ЮНЕСКО нь Геологийн шинжлэх ухаан, геопаркууд олон улсын хөтөлбөрийг Олон улсын геологийн шинжлэх ухааны хөтөлбөр болон Дэлхийн геопаркууд хөтөлбөр гэсэн хоёр дэд хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлдэг.
Олон улсын геологийн шинжлэх ухааны хөтөлбөр нь улс орнуудын эрдэмтэн судлаачдын байгаль, хүний хоорондын харилцаа, дэлхийн эрдэс болон эрчим хүчний нөөцийг тогтоох судалгаа шинжилгээний ажлын үр дүнг нь хэвлэн нийтлэх, олон улсын уулзалт, хурал зохион байгуулах, мөн түүнчлэн судалгааныхаа арга барил, техник технологийг сайжруулах чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Тус хөтөлбөр нь 1972 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үүнээс хойш дэлхийн 150 орчим улс оронд 500 гаруй төслийг хэрэгжүүлээд байна.
Европын геопаркуудын сүлжээ (EGN) нь 2000 онд байгуулагдсан бөгөөд 2004 онд тус сүлжээний 17 геопарк БНХАУ-ын 8 геопарктай хамтран геопаркуудын дэлхийн сүлжээг (GGN) үүсгэн байгуулж байсан байна. Улмаар геопаркуудын дэлхийн сүлжээ нь 2015 онд ЮНЕСКО-ийн албан ёсны хөтөлбөр болж баталгаажсан. 2025 оны 1 дүгээр сарын байдлаар геопаркуудын дэлхийн сүлжээнд нийт 48 орны 213 газар нэгдээд байна.
Дэлхийн геопаркуудын туршлагаас харахад эдийн засгийн өсөлт бага, ажилгүйдлийн түвшин өндөр, залуучууд нь олноор гадагшаа гарч ажил хайдаг гэх мэт ижил төстэй бэрхшээл бүхий улс орнууд эдгээр асуудлаа геопаркуудын дэлхийн сүлжээнд нэгдэж, геологийн аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар шийдвэрлэж чадсан байдаг. Иймээс геопарк байгуулж геопаркуудын дэлхийн сүлжээнд нэгдэх нь манай улсын геологийн өвийн хадгалалт хамгаалалт, аялал жуулчлал, цаашлаад тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд чухал ач холбогдолтой юм.
ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь ЮНЕСКО-ийн Геологийн шинжлэх ухаан, геопаркууд олон улсын хөтөлбөрийн Нарийн бичгийн дарга нарын газар, БОАЖЯ, УУХҮЯ болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ЮНЕСКО-ийн Геологийн шинжлэх ухаан ба геопарк олон улсын хөтөлбөрийг Монгол улсад анх удаа танилцуулах зорилгоор чуулга уулзалтыг 2018 оны 6 дугаар сард зохион байгуулж энэ хүрээнд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт аялал зохион байгуулж геопарк болгон хөгжүүлэх боломжит газруудыг үзэж олон улсын мэргэжилтнүүдээс зөвлөмж авсан. Үүний зэрэгцээ, ЮНЕСКО-ийн геологийн шинжлэх ухаан болон дэлхийн геопаркууд олон улсын хөтөлбөрийн дүрэм болон ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркуудын үйл ажиллагааны удирдамж, геопаркуудын дэлхийн сүлжээнд нэр дэвшүүлэх маягт болон үнэлгээний маягт, ЮНЕСКО-ийн дэлхийн геопаркуудын сүлжээнд нэгдэхээр төлөвлөж буй газруудад бие даан үнэлгээ хийхэд зориулсан маягт (101 checklist) болон түүний тайлбар мэдээлэл (Explanatory Notes) зэрэг баримт бичгүүдийг орчуулан түгээсэн. Мөн түүнчлэн 2023 оны 1 дүгээр сард геопаркийн үндэсний хороог байгуулан ажиллаж байна. Цаашлаад ЮНЕСКО нь “Рио Тинто” ХХК хамтран “ЮНЕСКО-ийн Соёлын болон Геологийн өвөөр дамжуулан Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна.