ЮНЕСКО-ийн Ерөнхий захирлын орлогч хатагтай Оса Регнэр 2026 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалантай уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.
Уулзалтаар боловсролын чанар, хүртээмж, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, багшийн хөгжил, дижитал шилжилтийн чиглэлээр Монгол Улсад хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцууллаа. ЮНЕСКО-ийн зүгээс Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилго 4 буюу чанартай боловсролыг хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гаргаж буйг онцлов.
Талууд мөн цахим болон хосолсон сургалтыг өргөжүүлэх, багш, суралцагчдын дижитал ур чадварыг бэхжүүлэх, нээлттэй боловсролын нөөцийг сургалтад ашиглах боломжийн талаар ярилцав.
Түүнчлэн ЮНЕСКО-д бүртгэлтэй Монголын байгаль, соёлын өвд түшиглэсэн ногоон боловсролын агуулгыг хөгжүүлж, суралцагчдад өв соёлоо танин мэдэх, хамгаалах, тогтвортой хөгжлийн үнэт зүйлсийг төлөвшүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцлээ.


