ЮНЕСКО болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлдэг “Цагаан хэрэм” тэтгэлэгт хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын оюутан, судлаачдын судалгааны ажил болон боловсролын чадавхыг бэхжүүлэх, олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг дэмжих зорилготойгоор хэрэгждэг бөгөөд ЮНЕСКО-ийн гишүүн орнуудын дунд зарлагддаг хөтөлбөр юм.
Энэхүү хөтөлбөрийн 2026-2027 оны сонгон шалгаруулалтад Анагаах шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Био-анагаахын сургуулийн Анагаахын химийн тэнхимийн багш, доктор И.Туяажаргал тэнцэж, улмаар Хятадын Нанжиний (Nanjing University) их сургуульд ахлах зочин судлаачаар нэг жилийн хугацаанд ажиллахаар боллоо. Тэрээр тэтгэлгийн хүрээнд хүнд металлын бохирдол, түүнд өртөх байдал болон хүн амын эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлийг үнэлэх, мөн сэргээгдэх эрчим хүч, байгальд ээлтэй био массад суурилсан үр ашигтай, тогтвортой технологи хөгжүүлэх чиглэлээр судалгааны ажлаа гүнзгийрүүлэхээр төлөвлөөд байна.
“Цагаан хэрэм” тэтгэлэгт хөтөлбөр нь олон улсын хэмжээнд 1994 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Монгол Улсын оюутан, судлаачид тус хөтөлбөрт 2011 оноос хамрагдаж эхэлсэн юм.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт сонгогдон шалгарч судалгааны ажлаа үргэлжлүүлэх тэтгэлэг хүртсэн доктор И.Туяажаргалд судалгааны ажилд нь өндөр амжилтыг хүсье.