ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс болон Хөгжлийн Шийдэл ТББ хамтран хэрэгжүүлж буй “Хиймэл оюун, цахим ур чадвар ашиглан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулах” төслийн нээлт 2026 оны 8 дугаар сарын 12-ны өдөр боллоо.
Тус төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгчид, тэдний асран хамгаалагчид, өсвөр үеийнхэн, залуучууд, мөн багш, сурган хүмүүжүүлэгчдэд хиймэл оюун, цахим технологийг өдөр тутмын амьдрал, боловсрол, бизнес, хөдөлмөр эрхлэлтдээ үр дүнтэй ашиглах ур чадвар олгоход чиглэж байна.
Тухайлбал, бизнес эрхлэгчид хиймэл оюуныг ашиглан зах зээлээ судалж, цаг хугацаагаа хэмнэн бизнесээ хөгжүүлэх боломжтой болно. Өсвөр үеийнхэн, залуучуудад хөдөлгөөний бэрхшээлээс үл хамааран зайнаас ажиллах боломжтой, эрэлттэй мэргэжлүүдийг таниулна. Харин багш, сурган хүмүүжүүлэгчид суралцагч бүрийн хэрэгцээнд нийцсэн хүртээмжтэй сургалтын орчин бүрдүүлэх шинэ арга барилд суралцах юм.
Нээлтийн үеэр оролцогчдод сургалтын эрхийн бичиг гардуулж, төслийн үйл ажиллагаа болон сургалтын хуваарийг танилцууллаа.
Төслийн оролцогчдыг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгосон бөгөөд нийслэл болон орон нутгаас нийт 80 гаруй хүнийг хамруулж байна. Төсөл энэ оныг дуустал үргэлжлэх бөгөөд оролцогчдын санал хүсэлт, сургалтын үр дүн, бодит хэрэгцээнд үндэслэн дараагийн шатны сургалтыг боловсруулж, илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх суурь болох юм.
Хиймэл оюуны эрин үед технологийн хөгжил хэнийг ч ардаа үлдээх бус, хүн бүрд суралцах, хөгжих, хөдөлмөрлөх, бүтээх шинэ боломжийг нээх учиртай.
