ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөрийн (IPDC) Монголын үндэсний хороо 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Гадаад харилцааны яаманд шинэ бүрэлдэхүүнтэйгээр хуралдав.
Тус хороо нь ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын даргын 2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/1 дүгээр тушаалаар шинэчлэн байгуулагдсан бөгөөд өмнө нь 2016 онд шинэчлэн байгуулагдаж байсан юм. Хороо нь 2026–2028 онд төр, иргэний нийгэм, технологи, хууль эрх зүй, хэвлэл мэдээллийн салбарын төлөөллөөс бүрдсэн 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулах бөгөөд хорооны даргаар Сэтгүүл зүйн Инновац, хөгжлийн үүр төв НҮТББ-ын тэргүүн Б.Дуламхорлоо томилогдон ажиллаж байна.
ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөр (IPDC) нь хэвлэл мэдээллийн хөгжил, мэдээллийн хүртээмж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг дэмжих зорилготой Засгийн газар хоорондын хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийн хүрээнд хараат бус, олон ургальч хэвлэл мэдээллийн орчныг бэхжүүлэх, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, мэдээлэл авах эрхийг дэмжих, сэтгүүл зүйн боловсрол болон мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээрх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.
Хорооны хурлаар тус үндэсний хорооны ажиллах журам, цаашдын үйл ажиллагааны чиглэл, тэргүүлэх зорилтын талаар хэлэлцэж, хэвлэл мэдээллийн тогтвортой байдал, хиймэл оюуны нөлөө, үг хэлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрх болон хэвлэл мэдээллийн экосистемийг бэхжүүлэхтэй холбоотой асуудлаар санал солилцлоо.
Улаанбаатар хот, 2026 оны 5 дугаар сарын 20
Дэлгэрэнгүй мэдээллийг:
ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн (IPDC) Монголын үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Б.Энхбилэгээс авна уу.
И-мэйл: Enkhbileg@nestmongolia.org
Утас: 94151090
