Мэдээ

ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ОСА РЕГНЕР СОЁЛЫН САЙД Ж.АЛДАРЖАВХЛАНТАЙ УУЛЗЛАА

ЮНЕСКО-ийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад хийж буй албан айлчлалынхаа хүрээнд 2026 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлантай уулзлаа.

Оса Регнер Монгол Улс UNCCD COP17-ыг зохион байгуулж буй манлайлал болон ЮНЕСКО-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож буйд талархал илэрхийлж, “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборууд”-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэнд баяр хүргэв.

Тэрээр Монголын байгаль, нүүдлийн уламжлал, соёлын өв нь тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх өндөр боломжтойг тэмдэглээд, аялал жуулчлалын бодлого, санаачилга нь нутгийн иргэдийн хэрэгцээ, уламжлал, байгаль орчныг хүндэтгэж, бодит үр өгөөжтэй байх нь чухал гэдгийг онцоллоо.

Сайд Ж.Алдаржавхлан шинээр бүртгэгдсэн өвийн хадгалалт, хамгаалалт, менежментийг сайжруулахад ЮНЕСКО-ийн мэргэжлийн дэмжлэг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг цаашид ЮНЕСКО-ийн ивээл дор зохион байгуулах сонирхлоо уламжиллаа.

Талууд соёлын өвийн менежмент, геопарк, нүүдлийн болон тогтвортой аялал жуулчлал, залуучууд, спорт, жендэрийн тэгш байдлын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.

unesco



Дээш