ЮНЕСКО-ийн ХБШМ хөтөлбөр нь 1971 онд үндэс сууриа тавьсан бөгөөд хүн ба хүрээлэн буй орчны хоорондын харилцааг сайжруулахад шинжлэх ухааны үндэслэлийг бий болгох зорилготой олон улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр юм. ХБШМ хөтөлбөр нь хүмүүсийн амьжиргааг сайжруулах, байгалийн үр шимийг тэгш хүртээх, экосистемийг байгалийн ба хүний оролцоотойгоор хадгалан хамгаалах болон соёлын хувьд зохимжтой, байгаль орчны хувьд тогтвортой эдийн засгийн хөгжлийн шинэлэг арга барилуудыг дэмжихийн тулд байгалийн ба нийгмийн шинжлэх ухаан, эдийн засаг, боловсролыг хослуулан хэрэглэдэг.
Тус хөтөлбөр нь шим мандлын нөөц газруудаараа дамжуулан аливаа газар нутгийг хамгаалахдаа түүний ойр орчимд амьдарч байгаа нутгийн иргэдийн нийгэм – эдийн засаг, соёлын хэрэгцээ шаардлага, онцлогийг нь харгалзан асуудлыг хамтатган шийдвэрлэх зорилготой.
Мөн үндэсний төдийгүй дэлхийн болон бүс нутгийн экологийн тэнцлийг хангахад чухал нөлөө бүхий байгаль, түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий газруудыг Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд хамруулж, тэдгээрийн хамгаалалтыг сайжруулах асуудлыг шат дараалалтайгаар хэрэгжүүлдэг.
Хүн ба шим мандал хөтөлбөрийн хүрээнд Европын шим мандлын нөөц газруудын сүлжээ, Латин Америкийн шим мандлын нөөц газруудын сүлжээ, Ази-Номхон далайн шим мандлын нөөц газруудын сүлжээ, Арабын орнуудын шим мандын нөөц газруудын сүлжээ, Зүүн Азийн шим мандлын нөөц газруудын сүлжээ гэх мэт олон сүлжээ байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.
Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээг 1995 онд үүсгэн байгуулсан бөгөөд тус сүлжээнд Монгол улсаас гадна БНХАУ, Япон, БНАСАУ, БНСУ, ОХУ, Казакстан улс багтдаг. Монгол улс энэхүү сүлжээний үйл ажиллагаанд идэвхтэй оролцон, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд ажиллаж ирсэн. Тухайлбал, Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээний ээлжит 5 дугаар хурлыг 1997 онд Богд-Хан Уулын дархан цаазат газарт, 8 дугаар хурлыг 2003 онд Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт, 10 дугаар хурлыг 2007 онд Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газарт, 13 дугаар хурлыг 2013 онд Улаанбаатар хотноо, 16 дугаар хурлыг 2022 онд Улаанбаатар хот болон Тосон-Хулстайн байгалийн нөөц газарт тус тус амжилттай зохион байгуулсан.
2025 оны 1 дүгээр сарын байдлаар Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд нийт 136 орны 759 газар бүртгэгдээд байгаа бөгөөд үүний 10 нь Монгол Улсаас бүртгэгдсэн газар нутгууд юм.