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал, урлаг судлалын ухааны доктор (Ph.D) П.Байгалмаа, тус музейн зөвлөх О.Батсайхан нар оролцож байна.


Түүнчлэн Монголын төлөөлөгчид Ерөнхий хурлын үеэр Монголын Үндэсний хорооны 2024–2026 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, баримтат өвийн бүртгэл, хадгалалт хамгаалалт, хүртээмжийг сайжруулах болон бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов.
Энэхүү өв бүсийн жагсаалтад бүртгэгдсэн нь Монгол Улсын баримтат өвийн үнэ цэнийг олон улсын түвшинд таниулах, судлах, хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чухал ач холбогдолтой үйл явдал юм.
ЮНЕСКО-ИЙН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КОМИСС