ЮНЕСКО-гийн Зүүн Ази дахь Төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс 2026 оны 3 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Аялал жуулчлалын долоо хоног - 2026” арга хэмжээнд стратегийн түншлэгчээр оролцож байна.
Энэхүү түншлэлийн хүрээнд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Чинүүхэй “Тогтвортой аялал жуулчлалын хөгжүүлэхэд ЮНЕСКО-гийн үүрэг оролцоо” сэдвээр танилцуулга хийж, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих ЮНЕСКО-гийн үзэл баримтлал, хөтөлбөр, үйл ажиллагааны талаар мэдээлсэн бол ЮНЕСКО-гийн Зүүн Ази дахь Төлөөлөгчийн газрын Төсөл ба түншлэл хариуцсан мэргэжилтэн Б.Болорчимэг ЮНЕСКО болон Рио Тинто Монгол компанийн хамтран хэрэгжүүлж буй “Соёлын болон геологийн өвөөр дамжуулан Монгол Улс дахь тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” төслийн хүрээнд Өмнөговь аймагт байгуулахаар зорин ажиллаж буй Өмнийн говийн геопаркийн талаар танилцуулж, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд соёлын биет болон биет бус өвүүдийг хадгалж хамгаалах, түүний ач холбогдол, судалгааны талаар мэдээлэв.
Мөн Соёлын өвийн үндэсний төвийн захирал, доктор Г.Энхбат “Соёлын аялал жуулчлал, биет ба биет бус өв” сэдвээр, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төвийн тэргүүн, доктор Д.Гансүх “Тогтвортой аялал жуулчлал-Нүүдлийн соёлыг өвийг хадгалан хөгжүүлэх сорилт” сэдвээр тус тус илтгэл танилцуулж, Монголын нүүдлийн ахуй соёлыг хамгаалах замаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, тулгамдаж буй сорилт, бэрхшээл, хөгжүүлэх арга замын талаар мэдээлэл өгөв.
Аялал жуулчлалын долоо хоногт оролцож буй оролцогчдод ЮНЕСКО-гийн төсөл, хөтөлбөрүүдээр дамжуулан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж болох талаар мэдээлэл өгөхийн сацуу манай улсад анх удаа байгуулагдах орон нутгийн иргэдийн оролцоотой геологийн, байгалийн болон соёлын өвийг сурталчлан таниулах замаар тогтвортой аялал жуулчлалыг дэмжин хөгжүүлэх шинэ боломж бүхий геопаркийн төслийг танилцуулж, аялал жуулчлал эрхлэгчид, тур операторууд болон аялал жуулчлалын салбарт оролцогчдын анхаарлыг энэхүү шинэ боломжид чиглүүлэхийг зорьж хамтран ажиллахыг уриалав.
Энэ ташрамд Монгол Улс Өмнөговь болон Дорноговь аймагт геологи, палеонтологи болон соёлын өвийг нэгтгэсэн анхны ЮНЕСКО-гийн Дэлхийн геопарк байгуулах чиглэлээр ажиллаж байна. 2015 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн геопаркуудын хөтөлбөрийг баталснаас хойш Монгол Улс чадавхаа бэхжүүлэх, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх, институцийн хөгжлийг дэмжих арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд үүнд 2018 оны үндэсний чадавх бэхжүүлэх семинар, ЮНЕСКО-гийн Дэлхийн геопаркуудын удирдамжийг монгол хэлнээ орчуулж түгээсэн ажил, 2023 онд Үндэсний геопаркуудын хороо байгуулсан зэрэг чухал үе шат багтана. Мөн 2024 оноос ЮНЕСКО-гийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газар, Рио Тинто Монгол компанийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Монгол Улсад соёлын болон гео өвд тулгуурласан тогтвортой аялал жуулчлалыг дэмжих нь” хамтарсан төсөл нь уг геопарк байгуулах техникийн бэлтгэл ажлыг улам ахиулж байна.
ЮНЕСКО-ГИЙН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КОМИСС
2026 оны 3 дугаар сарын 11