Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Сэтгүүл зүйн ёс зүйн форум” (JEF2026) өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 17-ны өдөр “Хиймэл оюун ба сэтгүүл зүйн ёс зүйн эрсдэл” сэдвээр боллоо.
Тус форумыг Хэвлэл Мэдээллийн Зөвлөл ХБНГУ-ын Дойче Велле Академи (DWA)-тай хамтран, Европын Холбоо болон ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов.
Форумд ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан оролцож, ЮНЕСКО-ийн хиймэл оюун болон сэтгүүл зүйн ёс зүйтэй холбоотой үйл ажиллагааны талаар танилцууллаа.
Мөн ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын Харилцаа холбоо, мэдээллийн салбарын хөтөлбөрийн туслах Сюэбинг Ши үндсэн илтгэл тавьж, хиймэл оюуныг сэтгүүл зүйд хариуцлагатай, ёс зүйтэй ашиглахтай холбоотой чухал асуудлуудыг онцоллоо.
Тэрбээр:
Хиймэл оюуны үүсгэсэн мэдээллийг заавал нягтлах шаардлагатай.
Хиймэл оюуны гаргасан мэдээлэл нь баримт, нотолгоог орлохгүй.
Редакцын хариуцлага хүний гарт хэвээр үлдэнэ.
Хиймэл оюун ашигласан хэдий ч нийтлэлийн эцсийн шийдвэр, агуулгын үнэн зөв байдал, хариуцлагыг сэтгүүлч болон редактор хүлээнэ.
Хиймэл оюуныг монгол хэл, үндэсний онцлогт нийцүүлэн турших хэрэгтэй.
Редакцууд хиймэл оюуны хэрэглээтэй холбоотой тодорхой дүрэм, стандарттай болох шаардлагатай.
Хиймэл оюун нь сэтгүүлчдийн мэргэжлийн ажлыг дэмжих, мэдээлэл боловсруулах шинэ боломжийг нээж байгаа ч хүний редакцын хяналт, баримт нотолгоо, мэргэжлийн болон ёс зүйн хариуцлагыг орлох боломжгүй гэдгийг форумын үеэр онцоллоо.
Форумын үеэр судалгааны илтгэл, мэргэжлийн хэлэлцүүлэг зохион байгуулж, редакцын үйл ажиллагаанд хиймэл оюуныг хариуцлагатай ашиглахад зориулсан “Хиймэл оюуны хэрэглээний ёс зүйн жишиг зарчмууд”-ыг танилцуулсан юм.
