Мэдээ

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс болон “Нано Фэшн ХХК - Pandora Mongolia” хамтрал

ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ОЛОН САЛБАРЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

unesco

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Монголын Үндэсний комисс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах нь: алсын хараанаас бодит алхамд” сэдэвт олон талт хэлэлцүүлгийг 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдөр НҮБ-ын байранд амжилттай зохион байгууллаа.

“Нано Фэшн ХХК - Pandora Mongolia” компанийн дэмжлэгтэй зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь охид, эмэгтэйчүүдийг урамшуулах, манлайлагч эмэгтэйчүүдтэй уулзах, туршлага солилцох боломжийг бүрдүүлэхэд оршиж байв.

Тус арга хэмжээг УИХ-ын гишүүн С.Цэнгүүн болон ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Чинүүхэй нар нээж үг хэлэв. Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Чинүүхэй хэлсэн үгэндээ охид, эмэгтэйчүүдийн манлайлал, шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэхийн ач холбогдлыг онцолж, тэднийг өөртөө итгэж, мэдлэг чадвараа хөгжүүлэн нийгмийн хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулахыг уриалав.

Хэлэлцүүлэгт панелистаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Мэдээллийн технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа, хуульч, хөгжил судлал, жендэрийн шинжээч, “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг Б.Золзаяа, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Гэр бүлийн боловсрол, сургалт арга зүй хариуцсан мэргэжилтэн А.Сайханцэцэг нар оролцсон ба хэлэлцүүлгийг “ТэнГэр ТВ” -ийн тоймч Ц.Эгиймаа болон Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын Хүний эрхийн үндэсний зөвлөх Ч.Алтангэрэл нар удирдан чиглүүлэв.

Арга хэмжээнд ЮНЕСКО-гийн Холбоот сургуулиудын (ASPnet Mongolia) гишүүн сургуулиуд, Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургууль болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн нийт 40 эмэгтэй сурагч оролцож, эмэгтэйчүүдийн манлайлал, боловсрол, мэргэжил сонголт, нийгмийн оролцоо зэрэг сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. 

unescounescounescounescounescounescounescounescounescounescounescounescounesco



Дээш