НИЙГЭМ БА ХҮМҮҮНЛЭГИЙН ШИНЖЛЭХ УХААН

Байгалийн болон соёлын өвийг хамгаалах, таниулан сурталчлах, хойч үедээ үлдээх зорилгоор 1972 онд Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг батлан хэрэгжүүлж эхэлсэн билээ. 2024 оны байдлаар 167 улсын нийт 1199 байгалийн болон соёлын өв Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байна. Үүнээс 933 нь соёлын, 227 нь байгалийн, 39 нь хосолмол өв юм. 

Монгол улс Дэлхийн өвийн конвенцод 1990 онд нэгдэн орж 1996 онд анх Дэлхийн өвд бүртгүүлж болох Монголын байгалийн болон соёлын өвийн Урьдчилсан жагсаалтыг боловсруулж, Дэлхийн өвийн төвд хүргүүлж байсан.

2004 онд Монголын байгалийн болон соёлын өвийг Дэлхийн өвд бүртгүүлэх, Урьдчилсан жагсаалтад оруулах, Дэлхийн өвд бүртгүүлсэн өвийн болон конвенцын тайлан илтгэлийг бичих, конвенцын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Дэлхийн өвийн үндэсний хороог соёлын болон байгаль хамгааллын зүтгэлтэн, мэргэжилтэн, эрдэмтдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад оруулсан өвөөс дэлхийн өвд бүртгүүлэх боломж нээгддэг. 2015 онд шинэчилсэн байдлаар Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад Монгол улсаас нийт 11 газар байна. Үүнд:

Соёлын ангиллаар:

  1. Амарбаясгалант хийд, түүнийг хүрээлсэн тахилгат, соёлын дурсгалт газар
  2. Хөдөө арал дахь археологийн дурсгал, түүнийг хүрээлсэн соёлын дурсгалт газар
  3. Балдан Бэрээвэн хийд, түүнтэй холбогдох тахилгат газар нутаг
  4. Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор
  5. Монголын говь дахь хадны зургийн цогцолбор
  6. Тахилгат Биндэр уул, түүнтэй холбогдох соёлын дурсгалт газар
  7. Монголын тахилгат уулс

Байгалийн ангиллаар:

       8. Монголын говь дахь Цэрдийн галавын үлэг гүрвэлийн өлгий нутаг

  1. Монголын Их говийн цөл нутаг
  2.  Дорнод Монголын тал нутаг.

 Хосолмол ангиллаар:

      11.Монгол Алтайн өндөр уулс

Монгол улсаас Дэлхийн өвийн жагсаалтад 2024 оны байдлаар дараах зургаан өв бүртгэгдсэн. Үүнд:

Байгалийн ангиллаар:

  • Увс нуурын ай сав газар (2003 он)
  • Дагуурын ландшафт (2017 он)

Соёлын ангиллаар:

  • Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (2004 он)
  • Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор (2011 он)
  • Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг (2015 он)
  • Буган хөшөө бүхий хүрлийн үеийн цогцолбор (2023)

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн Монголын таван өвийг хадгалж хамгаалах, боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх, тухайн орон нутгийн оршин суугчдын оролцоог нэмэгдүүлэх зэрэг бусад олон чиглэлээр холбогдох яам, байгууллагатай хамтран төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаа хэрэгжүүлсээр ирлээ. Тухайлбал: “Хил дамнасан Дэлхийн өвийг хадгалж хамгаалах хамтын ажиллагааг дэмжих нь” бүсийн зөвлөлдөх уулзалт, “Дэлхийн өв – Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын үнэт зүйлсийг цогцоор нь хамгаалах менежментийн төлөвлөгөөг боловсронгуй болгох, Дэлхийн өв – Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргааны үүрэг” үндэсний семинар, зохион байгуулж байв. Мөн Дэлхийн өвийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, улмаар түүнийг хадгалж хамгаалахад залуучуудыг татан оролцуулах зорилго бүхий ЮНЕСКО-ийн “Дэлхийн өв залуучуудын гарт” сурах бичгийг англи хэлнээс хөрвүүлэн хэвлэж,  Дэлхийн өвийн боловсролын эх суурийг тавьсан бөгөөд 2016-2017 онд ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газартай хамтран “Богцон дахь соёлын өв” төслийг хэрэгжүүлж, уг төслийн хүрээнд хүүхэд залуучуудын мэдлэгийг Дэлхийн өвийн боловсролоор дамжуулан нэмэгдүүлэх сургалтуудыг явуулсан.

1995-1998 онд “Монголын эртний нийслэл Хархорум хотын туурийг хадгалан хамгаалах нь” төслийг ЮНЕСКО-ийн ивээл дор Японы Засгийн газрын санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд эртний Хархорум хотын туурийн байршлын зургийг 1:1000, 1:1500 хэмжээтэй хийж, археологийн бага хэмжээний судалгаагаар хотын туурь, хэрмийн хэмжээ, хязгаар, барилга байшин, гудамжнуудын байрлалыг тогтоож, хайгуулын судалгаагаар Хархорум хотын орчимд байх зарим дурсгалт газруудыг тодруулснаас гадна Хархорум хотын хамгаалалтын хоёр бүсийг тогтоож, хамгаалалтын хашаа барьсан.

2006-2008 oнд ЮНЕСКО-ийн Оролцох хөтөлбөрийн хүрээнд Монголын Соёлын өвийн төвтэй хамтран “Монгол нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл мэдээллийн санг сайжруулах нь” төсөл хэрэгжүүлж, хээрийн судалгааны мэргэжлийн баг 6800 км зам туулж, 55 дурсгалт газрын 1000 гаруй дурсгалт зүйлийн бүртгэл судалгаа, мэдээллийг стандартын дагуу шинэчлэн, 27 дурсгалыг шинээр бүртгэв.

2008 онд “Монгол нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалт” үндэсний семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан нь Монгол нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын байдал, цаашдын зорилтыг тодорхойлоход чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болсон юм. Тус семинарт оролцогчид Монгол нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтын асуудлаар Монгол Улсын Их хурал, Засгийн газарт хандан 12 зүйл бүхий зөвлөмж гарган, түүнийг ажил хэрэг болгох талаар холбогдох байгууллагууд тууштай ажиллах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн.

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хадгалж хамгаалах хөтөлбөрийн хүрээнд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь Монакогийн Итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр БСШУСЯ, Соёлын өвийн төвтэй хамтран Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших Майхан толгойн Шороон бумбагарын археологийн дурсгалт газрыг түшиглэн “Майхан толгойн Шороон бумбагарын археологийн дурсгалт газрыг хадгалах, хамгаалах, тогтвортой менежментийг бий болгоход боловсон хүчнийг чадавхжуулах, олон нийтийн ухамсрыг нэмэгдүүлэх” төслийг 2015-2019 онуудад хэрэгжүүлэв.

ЮНЕСКО-ийн 2010-2011 оны Оролцох хөтөлбөрийн хүрээнд “Монголын Дархан цаазат Бурхан Халдун, Отгонтэнгэр, Богд хан уулын байгаль, соёлын өвийг хамгаалах хэрэгцээ шаардлагын талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх нь” төслийг хэрэгжүүлж, гурван аймгийн 13 суманд судалгаа явуулж, фото зураг, соронзон ба дүрс бичлэг хийж, ном, фото цомог бэлтгэж, олон нийтэд түгээн сурталчилсан.

Мөн 2018-2019 оны тус хөтөлбөрийн хүрээнд Монгол улсаас бүртгэгдсэн таван газар нутагт Дэлхийн өвийн хөдөлгөөнт сургалтыг зохион байгуулж гарын авлагуудыг бэлтгэн гаргав.

2008 онд Дэлхийн өвийн хорооны зөвлөх байгууллагуудын нэг болох Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөлийн (ICOMOS) Монголын үндэсний хороог анх байгуулсан. Монголын үндэсний хорооны тэргүүнээр Н.Уртнасан ажиллаж байна. Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөл нь 1965 онд байгуулагдсан, Парис хотод төвтэй, олон улсын, төрийн бус байгууллага юм.

Манай улс 2003 онд Засгийн газар хоорондын байгууллага болох Соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах олон улсын судалгааны төв (ICCROM)-д элсэн орсон билээ. Тус төвд элсэн орсноор соёлын эд зүйлс болон соёл, археологийн дурсгалт газар, хөшөө дурсгалуудыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах талаар олон улсын хамтын нийгэмлэгтэй  өргөн хүрээнд хамтран ажиллах боломж нээгдсэн юм.

Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцыг 2003 онд ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 32 дугаар чуулганаар баталж, Монгол улс 2005 оны 6 дугаар сарын 29-нд нэгдэн орсон. 2020 оны 7 дугаар сарын байдлаар тус конвенцод 179 орон нэгдэж орсон байна.

Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцыг 2003 онд баталсан нь даяарчлалын орчин үеийн үйл явцаас үүдэн соёлын биет бус өвд тулгараад буй аюул эрсдэлийг даван туулах, нэгдэн шийдвэрлэх алхам болсон юм.

Уг конвенцын 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлохдоо “Соёлын биет бус өв гэж хамт олон, бүлэг хүмүүс, зарим тохиолдолд хувь хүмүүс соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн заншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, мэдлэг болон дадал, эдгээртэй холбоо бүхий багаж зэмсэг, эд зүйл, урлагийн бүтээл, соёлын орон зайг хэлнэ. Үеэс үед уламжлагдах соёлын биет бус өвийг хамт олон, бүлэг хүмүүс нь тэдгээрийг хүрээлэн буй орчин, байгаль, түүхийн харилцан шүтэлцээнээс шалтгаалан байнга шинэчилдэг бөгөөд тухайн өв нь тэдгээрт оршин тогтнох болон залгамж чанарын мэдрэмж төрүүлж, соёлын төрөл зүйл, хүний туурвилыг хүндэтгэхэд дэмжлэг үзүүлдэг. Энэхүү конвенцын зорилгод олон улсын хүний эрхийн зөвхөн одоо мөрдөж буй баримт бичиг болон хамт олон, бүлэг, хувь хүмүүсийн хоорондын харилцан хүндэтгэл, мөн тогтвортой хөгжлийн шаардлагуудад нийцсэн соёлын биет бус өвийг авч үзнэ” гэжээ.

Үндэснийхээ соёлын биет бус өв (СББӨ)-ийг ЮНЕСКО-д бүртгүүлж баталгаажуулна гэдэг нь тухайн улс үндэстний нэр төрийн хэрэг бөгөөд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн хүндтэй үүрэг хариуцлага юм. Тухайн өвийг орон нутаг, улс үндэстэн, олон улсын түвшинд танин мэдүүлж, хадгалж хамгаалах, сэргээн амилуулах, түгээн дэлгэрүүлэх явдал хамгийн чухал. Иймд соёлын өвөө бүртгүүлсэн улс орон илүү их идэвх санаачилгатай ажиллах хэрэгтэй болдог.

Соёлын биет бус өвийн нэг өвөрмөц онцлог бол түүний байнга хувьсан өөрчлөгдөж, үргэлжилж байдаг чанар юм. Тухайн өв нь газарзүйн өргөн уудам нутагт оршин байж болох бөгөөд тухайн бүлэг хүмүүст тохиолдож болох олон янзын нөхцөл байдалд дасан зохицож амьдрах чадвартай байдаг аж. Энэ утгаар конвенцийн дагуу бий болгосон Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт; Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалт; Хадгалалт хамгаалалтын шилдэг туршлагын бүртгэл; гэсэн гурван жагсаалтад хамтран нэр дэвшүүлэхийг оролцогч улсуудад ЮНЕСКО уриалан дэмжиж байгаа билээ.

2024 оны байдлаар ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт болон Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад нийт 788 өвийг бүртгээд байна.

Манай улс 2008 оноос хойш Соёлын биет бус өвийн конвенцийн Яаралтай хамгаалах шаардлагатай болон Төлөөллийн жагсаалтад:

  1. Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг (2008)
  2. Монгол ардын уртын дуу (2008)
  3. Монгол бий биелгээ, уламжлалт бүжгийн урлаг (2009)
  4. Монгол тууль (2009)
  5. Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг (2009)
  6. Монголын уламжлалт Хөөмэйн урлаг (2010)
  7. Шувуучлахуй буюу Бүргэдээр ан хийх зан үйл (Ази, Европ, Арабын 18 улстай хамтран) (2010)
  8. Монгол баяр наадам (2010)
  9. Монгол лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил – битүү амьсгаа (2011)
  10. Монгол уран бичлэг (2013)
  11. Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл (2013)
  12. Монгол шагайн харваа (2014)
  13. Ботго авахуулах зан үйл (2015)
  14. Уул овоо тахих Монгол зан үйл (2017)
  15. Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл (2019)
  16. Наурызын баяр (2024)
  17. Монгол нүүдлийн зан үйл (2024)

гэх нийт 17 өвийг бүртгүүлсэн юм.

Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцыг Монгол улсад хэрэгжүүлэх үүднээс ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын зохион байгуулсан арга хэмжээнүүдийн нэг бол Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёлын өвийн төв, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнтэй хамтран 2013 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Төв Азийн тууль II”  олон улсын симпозиум, их наадам юм. Тус симпозиум, их наадамд Монгол, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Якут /Саха/,  БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орон болон Өвөр Монголын өөртөө засах орон, АНУ, БНСУ, Казакстан, Киргизстан, Тажикстан, Конго зэрэг 15 орны 100 гаруй эрдэмтэн судлаачид, авьяастнууд оролцов.

ЮНЕСКО анх байгуулагдсан цагаасаа эхлэн ард түмнүүдийн уламжлалт соёл, дуу хөгжим, аман зохиол, язгуур урлаг, ёс заншил, хөгжмийн зэмсгийг хамгаалахад ихээхэн хүчин чармайлт гаргасаар ирсэн билээ. 1949 онд ЮНЕСКО “Олон улсын хөгжмийн зөвлөл” байгуулж, 1961 оноос ардын уламжлалт дуу хөгжмийн пянзны цуглуулга хийж эхэлсэн бөгөөд энэ ажлын хүрээнд 1966-1967 онд Монголын ардын дуу хөгжмийн хоёр пянз хийлгэсэн нь Монголын ард түмний соёлын биет бус өвийг хамгаалах анхны алхам болсон юм.

ЮНЕСКО-ийн тусламжтайгаар Азийн орнуудын дуу хөгжмийн “VII индэр симпозиум болон фестиваль”-ийг Улаанбаатар хотноо 1985 оны 9 дүгээр сарын 7-14-нд Олон улсын хөгжмийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж байжээ. Энэ арга хэмжээнд Азийн найман улсаас гадна Англи, Болгар, Франц, Шведийн хөгжим судлаачид оролцсон байна.

Монгол улс 1999 онд “Төв Азийн баатарлаг туульс” гэсэн симпозиум-их наадмыг зохион байгуулж, 10 гаруй орны 120 гаруй авьяастан, эрдэмтэн, судлаач нар оролцсон. Энэ үеэр “Монголын утга соёлын өвийн төв” албан ёсоор байгуулагдаж, “Монголын аман өвийг дүрс болон дуугаар баримтжуулах нь” төслийг ЮНЕСКО-ийн тусламжаар хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэ төслийн хүрээнд 2-3 жилийн хугацаанд нийт 60 гаруй мянган километр зам туулж, 16 аймаг, нийслэл хотын 480 ардын авьяастны урын санг багтаасан 220 цагийн дүрс, 87 цагийн дууны бичлэг хийж бүртгэл мэдээллийн санд авсан юм. Түүнчлэн ардын уламжлалт ёс заншил, аман өвийн холбогдолтой баримтат кино хийснээс гадна ЮНЕСКО-ийн төслөөр 2013-2016 онд хэрэгжсэн “Монгол туулийг хадгалан хамгаалах” төслийн хүрээнд “Монгол тууль” 12 боть ном нийтлэгдсэн болно.

Дээр дурдсан үйл ажиллагаануудаас гадна ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь 2012-2020 оны хооронд Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцыг Монгол улсад хэрэгжүүлэх үүднээс “Япон улсын Итгэлцлийн сан”, БНСУ дахь ЮНЕСКО-ийн 2 дугаар зэрэглэлийн Соёлын биет бус өвийн мэдээлэл солилцооны Ази-Номхон Далайн төв (ICHCAP), БНХАУ дахь ЮНЕСКО-ийн 2 дугаар зэрэглэлийн Ази, Номхон далайн бүсийн Соёлын биет бус өвийн олон улсын сургалтын төв, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар  зэрэг олон улсын байгууллагууд, Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Соёлын өвийн төв зэрэг үндэсний байгууллагуудтай хамтран “Конвенцын хэрэгжүүлэлт болон хамт олонд түшиглэсэн соёлын биет бус өвийн бүртгэл” сургалт, “СББӨ-ийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг хэрэгжүүлэхэд Монгол улсын чадавхыг бэхжүүлэх нь” сургалт, “СББӨ-ийн хадгалалт, хамгаалалтын төлөвлөгөө сургалт, “Зүүн хойд Азид Соёлын биет бус өвийн хадгалалт, хамгаалалтын талаар мэдээлэл солилцох, мэдээллийн сүлжээг өргөжүүлэх нь” сэдвээр ээлжит уулзалт семинар, “Соёлын биет бус өв боловсролд: Албан ба албан бус боловсролоор дамжуулан соёлын биет бус өвийг хөхиүлэн дэмжих хамтын ажиллагаа” сэдэвт соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах Зүүн хойд Азийн бүс нутгийн хурал зэрэг арга хэмжээнүүдийг тус тус зохион байгуулсан.

Эдгээр сургалт семинарыг олон улсын экспертүүд удирдан явуулж, үндэсний соёл, урлагийн байгууллагуудын мэргэжилтнүүд, төрийн бус байгууллага, өвлөн уламжлагч, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ажилтнуудад Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцтой холбоотой олон улсын эрх зүйн баримт бичиг, олон төрлийн бүтцийг танилцуулан, тэдгээрийг хэрхэн ашигтайгаар хэрэглэх, онолын болон практик хичээлүүдийг зааж, соёлын биет бус өвийг хэрхэн үр дүнтэй хадгалж, хамгаалах тухай ойлголт, мэдээллийг өгсөн юм.

2014 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Парис хотноо хуралдсан Соёлын биет бус өвийн конвенцын гишүүн орнуудын Ерөнхий ассамблейн үеэр болсон Засгийн газар хоорондын хорооны сонгуульд Монгол улс нэрээ дэвшүүлэн өрсөлдөж, сонгогдсон билээ. Засгийн газар хоорондын хороо нь нийт 24 гишүүнээс бүрдэх бөгөөд манай улс 2018 оныг хүртэл ажиллав. Хороо нь гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн өвийг бүртгэх, биет бус өвийг хамгаалах, хадгалах зорилгоор улс орнуудад олон улсын санхүүгийн тусламж үзүүлэх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, соёлын биет бус өвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах ТББ-уудыг томилж эрх олгох зэрэг Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн зорилго, үзэл санааг хэрэгжүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг.

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь ЮНЕСКО-ийн гишүүн орнууд төдийгүй дэлхий дахинд монголынхоо соёлын өвийг танилцуулах, сурталчлах боломж, бололцоо бүрийг алдалгүй ашиглахыг чармайдаг билээ. Тухайлбал, 2011 онд ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 36 дугаар чуулганы нээлтийн арга хэмжээний хүрээнд ЮНЕСКО-ийн Төв байранд морин хуур, уртын дуу, бий биелгээ, хөөмэй зэрэг монгол үндэстний язгуур соёлын хэв төрх, өвөрмөц онцлогийг илэрхийлсэн “Хөх тэнгэрийн эгшиглэн” нэртэй урлагийн тоглолтыг зохион байгуулж нийт 1300 гаруй үзэгчдийн сонорыг мялаасан. Урлагийн тоглолтыг нээж ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Ирина Бокова, БСШУ-ын сайд Ё.Отгонбаяр нар үг хэлж, монголын язгуур урлагийн арвин их өвийг онцолсон билээ.

Мөн 2012 онд ЮНЕСКО-ийн Төв байранд болсон ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын гишүүн орнуудын Ерөнхий ассамблейн ээлжит 4 дүгээр чуулганы нээлтийн үеэр Монгол улс ЮНЕСКО-д элссэний 50 жилийн ойг тохиолдуулан “Монгол хувцасны нууц товчоон” хэмээх монгол дээлний загварын тоглолтыг Монгол Костьюмс ХХК, Парис дахь Монгол улсын ЭСЯ-тай хамтран ЮНЕСКО-ийн МҮК зохион байгуулсан юм. Эдгээр үйл ажиллагаа нь монголын соёлыг дэлхийд сурталчлахаас гадна ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн жагсаалтад шинээр соёлын биет бус өвөө бүртгүүлэхэд чухал нөлөө үзүүлэв.

ЮНЕСКО нь Хүн ба шим мандал (ХБШМ) хөтөлбөрийг 1971 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд байгалийн ба нийгмийн шинжлэх ухааныг эдийн засаг, боловсрол, чадавхийг бэхжүүлэх асуудалтай холбон биологийн төрөл зүйл болон байгалийн нөөцийг хадгалан хамгаалах, тэдгээрийн тогтвортой хэрэглээг дэмжиж ирсэн.  

Тус хөтөлбөр нь шим мандлын нөөц газруудаараа дамжуулан аливаа газар нутгийг хамгаалахдаа түүний ойр орчимд амьдарч байгаа нутгийн иргэдийн нийгэм - эдийн засаг, соёлын хэрэгцээ шаардлага, онцлогийг нь харгалзан асуудлыг хамтатган шийдвэрлэх зорилготой.

Мөн үндэсний төдийгүй дэлхийн болон бүс нутгийн экологийн тэнцлийг хангахад чухал нөлөө бүхий байгаль, түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий газруудыг Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд хамруулж, тэдгээрийн хамгаалалтыг сайжруулах асуудлыг шат дараалалтайгаар хэрэгжүүлдэг. 

2025 оны 10 дугаар сарын байдлаар Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд нийт 136 орны 759 газар бүртгэгдээд байгаа бөгөөд үүний 12 нь Монгол Улсаас бүртгэгдсэн газар нутгууд юм.


Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн газрууд

ЮНЕСКО нь дэлхийд алдартай Лореал корпорацитай хамтран шинжлэх ухааны салбарт онцгой амжилт гаргасан эмэгтэй эрдэмтдийг жил бүр алдаршуулж “Лореал-ЮНЕСКО” шагналыг нэг эмэгтэй эрдэмтэнд олгодог. Энэхүү шагналыг 100,000 ам.доллар дагалддаг. Тус шагналд нэр дэвшигчид нь  шинжлэх ухааны хөгжил дэвшилд гарамгай хувь нэмэр оруулсан, шинжлэх ухааны аль нэг салбарын хөгжилд тодорхой үр нөлөөг үзүүлж, өөрийн ур чадвараар олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, шинжлэх ухааны боловсролыг сайжруулахад бодит хувь нэмэр оруулсан байх шаардлагатай.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авах боломжтой: https://www.forwomeninscience.com/

 

 

ЮНЕСКО нь Лореал корпорацитай хамтран шинжлэх ухааны салбарт судалгаа шинжилгээ хийж, гарамгай амжилт гаргасан 15 залуу эмэгтэй эрдэмтэнд “ЮНЕСКО-Лореал” тэтгэмжит шагналыг жил бүр олгодог. 40,000 хүртэлх ам.долларын тэтгэмж бүхий энэхүү шагналын гол зорилго нь шинжлэх ухааны салбарт судалгаа хийж байгаа, ирээдүйтэй залуу эмэгтэй эрдэмтэн, судлаачдыг бусад улсад суралцах, судалгаа хийх боломжийг олгох зоилготой бөгөөд уг тэтгэлэгт шагнал нь шилдэг судлаачийн судалгаа, шинжилгээний ажилд шаардагдах зардал, сургалтын тэтгэлгийг ивээн тэтгэх хэлбэрээр олгодог.

Шагналд нэр дэвшигчдийн материалыг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хүлээн авч ЮНЕСКО-д хүргүүлдэг бөгөөд нэр дэвшигчдийг суралцаж байсан үр дүн, хийж буй судалгааны ажлын цар хvрээ, цаашдын ирээдүй, эрдэм шинжилгээний ажлын тодорхойлолт гэх зэрэг олон үзүүлэлтээр олон улсын хэмжээнд шалгаруулдаг.

 Энэхүү шагналыг Монгол улсаас 2008 онд ИБУИНВУ-ын Ноттенгэймийн их сургуулийн докторант Д.Наранжаргал, 2012 онд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн судлаач, их эмч Д.Энхмаа нар хүртэж байсан.

 Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авах боломжтой: https://www.forwomeninscience.com/

 

ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн газруудыг удирдан, үйл ажиллагааг нь зохистой явуулахад бодит хувь нэмэр оруулж онцгой амжилт гаргасан удирдах ажилтны ур чадварыг үнэлэн урамшуулах зорилгоор Мишел Батисс шагналыг хоёр жил тутамд олгодог. Энэхүү олон улсын шагнал нь ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн хуралд оролцох эрх болон 12,000 ам.долларын мөнгөн шагналыг хамарна.

Энэхүү шагналыг Монгол улсаас 2015 онд Хустайн нурууны шим мандлын нөөц газрын захирал асан Н.Банди хүртэж байсан. Хустайн нурууны шим мандлын нөөц газар нь улсын төсвөөс санхүүжилт авахгүйгээр аялал жуулчлалын орлогоороо санхүүждэг ашгийн бус, төрийн бус байгууллага юм. Дэлхийд дээр үлдсэн цорын ганц зэрлэг адууны төрөл болох тахийг сэргээн нутагшуулахын зэрэгцээ бүс нутаг, олон улсын хэмжээнд нэн ховордсон олон зүйлийн амьтан, ургамлыг бүхэлд нь хамгаалж ажилладаг. Мөн нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлж, орон нутгийн иргэдийг төрөл бүрийн сургалтад хамруулах замаар тэдний орлогыг нэмэгдүүлэн, амьжиргааг нь сайжруулахад анхаарал тавьж ажилладаг менежмент сайтай, үлгэр жишээ шим мандлын нөөц газар юм.

Шагналын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авах боломжтой:

https://www.unesco.org/en/mab/michel-batisse

 

ЮНЕСКО нь Хүн ба шим мандал хөтөлбөрийн “Залуу эрдэмтэн” шагналыг залуу эрдэмтэн судлаачдын экосистем, байгалийн баялаг, биологийн төрөл зүйлийг судлах судалгааны ажлыг дэмжих зорилгоор 1989 оноос эхлэн олгох болсон. 5,000 хүртэлх ам.долларын мөнгөн шагнал нь залуу эрдэмтэн судлаачдын судалгаа шинжилгээний ажилд дэмжлэг үзүүлэх, мэдээлэл солилцоог сайжруулах, аливаа нэг шим мандлын нөөц газарт ажиллаж, судалгааны ажил хийж буй залуу эрдэмтдийг гадаадын болон үндэсний шим мандлын нөөц газарт харьцуулсан судалгаа хийхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авах боломжтой:

https://www.unesco.org/en/mab/young-scientists

ЮНЕСКО нь олон нийтэд шинжлэх ухаан, судалгаа, технологийг тайлбарлан таниулж түгээн дэлгэрүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан хувь хүмүүсийг сайшаан урамшуулах зорилгоор ЮНЕСКО Калинга шагналыг хоёр жил тутамд олгодог. Альберт Эйнштейний нэрэмжит мөнгөн медаль болон 20,000 америк доллар дагалдах энэхүү шагналыг өнөөдрийн байдлаар 24 орны 67 иргэн хүртсэн байна.

Энэхүү шагналд нэр дэвшигч нь ард түмний аж амьдралыг сайжруулах, улс орны соёлын өвийг дэлгэрүүлэх, хүн төрөлхтөнд тулгарсан бэрхшээлийг шийдвэрлэхэд шинжлэх ухаан, технологи ба ерөнхий судалгааны гүйцэтгэх үүргийн талаар мэдлэгтэй, олон нийтэд шинжлэх ухаан, судалгаа, технологийг тайлбарлан таниулж, түгээн дэлгэрүүлэхэд ажил амьдралаа зориулсан зохиолч, редактор, багш, радио, телевизийн захирал, кино үйлдвэрлэгч зэрэг байж болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авах боломжтой:

https://www.unesco.org/en/prizes/popularization-science?hub=67581

Шим мандлын нөөц газруудын 10 гаруй бүс нутгийн сүлжээ дэлхий дахинд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүний нэг нь Ази, Номхон далайн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээ юм. Энэхүү сүлжээ нь Ази, Номхон далайн орнуудын шим мандлын нөөц газруудын харилцаа холбоог дэмжин хөгжүүлэх зорилготой бөгөөд жилд нэг удаа хуралдаж тайлан, төлөвлөгөөгөө хэлэлцдэг.

Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээ нь 1994 онд байгуулагдсан. Тус сүлжээнд Хятад, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Монгол, Япон, Казакстан, Оросын Холбооны Улс зэрэг нийт 7 орон нэгдээд байна. Энэхүү сүлжээ нь хоёр жил тутам хуралдаж гишүүн орнуудын үндэсний хороод нь ажлаа тайлагнаж, харилцан туршлага, санал бодлоо солилцдог.

ЮНЕСКО нь их, дээд сургуулиудын хооронд мэдлэг солилцох олон улсын сүлжээг бий болгох зорилгоор 1992 оноос эхлэн их, дээд сургуулийн хамтын ажиллагааны сүлжээ буюу ЮНИТВИН хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус хөтөлбөрийнхөө хүрээнд ЮНЕСКО-ийн тэнхимүүдийг байгуулан ажиллах боломжийг гишүүн орнууддаа олгодог. ЮНЕСКО нь тэнхимүүдээрээ дамжуулан ЮНЕСКО-ийн зорилго, зорилтууд, үйл ажиллагааны талаарх мэдлэг, ойлголтыг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын дунд нэмэгдүүлж, тэдэнтэй хамтран ажиллах зорилготой юм. 2020 оны 10-р сарын байдлаар дэлхийн 114 оронд нийт 811 ЮНЕСКО-ийн тэнхим байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол улс анх удаа 2007 онд Газрын доорх усны тогтвортой менежментийн ЮНЕСКО-ийн тэнхимийг ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн дээр байгуулсан. Харин 2020 оны 5-р сард тус хүрээлэн дээр дахин нэг ЮНЕСКОийн тэнхим байгуулагдан Зүүн Төв Азийн Хүрээлэн буй орчны шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлээд байна.

Энэхүү Зүүн Төв Азийн Хүрээлэн буй орчны шинжлэх ухааны ЮНЕСКОийн тэнхим нь ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөр, Олон улсын ус зүйн хөтөлбөр, Дэлхийн геопаркууд хөтөлбөр, Дэлхийн өвийн конвенц гэх мэт ЮНЕСКО-ийн байгаль орчны салбарын конвенц, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд холбогдох үндэсний, бүс нутгийн болон олон улсын байгууллагууд, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, ТХЗ-ууд болон бусад олон улсын баримт бичгүүдийн хэрэгжилтэд хувь нэмэр оруулах юм.

Тус тэнхимийн эрхлэгчээр ШУА-ийн геоэкологийн хүрээлэнгийн доктор Михайл Вальтер ажиллахаар томилогдсон бөгөөд Төв Ази, тэр дундаа Монгол улсад уур амьсгалын судалгаа, хөрс, ус, агаар, геоморфологийн чиглэлээр 20 гаруй жил эрдэм шинжилгээний ажил хийсэн туршлагатай. Тэрээр өнгөрсөн хугацаанд Монгол улсын ШУА болон их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, хүрээлэн буй орчны судалгааны чиглэлээр хэд хэдэн төслийг амжилттай удирдаж хэрэгжүүлсэн. Одоо Алматы хот дахь Герман-Казахстаны их сургуульд “Усны нөөцийн нэгдсэн менежмент”-ийн чиглэлээр багшилдаг болно.

Олон улсын суурь шинжлэх ухааны хөтөлбөр (ОУСШУХ) нь ЮНЕСКO-ийн гишүүн орнуудын санаачилгаар үүсгэн байгуулагдсан олон улсын салбар хоорондын хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь засгийн газар хоорондын болон шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, үндэсний суурь шинжлэх ухаан ба шинжлэх ухааны боловсролын чадавхыг сайжруулах явдал юм. Тус хөтөлбөр нь суурь шинжлэх ухааны салбарт манлайлж буй үндэсний, бүсийн болон олон улсын төвүүдийн сүлжээг оролцуулан бүс нутгийн онцлогт тохирсон үйл ажиллагааг явуулахад гол анхаарлаа хандуулдаг. Хойд-Өмнөдийн болон Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааг дэмжих нь энэхүү Олон улсын суурь шинжлэх ухааны хөтөлбөрийн стратегийн гол үндэс бөгөөд уг ажлыг Дэлхийн шинжлэх ухааны академи, Олон улсын шинжлэх ухааны зөвлөлийн шинжлэх ухааны холбоод, Европын цөмийн судалгааны байгууллага, бусад шинжлэх ухааны төвүүд, олон улсын засгийн газар хоорондын болон төрийн бус байгууллагууд хамтран гүйцэтгэж байна.

ОУСШУХ нь 2005 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үүнээс хойш 40 гаруй төслийг хэрэгжүүлээд байна. Эдгээр төсөл нь сонгосон газруудад физик ба биологийн шинжлэх ухааны салбарын чадавхыг сайжруулахад гол анхаарлаа хандуулсан. Мөн ерөнхий боловсролын сургууль болон дээд боловсролын хүрээлэнгүүдийн түвшинд суурь шинжлэх ухааны мэргэжлийн сургалтад микро шинжлэх ухааны багцуудыг ашиглах замаар шинжлэх ухааны боловсролын салбарын  туршилтын ажлыг дэмжин хөгжүүлдэг.

Олон улсын ус зүйн хөтөлбөр (ОУУЗХ) нь ЮНЕСКО-ийн Засгийн газар хоорондын усны шинжлэх ухааны хамтын ажиллагааны хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь 1975 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Нэгдсэн үндэстний систем дэх цэнгэг усны анхны бөгөөд цорын ганц Засгийн газар хоорондын санаачилга юм. ОУУЗХ-ийг ЮНЕСКО-ийн Ерөнхий чуулганы салбар байгууллага болох Засгийн газар хоорондын зөвлөл удирддаг. ОУУЗХ-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөг тус хөтөлбөрийн 168 гишүүн орны үндэсний хороод, олон улсын шинжлэх ухааны холбоод болон НҮБ-ын салбар бусад байгууллагууд харилцан зөвлөлдөх замаар боловсруулж үе шаттайгаар хэрэгжүүлдэг. ЮНЕСКО нь Дэлхийн усны үнэлгээний хөтөлбөр, ЮНЕСКО-ийн Усны боловсролын хүрээлэн, дэлхий дахины усны судалгааны төвүүд, усны тэнхмүүдээр дамжуулан усны шинжлэх ухааны суурь мэдлэгийг түгээх зорилгоор ажилладаг.

Нидерланд улсын Делфт хотод байрлах ЮНЕСКО-ийн Усны боловсролын хүрээлэн нь 2003 оноос хойш ЮНЕСКО-ийн албан ёсны нэгж хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хүрээлэн нь дипломын дараах сургалтаар усны боловсрол олгодог дэлхийн хамгийн том байгууллага юм. ЮНЕСКО-ийн Усны боловсролын хүрээлэн нь 1957 оноос хойш хөгжиж буй 160 улс орны 14500 гаруй усны мэргэжилтнийг бэлтгэн гаргажээ.

ЮНЕСКО-ийн удирдлага дор байдаг Дэлхийн усны үнэлгээний хөтөлбөр нь Италийн Перугиа хотод  байрладаг. Тус хөтөлбөрийн нарийн бичгийн дарга нарын газар нь Дэлхийн усны хөгжлийн тайланг боловсруулах ажлыг удирдан зохицуулдаг бөгөөд НҮБ-ын Усны хөтөлбөрөөр дамжуулан НҮБ-ын 31 агентлагтай хамтран тус тайланг боловсруулан гаргадаг. Дэлхийн усны үнэлгээний хөтөлбөр нь 2014 оноос эхлэн Дэлхийн усны хөгжлийн тайланг стратегийн асуудлын хүрээнд “Олон улсын усны нэгдсэн тайлан”-гийн нэмэлт хэлбэрээр гаргаж байна.

ЮНЕСКО-ийн ивээл дор байгуулагдсан устай холбоотой 30 гаруй төв байдаг бөгөөд эдгээр төвүүд нь бүс нутгийн болон олон улсын түвшинд ОУУЗХ-ийн хэрэгжилтэд хувь нэмэр оруулдаг.

ЮНЕСКО-ийн гишүүн орнууд тус хөтөлбөрийн үндэсний хороог байгуулах замаар хөтөлбөрийн үйл ажиллагааны хэрэгжилтийг үндэсний түвшинд хэрэгжүүлэхийг зорьдог. Энэхүү хөтөлбөрийн Монголын үндэсний хороог 2003 онд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын даргын тушаалаар анх үүсгэн байгуулсан бөгөөд 2013, 2015, 2017 хорооны бүрэлдэхүүнийг шинэчилж батласан. Үндэсний хороо нь хөтөлбөрийн үйл ажиллагааг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохицуулж, бүс нутгийн арга хэмжээнд идэвхтэй байр суурь баримталж оролцдог.

ЮНЕСКО-ийн ХБШМ хөтөлбөр нь 1971 онд үндэс сууриа тавьсан бөгөөд хүн ба хүрээлэн буй орчны хоорондын харилцааг сайжруулахад шинжлэх ухааны үндэслэлийг бий болгох зорилготой олон улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр юм. ХБШМ хөтөлбөр нь хүмүүсийн ​​амьжиргааг сайжруулах, байгалийн үр шимийг тэгш хүртээх, экосистемийг байгалийн ба хүний оролцоотойгоор хадгалан хамгаалах болон соёлын хувьд зохимжтой, байгаль орчны хувьд тогтвортой эдийн засгийн хөгжлийн шинэлэг арга барилуудыг дэмжихийн тулд байгалийн ба нийгмийн шинжлэх ухаан, эдийн засаг, боловсролыг хослуулан хэрэглэдэг.

Тус хөтөлбөр нь шим мандлын нөөц газруудаараа дамжуулан аливаа газар нутгийг хамгаалахдаа түүний ойр орчимд амьдарч байгаа нутгийн иргэдийн нийгэм – эдийн засаг, соёлын хэрэгцээ шаардлага, онцлогийг нь харгалзан асуудлыг хамтатган шийдвэрлэх зорилготой.

Мөн үндэсний төдийгүй дэлхийн болон бүс нутгийн экологийн тэнцлийг хангахад чухал нөлөө бүхий байгаль, түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий газруудыг Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд хамруулж, тэдгээрийн хамгаалалтыг сайжруулах асуудлыг шат дараалалтайгаар хэрэгжүүлдэг.

Хүн ба шим мандал хөтөлбөрийн хүрээнд Европын шим мандлын нөөц газруудын сүлжээ, Латин Америкийн шим мандлын нөөц газруудын сүлжээ, Ази-Номхон далайн шим мандлын нөөц газруудын сүлжээ, Арабын орнуудын шим мандын нөөц газруудын сүлжээ, Зүүн Азийн шим мандлын нөөц газруудын сүлжээ гэх мэт олон сүлжээ байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээг 1995 онд үүсгэн байгуулсан бөгөөд тус сүлжээнд Монгол улсаас гадна БНХАУ, Япон, БНАСАУ, БНСУ, ОХУ, Казакстан улс багтдаг. Монгол улс энэхүү сүлжээний үйл ажиллагаанд идэвхтэй оролцон, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд ажиллаж ирсэн. Тухайлбал, Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээний ээлжит 5 дугаар хурлыг 1997 онд Богд-Хан Уулын дархан цаазат газарт, 8 дугаар хурлыг 2003 онд Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт, 10 дугаар хурлыг 2007 онд Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газарт, 13 дугаар хурлыг 2013 онд Улаанбаатар хотноо, 16 дугаар хурлыг 2022 онд Улаанбаатар хот болон Тосон-Хулстайн байгалийн нөөц газарт тус тус амжилттай зохион байгуулсан.

2025 оны 1 дүгээр сарын байдлаар Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд нийт 142 орны 784 газар бүртгэгдээд байгаа бөгөөд үүний 12 нь Монгол Улсаас бүртгэгдсэн газар нутгууд юм.

ЮНЕСКО нь Геологийн шинжлэх ухаан, геопаркууд олон улсын хөтөлбөрийг Олон улсын геологийн шинжлэх ухааны хөтөлбөр болон Дэлхийн геопаркууд хөтөлбөр гэсэн хоёр дэд хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлдэг.

Олон улсын геологийн шинжлэх ухааны хөтөлбөр нь улс орнуудын эрдэмтэн судлаачдын байгаль, хүний хоорондын харилцаа, дэлхийн эрдэс болон эрчим хүчний нөөцийг тогтоох судалгаа шинжилгээний ажлын үр дүнг нь хэвлэн нийтлэх, олон улсын уулзалт, хурал зохион байгуулах, мөн түүнчлэн судалгааныхаа арга барил, техник технологийг сайжруулах чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Тус хөтөлбөр нь 1972 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үүнээс хойш дэлхийн 150 орчим улс оронд 500 гаруй төслийг хэрэгжүүлээд байна.

Европын геопаркуудын сүлжээ (EGN) нь 2000 онд байгуулагдсан бөгөөд 2004 онд тус сүлжээний 17 геопарк БНХАУ-ын 8 геопарктай хамтран геопаркуудын дэлхийн сүлжээ (GGN)-г үүсгэн байгуулж байсан байна. Улмаар геопаркуудын дэлхийн сүлжээ нь 2015 онд ЮНЕСКО-ийн албан ёсны хөтөлбөр болж баталгаажсан. 2025 оны 1 дүгээр сарын байдлаар геопаркуудын дэлхийн сүлжээнд нийт 48 орны 213 газар нэгдээд байна.

Дэлхийн геопаркуудын туршлагаас харахад эдийн засгийн өсөлт бага, ажилгүйдлийн түвшин өндөр, залуучууд нь олноор гадагшаа гарч ажил хайдаг гэх мэт ижил төстэй бэрхшээл бүхий улс орнууд эдгээр асуудлаа геопаркуудын дэлхийн сүлжээнд нэгдэж, геологийн аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар шийдвэрлэж чадсан байдаг. Иймээс геопарк байгуулж геопаркуудын дэлхийн сүлжээнд нэгдэх нь манай улсын геологийн өвийн хадгалалт хамгаалалт, аялал жуулчлал, цаашлаад тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд чухал ач холбогдолтой юм.

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь ЮНЕСКО-ийн Геологийн шинжлэх ухаан, геопаркууд олон улсын хөтөлбөрийн Нарийн бичгийн дарга нарын газар, БОАЖЯ, УУХҮЯ болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ЮНЕСКО-ийн Геологийн шинжлэх ухаан ба геопарк олон улсын хөтөлбөрийг Монгол улсад анх удаа танилцуулах зорилгоор чуулга уулзалтыг 2018 оны 6 дугаар сард зохион байгуулж энэ хүрээнд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт аялал зохион байгуулж геопарк болгон хөгжүүлэх боломжит газруудыг үзэж олон улсын мэргэжилтнүүдээс зөвлөмж авсан. Үүний зэрэгцээ, ЮНЕСКО-ийн геологийн шинжлэх ухаан болон дэлхийн геопаркууд олон улсын хөтөлбөрийн дүрэм болон ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркуудын үйл ажиллагааны удирдамж, геопаркуудын дэлхийн сүлжээнд нэр дэвшүүлэх маягт болон үнэлгээний маягт, ЮНЕСКО-ийн дэлхийн геопаркуудын сүлжээнд нэгдэхээр төлөвлөж буй газруудад бие даан үнэлгээ хийхэд зориулсан маягт (101 checklist) болон түүний тайлбар мэдээлэл (Explanatory Notes) зэрэг баримт бичгүүдийг орчуулан түгээсэн. Мөн түүнчлэн 2023 оны 1 дүгээр сард геопаркийн үндэсний хороог байгуулан ажиллаж байна. Цаашлаад ЮНЕСКО нь “Рио Тинто Монгол” ХХК-тай хамтран “ЮНЕСКО-ийн соёлын болон геологийн өвд тулгуурлан Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна. 

 

 

ЮНЕСКО-ийн Байгалийн шинжлэх ухааны салбар нь энх тайвныг цогцлоох, ядуурлыг арилгах, тогтвортой хөгжлийг дэмжихэд шинжлэх ухааныг ашиглах замаар ЮНЕСКО-ийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Энэхүү салбар нь эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшлийн гол түлхүүр, энх тайван, тогтвортой хөгжлийн үндэс суурь болох мэдлэг, чадавхыг хөгжүүлэхэд чиглэсэн шинжлэх ухааны хэрэглээг дэмжин ажилладаг. Мөн цэвэр усны нөөцийн менежмент, уур амьсгалын өөрчлөлт, сэргээгдэх эрчим хүч, байгалийн гамшгийг бууруулах, биологийн олон янз байдлын хомсдол, шинжлэх ухаан, технологи, инновацын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр дэлхийн хэмжээнд тулгамдаж буй асуудлуудад анхаарлаа хандуулж ажилладаг.

ЮНЕСКО-ийн Байгалийн шинжлэх ухааны хөтөлбөр нь:

  • Олон улсын суурь шинжлэх ухааны хөтөлбөр
  • Хүн ба шим мандал хөтөлбөр
  • Олон улсын ус зүйн хөтөлбөр
  • Геологийн шинжлэх ухаан, геопаркууд олон улсын хөтөлбөр

гэсэн дөрвөн үндсэн хөтөлбөрөөс бүрддэг.

Үүдэл эсийн судалгаа, генетикийн шинжилгээ, ген хувилах зэрэг амьдралын шинжлэх ухааны болон хиймэл оюун ухаан, их хэмжээний өгөгдөл зэрэг техник, технологийн дэвшилтийн  нийгэм, соёл, хууль эрхзүйн болон ёсзүйн үр дагавруудыг нийтэд нь авч үзэх зорилгоор “био ёсзүй” хэмээх нэр томьёог шинээр гаргаж ирсэн байдаг.

ЮНЕСКO нь 1993 онд Био ёсзүйн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн ба энэхүү хөтөлбөр нь ЮНЕСКО-ийн шинжлэх ухаан, технологийн ёс зүйн хөтөлбөрт хамаарна. 1997 оны ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлаар био ёсзүйн салбар дахь цорын ганц олон улсын баримт бичиг болох “Хүний геном ба хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг баталсан бөгөөд уг баримт бичгийг 1998 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей дахин баталсан билээ.

Био ёсзүйн хөтөлбөр нь 36 бие даасан эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй “Олон улсын био ёс зүйн хороо” болон 36 гишүүн улсаас бүрдсэн “Засгийн газар хоорондын био ёсзүйн хороо” гэсэн хоёр зөвлөх хорооны нарийн бичгийн дарга нарын газрыг хариуцдаг бөгөөд хамтран зөвлөгөө, зөвлөмж, төслийн санал боловсруулан ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал болон удирдах зөвлөлд хүргүүлдэг.

Хөтөлбөр нь дараах 4 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнд:

  • Сургалт семинар зохион байгуулах: Олон улсын нийгэмлэг, гишүүн орнуудын ёс зүйн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх хүрээнд хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд үзүүлж буй шинжлэх ухааны нөлөөлөл, түүний хэрэглээний талаарх сүүлийн үеийн ололт амжилттай холбогдолтой ёс суртахууны үндсэн сэдвүүдээр үндэсний болон олон улсын мэтгэлцээн, бага хурал, симпозиум зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг.
  • Стандартыг тогтоох арга хэмжээ: 1997 онд ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлаар баталсан “Хүний геном болон хүний эрхийн түгээмэл тунхаглал” нь Био ёсзүйн хөтөлбөрөөс гарсан анхны бичиг баримт юм. Хүний генийн мэдээллийн талаарх олон улсын тунхаглал нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үргэлжлэл хэсэг бөгөөд түүнийг хэрэгжүүлэх тогтоолыг 2003 онд, “Био ёсзүй ба хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг 2005 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 33 дугаар чуулганаар 191 гишүүн орон хүлээн зөвшөөрч баталсан.
  • Зөвлөх үүрэг, чадавхыг бэхжүүлэх: Био ёсзүйн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг сайжруулах хэлэлцүүлгийг хөхиүлэн дэмжих, үндэсний ёс зүйн хороодыг байгуулах, үндэсний стандарт, хууль тогтоомжийг тодорхойлоход гишүүн улсуудад зөвлөх, удирдлагаар хангах үүрэг хүлээдэг. Мөн үндэсний болон бүс нутгийн чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах, био ёсзүйн асуудлаарх байгууллагуудын сүлжээг бий болгон бүс нутгийн био ёсзүйн мэдээлэл, баримт бичгийн төв байгуулахад дэмжлэг үзүүлдэг. Тус хөтөлбөр нь нийгмийн зорилтот бүлгүүдэд ёс зүйг хөхиүлэн дэмжих, стратеги боловсруулах, бүс нутгийн ёсзүйн асуудлыг тодорхойлох, хэрэгжилтийг хангах хүрээнд ажилладаг.
  • Боловсрол, мэдлэгээ дээшлүүлэх: ЮНЕСКО-ийн био ёсзүйн институт нь зорилтот бүлгүүдийн дунд (судлаач, хуульч, сэтгүүлч, шийдвэр гаргагч гэх мэт) био ёсзүйн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, био ёсзүйн боловсролын байгууллагууд болох их, дээд сургуулиудыг чадавхжуулах, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хамтран ажилладаг.

ЮНЕСКО нь Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрөөр дамжуулан мэдлэг, бодлого, үйл ажиллагаа хоорондын уялдаа холбоог сайжруулж нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгохын төлөө засгийн газар, иргэний нийгэм болон холбогдох талуудтай хамтран ажилладаг бөгөөд Тогтвортой хөгжлийн 17 зорилгын хүрээнд, ялангуяа тогтвортой хөгжлийн 5, 10, 16 дугаар зорилтуудын хүрээнд ядуурлыг бууруулах, тэгш хамарсан, үр өгөөжтэй, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хөхиүлэн дэмжих зэрэг зорилтуудын хэрэгжилтэд хувь нэмрээ оруулдаг.

Энэхүү хөтөлбөр нь нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбар дахь хэрэгцээ, шаардлагыг харгалзан нийгмийн ухааны эрдэмтэд ба улс төрчдийн хоорондын харилцаа, холбоог бэхжүүлж нотолгоо, судалгаанд суурилсан шийдвэр гаргалтыг хөхиүлэн дэмжих замаар бодлого боловсруулах үйл явцыг сайжруулахад гишүүн орнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор 1994 оноос хэрэгжиж эхэлсэн билээ.

ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөр нь (1) мэдлэгийг бий болгож, хөхиүлэн дэмжихийн төлөө судалгаа хийх, (2) гишүүн орнуудыг оролцуулсан засгийн газар хоорондын форумыг зохион байгуулах, (3) бодлогыг дэмжиж чадавх бэхжүүлэх гэсэн үйл ажиллагааны гурван баганын хүрээнд дараах үндсэн гурван зорилттой үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнд:

  1. Нийгэм ба хүмүүнлэгийн шинжлэх ухааны мэдлэгээр дамжуулан бодлогыг дэмжиж чадавх бэхжүүлэх;
  2. Судалгаа, үйл хэргээр дамжуулан мэдлэгийг түгээх;
  3. Үндэсний болон олон улсын бодлогын хэлэлцүүлэгт хувь нэмэр оруулах.

Уг хөтөлбөр нь үйл ажиллагааны эхний багана буюу мэдлэгийг хөхиүлэн дэмжих ажлын хүрээнд Олон улсын шинжлэх ухааны зөвлөл, Олон улсын философи ба хүмүүнлэгийн шинжлэх ухааны зөвлөл зэрэг олон улсын, бүс нутгийн болон үндэсний шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд Дэлхийн хүмүүнлэгийн бага хурал, Дэлхийн нийгмийн шинжлэх ухааны форум зэрэг томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг.  Түүнчлэн жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь пүрэв гаригт Дэлхийн философийн өдрийг өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлдэг.

ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөр нь үндэсний болон олон улсын бодлогын хэлэлцүүлэгт хувь нэмэр оруулах чиглэлд “MOST Schools” буюу холбогдох талуудыг оролцуулсан сургалт, семинарууд, “Inclusive Policy Lab” буюу хүртээмжтэй бодлогын лаборатори зэрэг үйл ажиллагаануудыг явуулдаг.

ЮНЕСКО нь хүний ​​эрхийн тухай олон улсын гэрээ хэлэлцээрүүд болон 2006 оны Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих чиглэлд ихээхэн анхаарал хандуулан ажилладаг. ЮНЕСКО нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөх дэлхийн түншлэлийн гишүүн байгууллага болохын хувьд конвенцын 24 дүгээр зүйл дэх боловсролын тэгш хамруулалтын талаарх заалтуудыг хэрэгжүүлэхэд идэвхтэй ажиллаж байна. Тэгш хамруулалт ба тэгш боломжтой, олон ургалч, нээлттэй нийгмийг дэлхий даяар цогцлоох нь ЮНЕСКО-ийн эрхэм зорилгуудын нэг юм.

ЮНЕСКО нь энэхүү зорилгыг биелүүлэхийн тулд дараах таван чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

  • Судалгаа, нотолгоонд суурилсан мэдээлэл цуглуулах,
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд тэгш хамруулах бодлого, стратеги боловсруулахад дэмжлэг үзүүлэх,
  • Олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлж, эерэг, таатай орчин нөхцлийг бүрдүүлэх,
  • Тэгш хамруулалтыг нэмэгдүүлэх нөөц, материал, хэрэгслүүдийг боловсруулах,
  • Чадавх бэхжүүлэх.

ЮНЕСКО-ийн нэг чухал зорилго бол дэлхийн бүх соёлд өөрсдийгөө илэрхийлэх орон зай, эрх чөлөөг хангахад оршиж байдаг. Хэдийгээр бүх соёл өөрсдийн үндсээс ургаж гарсан ч бусад соёлтой харилцахдаа цэцэглэн хөгжиж, төлжиж байх ёстой. Иймээс аливаа соёлыг тусгаарлаж, хадгалж хамгаалахдаа гол учир нь байгаа биш харин тусгаарлагдаж, ганцаардахаас сэргийлэн, баяжуулж хөгжүүлснээр зөрчил мөргөлдөөнөөс зайлсхийх нь чухал юм. Тиймд соёл хоорондын яриа хэлэлцээ, харилцан ойлголцол нь өнөөгийн олон улсын улс төрийн уур амьсгал, даяарчлалд шинэ утга санааг илэрхийлж, дэлхий дахины нэгдмэл байдал, энх тайвныг сахихад чухал үүрэгтэй болсон.

Ард түмэн, соёл хоорондын яриа хэлэлцээ, харилцан ойлголцол, тэнцвэртэй солилцоог дэмжиж буй өдгөөгийн ЮНЕСКО-ийн үйл ажиллагаа нь 2005 онд НҮБ-ын албан ёсоор эхлүүлсэн Соёл иргэншлийн эвсэл санаачилгын хүрээнд хийгдэж байна. Тодруулбал, соёл хоорондын яриа хэлэлцээг дэмжих үйл ажиллагааны хүрээнд, шашин хоорондын яриа хэлэлцээ, харилцан ойлголцлыг хамруулж, орон нутаг болон үндэсний хэмжээнд соёлын олон төрлийг дэмжиж, хэт туйлшрах, фанатизмыг хөхиүлэн дэмжилгүй ард түмнийг нэгтгэх үнэт зүйлс, зарчмыг тодотгож буй үйл ажиллагаа билээ.

ЮНЕСКО-ийн “Торгон зам” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн “Нүүдэлчдийн замаар” олон улсын эрдэм шинжилгээний аялал Монгол, ЮНЕСКО-ийн соёлын хамтын ажиллагаанд өвөрмөц байр суурь эзэлнэ. 1992 онд ЮНЕСКО-ийн МҮК “Нүүдэлчдийн замаар” олон улсын эрдэм шинжилгээний аялал, “Төв Азийн нүүдэлчид ба торгон зам” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг ЮНЕСКО-той хамтран зохион байгуулсан юм.

ЮНЕСКО энэ төслийн хүрээнд эрдэм шинжилгээний гурван аялал зохион байгуулсан байдаг бөгөөд анхны аялал нь БНХАУ-д болсон “Цөлийн замаар” хэмээх аялал юм. Энхүү аялал нь Хятадын эртний нийслэл Си-Ань хотоос эхэлж, Үрэмчид дууссан. Aян зам нь Хятад болон Дорныг Дундад Ази, Өрнө дахинтай холбож байсан худалдаа наймааны гол судсыг дагаж, эртний торгон замын зангилаа, эдүгээгийн их замын хотууд, түүх дурсгалын газруудыг дайрч гарснаараа ач холбогдолтой юм. Хоёр дахь аялал нь “Далайн замаар” нэртэйгээр үргэлжилсэн юм. Италийн Венец хотоос Япон хүртэл. Aяллын зам ерөнхийдөө Марко Пологийн нутаг буцсан газар орноор дайрсан байдаг. Гурав дахь аялал нь 1991 онд “Талын замаар” нэртэйгээр Дундад Азид зохиогдсон юм.

Харин Монгол улсад зохиогдсон дөрөв дэх аялал нь “Нүүдэлчдийн замаар” нэртэйгээр гадаадын гуч гаруй орны нэр хүндтэй эрдэмтэн судлаачид, 20 гаран хэвлэл мэдээллийн байгууллагын гуч гаруй сэтгүүлч сурвалжлагчид, монголын эрдэмтэд, зохион байгуулагч нар нийлсэн нийт 150 гаруй хүн оролцжээ. Aяллыг ЮНЕСКО-ийн МҮК, ялангуяа түүний Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Цахилгаан гардан зохион байгуулсан. Aялал Ховд аймгийн төвөөс эхэлж Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай, Булган, Төв аймгийн нутгаар 3000 гаруй километр замыг туулж Улаанбаатар хотод эрдэм шинжилгээний хурлыг хийж өндөрлөсөн билээ.

2005 онд ЮНЕСКО-ийн төв байранд Төв Азийн соёлын олон төрөл байдлын өвөрмөц онцлогийг харуулсан Их наадмыг зохион байгуулсан. Их наадамд Казахстан, Киргизстан, Монгол, Тажикстан, Туркменистан, Узбекистан зэрэг орны төлөөлөгчид оролцож, үндэсний хувцас загвар, гар урлал, бичиг соёлын өв, зан заншлыг харуулсан 1500 гаруй үзмэр бүхий үзэсгэлэнг гаргаж, ЮНЕСКО-ийн Аман болон биет бус шилдэг өвийн дээжист бүртгэгдсэн ардын урлагийн тоглолт, кино өдөрлөг зэрэг арга хэмжээг өргөн цар хүрээнд зохион байгууллаа.

unesco

ЮНЕСКО залуучуудыг шинэчлэл, нийгмийн өөрчлөлт, энх тайван, тогтвортой хөгжлийн гол тулгуур хүчин зүйл гэж үзэж, ирээдүйд чиглэсэн алсын хараатай цогц бодлогыг явуулдаг. Ийм бодлогодоо ЮНЕСКО залуучуудыг тэдний үйл ажиллагааны үр өгөөжийг хүртэх, бие даан оролцох, байгууллагуудаараа дамжуулан хамтран ажиллах зэрэг замаар тэднийг үйл ажиллагаандаа татан оролцуулдаг. Мөн бүтээлч байдал, мэдлэг, шинэчлэл, өөрчлөлтийг жолоодох боломжийг олгох, нийгмийн болон засаглалын түвшинд залуучуудын хөгжилд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох, ирээдүйдээ итгэл алдсан эсвэл нийгэмд оролцоогүй болсон хэсэгт хүрч ажиллах зэрэг боломжийг залуучуудад олгодог юм.

Жендэрийн тэгш байдал гэдэг нь эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, охид, хөвгүүд бүгд тэгш эрх, үүрэгтэй, тэгш боломжтой байхыг хэлнэ. Жендэрийн тэгш байдал нь хүний эрхийн зарчим бөгөөд хүнд төвлөрсөн, тогтвортой хөгжлийн үндэс суурь болдог.

70 жилийн өмнө байгуулагдсан цагаасаа эхлэн ЮНЕСКО эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эмэгтэйчүүдийн эрх мэдэл, жендэрийн тэгш байдлыг хангах хүчин чармайлтыг идэвхтэй дэмжсээр ирсэн. ЮНЕСКО нь 2007 онд болсон Ерөнхий бага хурлын 34 дүгээр чуулганаараа 2008-2013 оны дунд хугацааны стратегиа баталсан бөгөөд уг стратегидаа дэлхийн тэргүүлэх хоёр чиглэлийн нэг нь жендэрийн тэгш байдал байна хэмээн шийдвэрлэсэн нь түүхэн үйл явдал болсон. ЮНЕСКО-ийн 2014-2021 оны дунд хугацааны стратегид энэ чиглэл нь дахин батлагдсан юм.

ЮНЕСКО нь тогтвортой хөгжлийн 5 дахь зорилго буюу жендэрийн эрх, тэгш байдлыг хангах зорилгыг, ялангуяа “бүх эмэгтэйчүүд, охидыг ялгаварлан гадуурхах явдлыг таслан зогсоох” зорилт 5.1, “улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хүрээнд шийдвэр гаргах бүх шатанд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох, манлайлан ажиллах тэгш боломжоор эмэгтэйчүүдийг хангах” зорилт 5.5-ын хэрэгжилтэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

ЮНЕСКО-ийн жендэрийн тэгш байдлыг хөхиүлэн дэмжиж, эмэгтэйчvvдийг хүчирхэгжүүлэх үүрэг амлалтын хэрэгжилтийг ЮНЕСКО-ийн Жендэрийн тэгш байдлын хэлтэс хариуцан ажилладаг. Энэхүү хэлтэс нь ЮНЕСКО-ийн таван салбарын бодлого, стратеги, үйл ажиллагаа нь жендэрийн мэдрэмжтэй, жендэрийн тэгш байдлыг хангасан байгаа эсэхэд хяналт тавьж зохицуулалт хийдэг.

Жендэрийн тэгш байдлын талаар ЮНЕСКО-ийн Жендэрийн тэгш байдлыг хангах тэргүүлэх чиглэлийн удирдамж (2011), ЮНЕСКО-ийн Жендэрийн тэгш байдлыг хангах тэргүүлэх чиглэлийн үйл ажиллагааны төлөвлөгөө (2014-2021) зэрэг баримт бичгүүд байдаг ба үйл ажиллагааны төлөвлөгөөнд дараах хамтын ажиллагааны чиглэлүүд тусгагдсан байдаг. Үүнд:

  1. Мэдээллийн бүрэн бус байдлыг арилгаж жендэрийн тэгш байдлын талаарх судалгаа, сургалтын чанарыг сайжруулах,
  2. Судалгааг үйл хэрэг болгон жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх,
  3. Жендэрийн тэгш байдлыг хөхиүлэн дэмжихийн тулд жендэрийн талаарх эерэг дүр зургийг сурталчлах,
  4. Эмэгтэйчүүдийн манлайллын чадавхыг бэхжүүлэх.

ЮНЕСКО нь өөрийн хамардаг таван салбарын бодлого, стратеги, үйл ажиллагаа нь жендэрийн мэдрэмжтэй, жендэрийн тэгш байдлыг хангасан байгаа эсэхэд хяналт тавин ажилладаг.

Боловсролын салбарт: ЮНЕСКО нь боловсролын тогтолцоогоор дамжуулан жендэрийн тэгш байдлыг хөхиүлэн дэмжиж, аливаа тэгш бус байдлыг арилгахыг зорьдог. Энэ хүрээнд 2016 оноос эхлэн охид, эмэгтэйчүүдийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж буй хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжих, урамшуулах зорилгоор 50000 ам.долларын шагналын сантай охид, бүсгүйчүүдийн боловсролыг дэмжих ЮНЕСКО-ийн нэрэмжит шагналыг олгож эхэлсэн. Түүнчлэн Малала Юсуфзайн нэрэмжит Охидын сурч боловсрох эрхийн төлөөх ЮНЕСКО-ийн сан үйл ажиллагаа явуулдаг.

Байгалийн шинжлэх ухааны салбарт: Эмэгтэйчvvд, охидуудад үлгэр дууриалал үзүүлэх хүмүүсийг бий болгох, эмэгтэйчvvдийн чадавхыг хөгжvvлэх, тэгш эрх, тогтвортой хөгжлийг дэмжихэд хэрэгтэй мэдлэг, мэдээллийг түгээн дэлгэрvvлэх чиглэлд ажиллаж байна. ЮНЕСКО дэлхийд алдартай Лореал корпорацитай хамтран жил бүр шинжлэх ухааны салбарт онцгой амжилт гаргасан эмэгтэй эрдэмтдийг алдаршуулан сайшааж “Лореал-ЮНЕСКО” шагналыг дэлхийн 5 тив тус бүрээс нэг эмэгтэйг шалгаруулан олгодог.

Нийгэмхүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарт: ЮНЕСКО нь эмэгтэйчүүдийн нийгэм дэх оролцоог нэмэгдүүлж, бодлого боловсруулах явцад жендэрийн тэгш байдлын талаарх асуудлуудыг тусгахад гишүүн улсуудад дэмжлэг үзүүлдэг. Түүнчлэн Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр, Олон улсын охидын өдөр, Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах олон улсын өдөр зэрэг тэмдэглэлт өдрүүдийн хүрээнд жендэрийн тэгш байдлыг хөхиүлэн дэмжих үйл ажиллагаануудыг тогтмол хэрэгжүүлж байна. Түүнчлэн эрэгтэйчүүд, хөвгүүдийг жендэрийн тэгш байдлыг тууштай дэмжигчид болгохоор чадавх бэхжүүлэх сургалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.

Соёлын салбарт:  ЮНЕСКО-ийн соёлын конвенцууд нь олон улсын, бүс нутгийн, үндэсний болон орон нутгын түвшинд конвенцын хэрэгжилтийг хангахдаа хүн бүрийг тэгш эрхтэй оролцуулж соёлын өв, бүтээлч байдлын үр ашгийг эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш хүртэх явдлыг хөхиүлэн дэмжсэн байдаг. Энэ явдлыг хангахын тулд ЮНЕСКО нь гишүүн улсуудын засгийн газар, иргэний нийгэм, орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж хүчин чармайлт гаргаж байна.

Мэдээлэл, харилцаа холбооны салбарт: ЮНЕСКО нь хэвлэл мэдээллийн салбарт жендэрийн тэгш байдлыг 2030 он гэхэд бүрэн хангах зорилго тавьсан. Үүний тулд олны танил эмэгтэйчүүдийн намтрыг Wikipedia цахим хуудсанд оруулах “Wiki4Women” санаачилгыг хэрэгжүүлэх, хэвлэл мэдээлэл нь жендэрийн мэдрэмжтэй байгаа эсэхийг шалгах шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах зэрэг олон арга хэмжээг авч ажиллаж байна.

Монгол улсад хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүд

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь “Сургуулийн орчинд жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах нь” сэдэвт хурлыг 2017 онд зохион байгуулсан. Энэхүү хурал нь “2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийн 4 ба 5 дугаар зорилтод тусгагдсан жендэрийн тэгш бус байдлыг арилгах замаар боловсролын түвшин, мэргэжлийн сургалтад хөгжлийн бэрхшээлтэй, уугуул иргэд, эмзэг нөхцөлд буй хүүхдийг татан оролцуулж, тэгш боломжоор хангах дэд зорилтод дэмжлэг үзүүлэх, сургуулийн орчинд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх арга зүйг багш нарт эзэмшүүлэх зорилготой байв.

ЮНЕСКО-ийн 2018-2019 оны Оролцооны хөтөлбөрт Даян дэлхийн эмэгтэйчүүд хамтдаа ТББ-ын “Жендэрийн эрх тэгш байдлыг бэхжүүлж эмэгтэйчүүдийг чадавхжуулах” төсөл батлагдсан ба ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын дэмжлэгтэйгээр дараах зорилгын хүрээнд амжилттай хэрэгжсэн. Үүнд:

  • “Хүчирхэгжилт” гэсэн нэр томьёог үйл хэрэг болгох арга зам, боломж бололцоог судлаж тодорхойлох,
  • Төр засгийн болон хувийн хэвшлийн төрөл бүрийн салбарын байгууллагуудад ажиллаж буй эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх талаар туршлага солилцох,
  • Эмэгтэйчүүдийн эрхийг хангаж, хүчирхэгжүүлэх талаар судалгаа хийх, мэдээллийн сан үүсгэх,
  • Жендэрийн тэгш байдлыг хангах талаар эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэмэгдүүлэх,
  • Жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлд цаашид авах арга хэмжээ, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх санал, зөвлөмж боловсруулах,
  • Жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн хүчирхэгжилтийн талаарх хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилж олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх,
  • Салбар хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх,
  • ТХЗ 5, ТХЗ 10-ын хэрэгжилтэд хувь нэмэр оруулах.

ЮНЕСКО соёлын бодлогоо ерөнхийд нь

Нэгдүгээрт: соёлын салбарт олон улсын эрх зүйн баримт бичиг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх,

Хоёрдугаарт: соёлын өвийг хадгалж хамгаалах,

Гуравдугаарт: соёлын олон төрөл байдлыг хадгалах, соёл, соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээг хөхиүлэн дэмжих,

Дөрөвдүгээрт: мэдлэг чадварыг хөгжүүлэх, хуваалцах замаар хөгжил дэвшил, соёлын уялдаа холбоог сайжруулах гэж тодорхойлсон байдаг.

Соёлын салбарт хэрэгжүүлэх ЮНЕСКО-ийн үйл ажиллагааны стратеги нь дэлхий нийтийн тогтвортой хөгжил, харилцан ойлголцолд соёлын гүйцэтгэх үүргийг тодотгох, бэхжүүлэхэд оршино.

ЮНЕСКО соёлын өв, түүний олон төрөл зүйлийг хамгаалах, дэлгэрүүлэх, хүчирхийллийн эсрэг үйл ажиллагааг дэмжихийн тулд соёл хоорондын яриа хэлэлцээг улс төрийн бодлогод түлхүү оруулж, тэргүүн зорилтуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Соёлын олон төрөл зүйлийн хөгжил нь дэлхий нийтээр харилцан ойлголцох, бусдын соёлыг хүндэтгэх, бие биеэ харилцан дэмжих явдал дээр суурилах ёстой.

ЮНЕСКО соёлын өвийг хамгаалж, соёл, түүний олон төрөл, соёл хоорондын яриа хэлэлцээг хөхиүлэн дэмжиж, нигүүлсэл, хүлээцтэй хандах зарчмуудыг түгээхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг.

ЮНЕСКО 2001 онд Соёлын олон төрөл зүйлийн тухай түгээмэл тунхаглалыг баталснаар гишүүн орнууд “амьд байгальд биологийн олон төрөл зүйл зайлшгүй хэрэгтэй байдаг шиг хүн төрөлхтөнд соёлын олон төрөл зүйл хэрэгтэй” бөгөөд соёлын олон төрөл зүйл бол хөгжлийн ундарга гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Мөн соёлын хооронд зөрчил, мөргөлдөөн зайлшгүй гарна гэдэг үзэл бодол, онолыг тууштай няцаасан юм.

Монгол улс соёлын өвийг хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах зорилгоор дэлхийн хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллахаар соёлтой холбоотой ЮНЕСКО-ийн таван конвенцод нэгдэн ороод байна. Үүнд:

  • Зэвсэгт мөргөлдөөний үед соёлын үнэт зүйлсийг хамгаалах тухай 1954 оны конвенц,
  • Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай 1972 оны конвенц,
  • Соёлын үнэт зүйлсийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай 1970 оны конвенц,
  • Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенц,
  • Соёлын илэрхийллийн олон төрлийг дэмжих тухай 2005 оны конвенц.

Дээр дурдсан конвенцуудад нэгдэн орсноос хойш Монгол улс, ЮНЕСКО-ийн соёлын салбар дахь хамтын ажиллагаа маш эрчимтэй хөгжиж байна. Эдгээр конвенцын хүрээнд олон улсын дэмжлэг тусламжийг авч ЮНЕСКО-ийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломж нээгдсэн юм.

Музей нь зөвхөн үзэсгэлэн үзүүлж, үзмэр хадгалдаг газар биш юм. Сүүлийн жилүүдэд соёлын аялал жуучлал эрчимтэй хөгжиж буйтай холбоотойгоор дэлхий даяарх музейн тоо 1975 онд 22000 мянга байсан бол өнөөдөр 95000 болж өссөн байна.

Музей нь тухайн орон нутгийн болон бүс нутгийн хэмжээнд бүтээлч эдийн засгийн орчинг хөгжүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Музей нь нийгмийн хүрээнд мэтгэлцээн, хэлэлцүүлэг явагдах, нийгмийн нарийн төвөгтэй асуудлуудыг хөндөж ярих болон олон нийтийн оролцоог дэмжих талбар болдог.

ЮНЕСКО хөгжиж буй орнуудад музейн хүчин чадлыг нийгмийн нэгдмэл байдал, тэр тусмаа орон нутгийн иргэд болон эмзэг бүлгийнхэнд дэмжлэг үзүүлэхэд ашиглахыг дэмжиж, музейг хамгаалах, сэргээх үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн ЮНЕСКО нь соёлын үзмэрүүдийг хууль бусаар хулгайлан дамнах гэмт хэрэгтэй тэмцэхэд хувь нэмрээ оруулахын тулд музейн мэргэжилтнүүдийг хамарсан үзмэрийг хамгаалах, бүртгэл хөтлөх, баримтжуулах сургалт явуулдаг.

Манай улсад 2005-2009 онд ЮНЕСКО-ийн “Устаж үгүй болох аюул тулгарч буй хөдлөх өвийг хадгалж хамгаалах тухай” хөтөлбөрийн хүрээнд “Монгол улс дахь музейн үзмэрийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах” төслийг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Эрдэнэзуу музей, Архангай аймгийн музейд хэрэгжүүлж, хадгалалт хамгаалалтын стандарт тогтоож, үнэлгээ хийх, мэдрэгч дохиоллын систем суурилуулах, сан хөмрөгийн лаборатори байгуулах, ажилтнуудыг сургах, үзмэрийн бүртгэл, картжуулалт ба тайлбарыг олон улсын жишигт нийцүүлэх зэрэг тодорхой ажлуудыг хийжээ.

Мөн “Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж, музейн үзмэрийг арчилж хамгаалах мэргэжлийн орчин бий болгох, тоног төхөөрөмжөөр хангахад дэмжлэг үзүүлсэн байна. Тухайлбал, тусгай хамгаалагдсан орчин бүхий баримтжуулан хадгалах өрөөнүүдийг байгуулан дохиожуулж, үзмэрүүдийн чанар ба гадаад байдлыг гэрэлтүүлэг болон шинэчлэх байрлуулсан тайлбар, мэдээллийн самбарын тусламжтайгаар сайжруулсан. Бас тус музейн жишээн дээр орон нутгийн бүх музейн ажилтнуудын чадавхыг дээшлүүлснээс гадна Соёлын өвийг хамгаалах болон онцгой байдлын асуудлаар мэргэжсэн баг хамтран Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө” боловсруулж, “Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх музейн менежментийн сургалт-семинар” зохион байгуулсан.

2012-2015 онд Японы Итгэлцлийн сангийн санхүүжилтээр ЮНЕСКО-ийн “Музейн тогтвортой хөгжлийн чадавх дээшлүүлэх” төслийг хэрэгжүүлсэн. Төслийн зорилго нь Монголын музейн ажлын арга зүйг сайжруулж, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх; Монголын музейн үйл ажиллагаатай холбогдох дүрэм журмыг дүгнэж, музейн эрх зүйн орчныг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх; Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн бүх музей болон олон улсын байгууллагуудын харилцаа холбоог сайжруулах; улс аймаг, орон нутгийн музейг мэргэжил-арга зүйн удирдлага, мэдлэг, мэдээллээр хангах Монголын үндэсний музейн чиг үүргийг идэвхжүүлснээр Монголын музейн тогтвортой хөгжлийг хангахад оршиж байсан юм. Улмаар уг төслийн дүнд ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь БСШУЯ, Монголын үндэсний музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Олон улсын музейн зөвлөлийн Монголын үндэсний хороо зэрэг байгууллагуудтай хамтран “Музей судлалын мэргэжил-арга зүйн төв”-ийн сургалтын танхимыг 2015 онд Монголын үндэсний музейд нээж, Монголын музейн мэргэжилтнүүдэд зориулсан “Монголын музейн менежмент” практик гарын авлага номыг 2016 онд хэвлэж гаргасан юм.

Үүнээс гадна ЮНЕСКО-ийн Монгол улсын музейн хөгжлийг дэмжсэн төслүүдийн хүрээнд “Музейн аюулгүй байдал”, “Гар бичмэлийг арчилж хамгаалах нь”,  “Гамшгийн эрсдэлийн менежмент ба музей” гэх зэрэг ЮНЕСКО-ийн соёлын өвийг хамгаалах гарын авлага цуврал номыг хэвлэсэн. “Музейн тогтвортой хөгжлийн чадавх дээшлүүлэх” төслийн хүрээнд ч ЮНЕСКО-ийн соёлын өвийг хамгаалах гарын авлага цуврал номын “Цуглуулгын эд зүйлсийн баримтжуулалт”, “Хадгалж буй цуглуулгатай харьцах ажиллагаа” нэртэй хоёр гарын авлагыг болон бусад номыг орчуулж хэвлүүлэн түгээв. Мөн 2020 онд ЮНЕСКО-ийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр “Дэлхийн музейнууд: КОВИД-19 цар тахлын үед” тайланг монгол хэл дээр орчуулан хэвлүүлэв.

2001 онд ЮНЕСКО Соёлын олон төрөл зүйлийн тухай түгээмэл тунхаглалыг баталсан билээ. Уг тунхаглалд соёлын олон төрөл зүйл бол хүн бүрийн сонголт хийх боломжийг улам бүр нэмэгдүүлж байдаг бөгөөд эдийн засгийн өсөлтийн хүрээнд төдийгүй оюун ухаан, сэтгэл, ёс суртахуун, сүсэг бишрэлийн хувьд аливаа хүн сэтгэл хангалуун сайн сайхан амьдрахад туслах арга зам болох хөгжлийн нэгэн эх сурвалж гэдгийг бататгасан байдаг.

2005 онд ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 33 дугаар чуулганаар Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай ЮНЕСКО-ийн конвенцыг баталж, Монгол улс 2007 онд нэгдэн орсон. 2020 оны байдлаар тус конвенцод 148 оролцогч тал буюу 148 улс, нэг бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (Европын холбоо) нэгдэн орсон байна.

Байгалийн олон төрөл зүйл экосистемийг тогтворжуулaхад чухал ач холбогдолтой байдгийн адилаар соёлын олон төрөл зүйл нь нийгмийн амьдралын эх булаг болж байдаг. Соёлын олон төрөл зүйл нь бид бүгдийг өсч дэвжин хамтдаа хөгжих боломжийг олгож, бидний амьдралыг шинэ санаагаар болон тоо томшгүй олон арга замаар баяжуулж байдаг билээ.

Олон улсын эрх зүйн нэгдсэн баримт бичиг болохын хувьд тус конвенц нь соёлын илэрхийллийн олон талт байдлыг хамгаалж, хөгжүүлэхэд чиглэсэн соёлын бодлого, арга хэмжээг баталж, хэрэгжүүлэх болон үзэл бодол, уран бүтээлийн чөлөөт урсгалыг дэмжих талаарх Засгийн газруудын эрх хэмжээг бататгасан. Конвенцод соёлын олон талт илэрхийллийг хадгалах, дэмжихэд чиглэсэн соёлын бодлого, арга хэмжээг боловсруулах, хэрэгжүүлэх удирдамж болохуйц найман гол зарчмыг тусгасан. Үүнд, харьяа нутаг дэвсгэрийнхээ хүрээнд соёлын бодлого, арга хэмжээг батлах улс орнуудын бие даасан эрх хэмжээ, олон улсын эв нэгдэл ба хамтын ажиллагаа, эдийн засаг, соёлын асуудлууд, тогтвортой хөгжил, дэлхийн соёлын илэрхийллийн тэгш хүртээмжтэй байдал зэргийг хамруулдаг.

Конвенцын гол зорилт нь соёлын илэрхийллийн олон төрлийг дэмжихэд чиглэсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх, соёлын бүтээгдэхүүн ба үйлчилгээ нь хоёрдмол буюу эдийн засаг мөн соёлын үнэ цэнийг давхар агуулж байдгийг хүлээн зөвшөөрөх, соёлын өргөн хүрээний бүтээгдэхүүн, үйлчилгээ болон үйл ажиллагаа, үүнд өөрсдийн хувийн бүтээл зэргийг жүжигчид, соёлын салбарын мэргэжилтэн, ажилтан болон нийт иргэд туурвих, үйлдвэрлэх, түгээх, сурталчлах, соёлын салбарт эрчимтэй хөгжлийн чиглэл, талбаруудыг (соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талбарт: ном, урлаг, хөгжим, кино, уран бүтээл, орчин үеийн урлаг болон бүтээлч үйлийн өөр бусад хэлбэр) үүсч бий болоход нь дэмжлэг үзүүлэх явдлыг идэвхжүүлэн оролцуулах ба хөгжиж буй орнуудын соёлын салбарын засаглалыг бэхжүүлэхэд оршино.

Конвенцын хэрэгжилтийг дэмжих чухал хэрэгсэл бол Соёлын төрөл зүйлийг дэмжих олон улсын сан юм. Конвенцын 18 дугаар зүйлд уг санг сайн дурын үндсэн дээр байгуулахыг заасан байдаг. Тус конвенцод элссэн хөгжиж буй орнуудад тогтвортой хөгжил, ядуурлыг бууруулах арга хэмжээг хөхиүлэн дэмжих зорилго бүхий сан бөгөөд соёлын салбарыг дэмжих төслүүдээр дамжуулан зорилгоо хэрэгжүүлдэг бөгөөд гол төлөв соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах, дэмжих бодлого, стратегийг боловсруулах, мөн соёлын аж үйлдвэрийн байгууллагын дэд бүтцийг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Соёлын төрөл зүйлийг дэмжих олон улсын сан нь 2010 оноос хойш хөгжиж буй 59 оронд (2020 оны байдлаар) нийт 8.3 сая долларын өртөг бүхий 114 төсөл хэрэгжүүлээд байна. Энэхүү төслүүд нь соёлын бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, соёлын салбарын ажил олгогчдын чадавхийг бэхжүүлэх, соёлын аж үйлдвэрийн бизнесийн салбарын шинэ загварыг бий болгох зэрэгт чиглэгдсэн байна.

Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай ЮНЕСКО-ийн конвенцын Засгийн газар хоорондын хорооны 13 дугаар ээлжит чуулган 2020 оны 2 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд Франц улсын Парис хотноо хуралдаж Монгол улс анх удаа тус конвенцын Засгийн газар хоорондын хорооны гишүүн (2019-2023)-ээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд ингэснээр хорооны бодлогын шийдвэрт нөлөөлж Монгол улс дахь тус конвенцын хэрэгжилтийг сайжруулах, соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийг урагшлуулах, уран бүтээлчдийн эрх зүйн орчныг сайжруулах, конвенцын ашиг тусыг илүүтэй хүртэх зэрэгт чухал ач холбогдолтой юм.

Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай ЮНЕСКО-ийн конвенцын хэрэгжилтийг хангах хүрээнд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын зүгээс холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн ажлаас дурдвал:

  1. Тус конвенцын гишүүн орны хувьд 2012 онд анх удаагаа Соёлын төрөл зүйлийг дэмжих олон улсын сангаас “Монголын соёлын статистикийн хүрээ: үндэсний бүртгэлийн чадавхыг бүрдүүлэх₮ төслийг хэрэгжүүлэхээр79,000 ам.долларын санхүүжилт авсан. Уг төслийг СУИС боловсруулж 2013-2016 онд хэрэгжүүлсэн нь соёлын салбарын статистикийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход шаардлагатай олон талт мэдээллийг олон улсын стандарт, кодын системд нийцүүлэн авах, мэдээллийн сан бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн ач холбогдолтой болов.
  2. ЮНЕСКО болон БНСУ-ын Итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр “Бүтээлч үйлдвэрлэлийг хөгжлөөр дамжуулан соёлын илэрхийллийн олон янз байдлыг дэмжин тэтгэх – Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг бэхжүүлэх” төслийн хүрээнд Монгол Улс дахь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн зураглалыг гаргахад чиглэсэн Үндэсний зөвлөлдөх уулзалт, семинарыг Улаанбаатар хотноо 2016 оны 5 дугаар сард зохион байгуулсан.
  3. ЮНЕСКО-ийн Оролцооны хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Монгол улсад бүтээлч үйлдвэрлэлийн онлайн сүлжээг бий болгох” төслийг 2016-2017 онуудад хэрэгжүүлэв.
  4. Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн дэмжлэгтэйгээр “Суурь эрх чөлөө ба соёлын илэрхийллийн олон төрлийг хөхиүлэн дэмжихэд соёлын бодлогыг дахин тодорхойлох нь” төслийг 2018-2020 онуудад хэрэгжүүлэн ажиллаж байна.

Бичиг үсгийн олон улсын шагналыг 1967 оноос хойш жил бүр олгож байна. Энэхүү шагнал нь БНСУ-аас ивээн тэтгэдэг Сэжонг хааны болон БНХАУ-аас ивээн тэтгэдэг Күнзийн нэрэмжит бичиг үсгийн шагналаас бүрддэг. Улс орон бүр Сэжонг хааны нэрэмжит бичиг үсгийн олон улсын шагналд хоёр хүртэл, Күнзийн нэрэмжит бичиг үсгийн олон улсын шагналд гурав хүртэлх хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагыг нэр дэвшүүлэх боломжтой.

  • ЮНЕСКО – Сежонг хааны шагнал. ЮНЕСКО – Сежонг хааны шагналыг анх 1989 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр олгож эхэлсэн бөгөөд эх хэлээр бичиг үсэгт сургах үйл ажиллагааг дэмжих зорилготой.
  • ЮНЕСКО – Күнзийн шагнал. ЮНЕСКО – Күнзийн шагналыг анх 2005 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр олгож эхэлсэн бөгөөд хөдөө орон нутгийн иргэд болон сургууль завсардсан залуус, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих зорилготой.

Бичиг үсгийн шагналыг жил бүр 5 хүртэлх хувь хүн, байгууллагад олгодог бөгөөд 20,000 ам.долларын мөнгөн урамшуулал дагалддаг.

ЮНЕСКО-ийн техник, мэргэжлийн боловсрол, сургалтын олон улсын төв (UNESCO-UNEVOC)

ЮНЕСКО-ЮНЕВОК олон улсын төв нь гишүүн орнуудын ажиллах хүчин, ялангуяа залуу үе, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлдэг төдийгүй “Бүх нийтийн боловсрол хөтөлбөр” болон “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийг дэмжин ажилладаг.

ЮНЕСКО-ЮНЕВОК төв нь бүс нутгийн төдийгүй олон улсын харилцаа холбоог сайжруулах, мэдлэгийг түгээхэд техникийн туслалцаа үзүүлдэг ба ЮНЕВОК сүлжээ /UNЕVOC Network/-г сайжруулах, шинэчлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Тус олон улсын төв нь дэлхийн 165 гаруй улстай хамтран ажилладаг бөгөөд ЮНЕВОК сүлжээгээр дамжуулан ажиллаж байна.

Монгол Улсад БСҮХ-ийн дэргэдэх болон МБС Түншлэл (VETP) ЮНЕВОК сүлжээ төвүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

unesco

Боловсролын салбарт шилдэг үйл ажиллагаа, тэргүүн туршлага нэвтрүүлж онцгой үр дүнд хүрсэн багш, сурган хүмүүжүүлэгч, төрийн болон төрийн бус байгууллага, судалгааны байгууллагыг урамшуулах зорилгоор хоёр жилд нэг удаа 2008 оноос эхлэн “ЮНЕСКО-Хамдан бин Рашид Аль-Мактум” шагналыг олгож байна.

Уг шагналыг гурав хүртэлх хувь хүн эсвэл байгууллагад олгодог бөгөөд тус бүр нь 100,000 ам.долларын мөнгөн урамшуулал дагалдана.

Тус шагналыг хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагуудын боловсрол олгох, эзэмшихэд МХХТ-ийг бүтээлчээр ашиглах чиглэлд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг урамшуулах зорилгоор 2005 оноос эхлэн жил бүр олгож байна.

Уг шагналыг хоёр хүртэлх хувь хүн эсвэл байгууллагад олгодог бөгөөд тус бүр нь 25 000 ам.долларын мөнгөн урамшуулал дагалдана.

unesco

1992 онд байгуулагдсан ЮНЕСКО-ийн Тэнхимүүдийн болон их, дээд сургуулиудын хамтын ажиллагааны сүлжээ нь 110 орны 830 гаруй байгууллагыг эгнээндээ нэгтгэдэг бөгөөд мэдлэгийг хуваалцах, хамтран ажиллах замаар их, дээд сургуулиудын чадавхыг бэхжүүлэх зорилгоор ЮНЕСКО-ийн боловсрол, байгаль ба нийгмийн шинжлэх ухаан, соёл, харилцаа холбооны чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг дэмжин ажилладаг.

Энэ сүлжээгээр дамжуулан дэлхий даяар дээд боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагууд өөрсдийн хүний болон материаллаг нөөц баялгийг бий болгож, тулгарч буй сорилтуудыг даван туулж, нийгэмд хувь нэмэр оруулж байна. Ихэнх тохиолдолд сүлжээ болон тэнхимүүд нь эрдэмтэд, иргэний нийгэм, орон нутгийн нийгэмлэгүүд, судлаачид болон бодлого боловсруулагчдын дунд гүүр болон ажилладаг. Мөн бодлогын чанартай шийдвэр гаргах, багшлах шинэ арга санаачилгыг бий болгох, судалгаа шинжилгээнд үндэслэн шинэлэг санаачилга дэвшүүлэх, соёлын олон талт байдлыг дэмжихийн зэрэгцээ одоо байгаа их, дээд сургуулиудын хөтөлбөрийг баяжуулахад хувь нэмрээ оруулдаг. Мэргэжилтэн дутмаг газруудад UNITWIN сүлжээ нь бүс нутгийн болон дэд бүсийн түвшинд тэргүүн туршлага, инновацын тулгуур болдог.

unesco

Монгол Улсад ЮНЕСКО-ийн Тэнхимүүдийн болон их, дээд сургуулиудын хамтын ажиллагааны сүлжээний 3 гишүүн үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

  • 2007 оноос ЮНЕСКО-ийн Газрын доорх усны тогтвортой менежментийн тэнхим. Тус тэнхимийн эрхлэгчээр Монгол Улсын зөвлөх инженер, доктор (Ph.D) Л.Жанчивдорж, Япон Улсын Цукуба Их Сургуулийн профессор Танака Тадаши нар ажиллаж байгаад хожим нь тус сургуулийн профессор Маки Цүжимура нар 2020 он хүртэл ажилласан байна.
  • ШУА-ийн ГГХ-ийн дэргэд ЮНЕСКО-ийн Зүүн Төв Азийн Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан, уур амьсгалын өөрчлөлтийг хариуцсан Тэнхим. Тэнхимийн эрхлэгчээр Доктор, Профессор, Михаэль Вальтер ажиллаж байна.
  • ШУТИС-ийн дэргэдэх Нийгмийн өөрчлөлт, тогтвортой хөгжлийн тэнхим. Тэнхимийн эрхлэгчээр Доктор Б.Очирбат ажиллаж байна. 

Тус хөтөлбөр нь:

  • Тухайн орны эрх бүхий байгууллагууд болон ЮНЕСКО-д хүлээн зөвшөөрөгдсөн их, дээд сургууль, дээд боловсролын байгууллагууд,
  • Дээд боловсролын судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд,
  • Эрдэм шинжилгээний байгууллагууд,
  • Их, дээд сургуулиудын болон академик холбоод,
  • ЮНЕСКО-той хамтын ажиллагаатай болон хамтын ажиллагаа хөгжүүлэхээр төлөвлөж буй үндэсний, бүс нутгийн, олон улсын түвшний дээд боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн байгууллагуудад нээлттэй байдаг.

Дээрх дээд боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ЮНЕСКО-ийн Тэнхимүүд болон их, дээд сургуулиудын хамтын ажиллагааны сүлжээнд хамрагдах өргөдөл гаргах боломжтой.

Дэлгэрэнгүйг: https://www.unesco.org/en/unitwin холбоосоор хүлээн авна уу.

unesco

ЮНЕСКО нь хүүхэд бүрийн амьдралд зөв эхлэлийг олгох зорилгоор бүс нутаг, олон улс болон үндэсний хэмжээнд Сургуулийн өмнөх боловсролыг тэгш хүртээмжтэй олгох чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажилладаг. Боловсролын системийн суурь, салшгүй нэгэн хэсэг бол Сургуулийн өмнөх боловсрол юм. Чанартай боловсрол эзэмшээгүй хүүхдүүдийн хувьд өөрийн карьерийг цааш үргэлжлүүлэх суурь хангалттай тавигдаагүйн улмаас сурлагын амжилт гаргахгүй байх, сургууль завсардах, улиран суралцах зэрэг эрсдэлтэй тулгарч болзошгүй байдаг.

ЮНЕСКО нь гишүүн орнууддаа “Боловсрол 2030” болон Тогтвортой хөгжлийн 4.2-р зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр СӨБ-ын салбарт мэдлэгийг бий болгон хуваалцах, чадавхыг бэхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх зэргээр бодлого, стратегид нөлөөлөх түвшинд хамтран ажилладаг. Үүнд багшийн хөгжил, хүүхэд асран хүмүүжүүлэх арга барил, гэр бүлийн боловсрол зэрэг мөн багтдаг.

ЮНЕСКО нь Бага насны хүүхдийг асран хамгаалах, боловсрол эзэмшүүлэх зорилгоор төрсөн цагаас нь эхлэн бага сургуульд элсэх хүртэл хугацаанд улс орнуудын засгийн газар болон бусад оролцогч талуудтай хамтран ажиллаж дэмжлэг үзүүлдэг. Гэвч энэхүү насны хүрээлэл нь улс орны хөгжлийн янз бүрийн үе шатуудыг хамардаг тул тус бүлгийн бүх хүүхдэд нэгэн зэрэг, эрх тэгш хүрч үйлчлэхэд хүндрэлтэй байдаг.

Үүнтэй холбогдуулан ЮНЕСКО-ийн СӨБ-той холбогдох үйл ажиллагаа нь 3-аас дээш насны бүх хүүхдэд цогц, чанартай боловсролыг олгоход сурган хүмүүжүүлэх зохистой арга барилыг ашиглах, бага дунд боловсролын системтэй харилцан уялдуулах, мөн бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, нийгэмших эрэлт хэрэгцээг чухалчилж байгаа билээ.

unesco

ЮНЕСКО-ийн нэг чухал үйл ажиллагааны чиглэл нь гишүүн орнуудын ерөнхий боловсрол, ялангуяа охидын боловсролыг дэмжих явдал юм. Ерөнхий боловсролын сургуулиудад олон төрлийн мэргэжил сонголтууд болох шинжлэх ухаан, технологи, инженер, математик зэрэг мэргэжлээр мэдлэг олгох нь орон нутгийн, үндэсний болон олон улсын хэмжээнд нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой гэж үздэг.

ЮНЕСКО-ийн Ерөнхий боловсролын үндсэн зорилгыг “ЮНЕСКО-ийн зүгээс онолын мэдлэг, практикт суурилсан ур чадварууд болон иргэний хариуцлагыг чухалчилсан бүрэн дунд боловсролын тогтолцоог хөгжүүлэх явдлыг дэмждэг ба энэ нь сурагчдад тасралтгүй үргэлжлэх боловсролыг олж эзэмших болон ажлын талбарт үр дүнтэй бэлтгэгдэх боломжийг олгоно” хэмээн тодорхойлсон байдаг.

Боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд багш нарын мэдлэг, чадвар, мэргэшил, арга зүйн чадавхыг дээшлүүлэх, бие даан ажиллах чадвар бүхий боловсон хүчнийг бэлтгэх нь чанартай боловсролыг дэмжихэд нэн даруй шийдвэрлэх тэргүүн зорилт билээ.

unesco

ЮНЕСКО нь дээд боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй НҮБ-ын цорын ганц байгууллага юм. Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилгын 4.3 “2030 он гэхэд бүх оюутнууд боломжийн төлбөр бүхий чанартай дээд боловсролд хамрагдах тэгш боломжоор хангагдсан байна” гэсэн зорилтын хүрээнд гишүүн орнуудад дээд боловсролын стратеги, бодлогод дүн шинжилгээ хийх, чанартай дээд боловсролд тэгш хамруулах зэргээр бодлогын түвшинд туслалцаа үзүүлж байна.

ЮНЕСКО нь 1965 онд Монгол улсын их сургуулийн дэргэд Политехникийн дээд сургууль байгуулахаар 1,5 сая ам.долларын өртөгтэй төслийг анх хэрэгжүүлжээ. Тус дээд сургууль 1968 онд 6 тэнхим 1000 оюутантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж Монголын үндэсний инженерүүдийг бэлтгэж эхэлсэн юм. Энэхүү төслийн хүрээнд багш, мэргэжилтнүүдийг гадаадад суралцаж, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэхийн хамт багшлах боловсон хүчнээр хангахад тусалсан билээ. Өнөөдөр Политехникийн дээд сургууль Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС) болон өргөжин тэлж, үйл ажиллагаагаа явуулж байна

Сүүлийн жилүүдэд Монгол улсын дээд боловсролыг олон улсын стандартад нийцүүлэх, боловсролын чанарыг дээшлүүлэх, дээд боловсролын дипломыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх, оюутан, багш, эрдэмтдийг харилцан солилцох, эрдэм шинжилгээний ажлыг хамтран гүйцэтгэх чиглэлээр ЮНЕСКО, Монгол улсын Засгийн газартай хамтран тодорхой төслүүдийг хэрэгжүүлж байна.

ЮНЕСКО-оос техникийн туслалцаа үзүүлсний үндсэн дээр Монгол улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор “Дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай Ази, Номхон далайн бүс нутгийн 2011 оны Токиогийн конвенц”-д нэгдэж, 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Үүний дараагаар 2024 оны 11 дүгээр сард “Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц”-д Монгол Улс нэгдэн орлоо. ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлаас 2019 онд баталсан тус конвенцод дэлхийн 33 улс нэгдсэн ба Монгол Улс 34 дэх нь болж байгаа юм. 

Конвенцод нэгдэн орох нь үндэсний чадамж, магадлан итгэмжлэл, чанарын баталгааны тогтолцоог бэхжүүлэх, оюутнууд, эрдэмтэд, ажилтнуудын шилжилт, хөдөлгөөнийг хөнгөвчилж, Монгол улсын дээд боловсрол эзэмшсэн оюутнуудыг гадаадад үргэлжлүүлэн сургах, дээд боловсрол эзэмшүүлэх чадварыг эзэмшүүлэхэд тус дөхөм болж, Монгол улс дээд боловсролоор дамжуулан улс орнууд, бүс нутгийн харилцааг бэхжүүлэх ЮНЕСКО-ийн хүчин чармайлтыг дэмжиж буйг нотлон харуулах ач холбогдолтой.

Энэ чиглэлээр ЮНЕСКО болон Солонгосын Итгэлцлэлийн Сангийн дэмжлэгтэйгээр БМИҮЗ-ийг чадавхжуулах, тоног төхөөрөмжөөр хангах, вебсайт ажиллуулах зэрэг дэмжлэгийг 2022 оноос хойш үзүүлж, нягт хамтран ажиллаж байна. 

unesco

Техник, мэргэжлийн боловсрол, сургалт (ТМБС) нь боловсрол болон ажил эрхлэлтийг холбож өгдөг. ТМБС нь залуус, насанд хүрэгчдийн хөдөлмөр эрхлэх, зохистой ажлын байр олох, бизнес эрхлэхэд шаардлагатай ур чадварыг хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх замаар эдийн засаг, нийгэм, байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхийг зорьдог. Ингэснээр ТМБС нь тэгш, хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлтийг сурталчлан ногоон болон дижитал эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлдэг.

ЮНЕСКО нь Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилго, Боловсрол 2030 үйл ажиллагааны хүрээтэй уялдуулан 2016-2021 онд хэрэгжүүлэх ТМБС-ийн зөвлөмжийг гишүүн орнуудын техник мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор боловсруулан гаргасан.

ЮНЕСКО-ийн техник мэргэжлийн боловсрол, сургалтын төвүүдийн олон улсын сүлжээ нь энэ чиглэлээр харилцан суралцах, чадавхыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гол хөдөлгөгч хүч болж байна. ЮНЕСКО болон түүний харьяа байгууллагууд, ТМБС-ын чиглэлийн агентлаг хоорондын бүлгийн гишүүд хамтран хувь хүн, аж ахуйн нэгж, нийгмийн хэрэгцээг хангах санаачилга, үйл ажиллагааг хамтран явуулсаар байна.

2018 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ЮНЕСКО-д албан ёсоор хүсэлт тавьж, Монгол улсын ТМБС-ын салбарын бодлого, зохицуулалт, тулгамдаж буй асуудал, ололт амжилтын талаар цогц тойм шинжилгээ хийлгэх, ТМБС-ын салбарт стратегийн шинэчлэл хийхэд Монгол улсын Засгийн газарт бодлогын зөвлөмж өгөхийг хүсэлт болгосон юм. Ингээд ЮНЕСКО нь 2018-2019 оны хооронд ХНХЯ-тай нягт хамтран ажиллаж, салбарын олон мэргэжилтнүүдийн оролцоотойгоор Монгол улсын ТМБС-ын бодлогын тойм шинжилгээний тайланг бэлтгэн гаргаж, тодорхой зөвлөмжүүдийг өгөөд байна. Түүнчлэн ЮНЕСКО-ийн МҮК нь 2 жил тутамд ТМБС-ийн үндэсний форумыг зохион байгуулж, оролцогч талуудтай санал солилцон, зөвлөмж гаргадаг билээ.

Насан туршийн боловсрол бол тасралтгүй, хэзээ ч зогсдоггүй, гэхдээ дангаараа явагддаггүй, хувь хүний хүсэл эрмэлзлэлд хөтлөгдсөн үйл ажиллагаа юм. Мөн сонгосон мэргэжлийнхээ хүрээгээр хязгаарлагдахгүй, амьдралын бүхий л нөхцөлд анх амьсгалж эхэлснээс амьсгалаа хураатал шаардлагатай мэдлэг чадвар, зан чанарын хэм хэмжээний талаар зөвхөн мэдээд зогсохгүй, түүнийгээ үр өгөөжтэй хэрэглэж, түүнээсээ сэтгэлийн ханамж авч чаддаг байх гэсэн санааг агуулж байдаг.

ЮНЕСКО-ийн Насан туршийн суралцахуйн бодлого, стратегийн хөтөлбөрт 21-р зууны боловсролын салбарт шинэчлэлт хийх, насан туршийн боловсролыг хөгжүүлэн дэмжих зарчмуудыг тусгасан байдаг. ЮНЕСКО нь гишүүн орнуудад Насан туршийн боловсролын бодлого, стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавьж, үнэлэх чиглэлд дэмжлэг үзүүлдэг.

unesco

Насан туршийн суралцахуйн бодлого, стратегийн хөтөлбөрт гишүүн орнуудын оролцоонд тулгуурласан гурван үндсэн чиглэлийг баримталдаг. Үүнд:

  • Бодлогод суурилсан судалгаа, шинжилгээ хийх
  • Техникийн туслалцаа үзүүлэх болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх сургалт, семинар зохион байгуулах
  • Үндэсний, бүс нутгийн болон олон улсын түвшинд бодлого, стратегийн хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлэх

ЮНЕСКО-оос дэлхий дахинд хэрэгжүүлж буй төслүүд:

  • Насан туршийн суралцахуйн олон улсын удирдлага
  • Насан туршийн суралцахуйн бодлого, стратегиуд
  • ЮНЕСКО-ийн Насан туршийн суралцахуйн хүрээлэнгээс албан бус сургалтуудын үр дүнг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах, магадлан итгэмжлэх чиглэлээр хэрэгжүүлдэг олон улсын хөтөлбөр
  • Бүс нутгийн болон үндэсний мэргэшлийн шалгуур үзүүлэлтүүдийн олон улсын үнэлгээ
  • ЮНЕСКО-ийн суралцагч хотуудын олон улсын сүлжээ (UNESCO Global Network of Learning Cities)

ЮНЕСКО-ийн Насан туршийн суралцахуйн хүрээлэн 2022 оноос хойш Монгол Улсын насан туршийн суралцахуйн үзэл баримтлал, бодлогын баримт бичиг боловсруулахад арга зүйн дэмжлэг үзүүлж байна. Түүнчлэн жил тутам тус хүрээлэнгийн экспертүүд сайн туршлага хувваалцах, бодлого боловсруулагч, багш, ажилтан, олон нийтийг чадавхжуулах сургалтуудыг танхим болон цахимаар зохион байгуулдаг.  

ЮНЕСКО-ийн Насан туршийн суралцахуйн хүрээлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. 

 

unesco

ЮНЕСКО нь бүх түвшинд тогтвортой хөгжлийн боловсролын хүртээмжийг сайжруулах, боловсролыг шинэчлэн хүмүүсийн мэдлэг, ур чадвар, үнэ цэн, зан төлөвийн байдлыг эерэг хандлагад хувирган хөгжүүлэх зорилготой юм. Энэ нь тогтвортой хөгжлийн асуудал болох дэлхийн дулаарал, биологийн олон төрөл зүйлийн талаар багшлах, суралцахуйд тусгах асуудал юм. Хувь хүмүүс сорилт бэрхшээлийг даван туулах, соёлын олон талт байдлыг хүндэтгэх, тогтвортой ертөнцийг бий болгохийн төлөө хувь нэмрээ оруулах зэргээр хариуцлагатай хандахыг уриалан дэмждэг.

Тогтвортой хөгжлийн боловсрол нь чанартай боловсролын чухал нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд тогтвортой хөгжлийг дэмжих гол хүчин зүйл хэмээн олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдөөд байна. Дэлхий нийтээрээ 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн зорилгууд нь тогтвортой хөгжлийн боловсролыг багтаасан байдаг. ЮНЕСКО нь Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих Дэлхийн үйл ажиллагааны хөтөлбөрийг зохицуулах үүргийг мөн хүлээдэг.


Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтын дагуу 2018 оноос “Тогтвортой хөгжлийн боловсрол” үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна. Бүх нийтэд байгаль орчноо хамгаалах, түүх, соёлын өвийг дээдлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, түүнд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг даван туулах, байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээний соёл, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чиглэсэн тогтвортой хөгжлийн боловсрол эзэмшүүлж, Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад хөтөлбөрийн зорилго оршино.

2022 онд ЮНЕСКО-ийн МҮК нь "Тогтвортой хөгжлийн боловсрол: замын зураглал"-ыг монгол хэлээр орчуулан олны хүртээл болгосон. Түүнчлэн Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнтэй хамтран "ТХБ-2030: Монгол Улсын санаачилга" бодлогын бичиг баримтыг боловсруулж, ТХБ-ын алсын хараа, стратеги боловсруулсан анхдагч улс орны нэг болсон билээ.  

Монгол Улс түүнчлэн ЮНЕСКО-ийн Ногоон боловсролын хамтын ажиллагаа (Greening Education Partnership)-ны гишүүн юм. Тус хамтын ажиллагаа нь 2023-2024 онуудад "Ногоон боловсролын хичээлийн хөтөлбөр" болон "Ногоон сургуулийн чанарын стандарт" гэх томоохон бодлогын зөвлөмж боловсруулсан билээ. (зөвлөмжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу) 

 

Дэлхийн иргэний боловсрол (ДИБ) нь дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй хүний эрхийн зөрчил, тэгш бус байдал, ядуурал зэрэг сорилтуудад ЮНЕСКО-оос өгөх хариу үйлдэл бөгөөд бүх насны иргэдэд эдгээр асуудлууд нь зөвхөн улсад бус харин дэлхий дахинд байгаа гэдгийг ойлгуулан иргэдийг тайван, аюулгүй, тогтвортой нийгмийн төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлдэг.

ДИБ нь ЮНЕСКО-ийн Боловсролын хөтөлбөрийн стратегийн нэг чиглэл бөгөөд энх тайван, хүний эрхийн боловсролын чиглэлээр хийгдсэн ажлууд дээр тулгуурладаг. Хариуцлагатай дэлхийн иргэнийг дэмжих, бүтээлч сэтгэлгээ, инновац, энх тайван, хүний эрх, тогтвортой хөгжлийг цогцлоох үнэт зүйл, хандлага, зан төлөвийг суралцагчдад төлөвшүүлэхийг зорьдог.

ЮНЕСКО-ийн тус чиглэлийн үйл ажиллагаа нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Боловсрол 2030 хөтөлбөр, тэр дундаа Тогтвортой хөгжлийн 4.7-р зорилт, Олон улсын ойлголцлын тухай боловсролын зөвлөмж, Хүний эрх, суурь эрх чөлөөтэй холбоотой хамтын ажиллагаа, энх тайван болон боловсролын талаарх 1974 оны зөвлөмж, 2005 оноос хэрэгжиж буй Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөр зэрэгт суурилсан байдаг.

ЮНЕСКО нь Дэлхийн иргэний боловсролыг түгээн дэлгэрүүлэхдээ олон улсын хэмжээнд байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд үүнд ЮНЕСКО-ийн нэгдүгээр зэрэглэлийн хүрээлэнгүүд, НҮБ-ын агентлагууд болон Засгийн газар хоорондын байгууллагууд, түүний дотор бүс нутгийн хүрээний ЮНЕСКО-ийн Махатма Гандийн нэрэмжит боловсролын хүрээлэн, Африк дахь чадавхийг бэхжүүлэх олон улсын хүрээлэн, ЮНЕСКО-ийн Статистикийн хүрээлэн, Олон улсын харилцан ойлголцлын төлөөх Ази, Номхон далайн боловсролын төв, ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын сүлжээ болон ЮНЕСКО-ийн Их, дээд сургуулиудын хамтын ажиллагааны сүлжээ зэрэг байгууллагууд багтдаг.

Монгол улс НҮБ-ын чуулганаар тунхагласан “Бичигтэн болгох 10 жил”-ийн эхлэл суурийг ЮНЕСКО-ийн хүрээнд тогтоолын төсөл боловсруулан тавьж байснаас гадна “Ардчиллын боловсролоор дамжуулан дэлхийн иргэнийг төлөвшүүлэх зорилтыг дэмжих” тухай тогтоолын төсөл санаачилж бусад гишүүн орнуудын хамт боловсруулан ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 37 дугаар чуулганд оруулан 2013 онд батлуулсан.

unescoБоловсролын асуудлыг хариуцдаг НҮБ-ын төрөлжсөн байгууллагын хувьд ЮНЕСКО нь улс орнуудад мэдээлэл, харилцаа холбооны технологийн тусламжтайгаар Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилго болон Чиндаогийн тунхаглалд тусгагдсан зорилго, зорилтод хүрэх үйл ажиллагааг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.

ЮНЕСКО нь боловсролыг бүх нийтэд хүртээмжтэй болгох, багшийн хөгжлийг дэмжих, суралцах чанарыг сайжруулах, тэгш хамран сургалтыг нэмэгдүүлэх, боловсролын удирдлага, засаглалыг сайжруулахад технологийн олон арга хэрхэн нөлөөлдөг талаарх мэдлэг, мэдээллийг хуваалцах зэргээр улс орнуудад дэмжлэг үзүүлдэг. Мөн мэдээлэл, харилцаа холбооны технологийг боловсролд амжилттайгаар хэрэгжүүлсэн сайн туршлага дээр үндэслэн бодлогын удирдамж, зөвлөмжийг боловсруулдаг.

ЮНЕСКО-оос тус чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, дэмжлэгээс дурдвал: 

  • ЮНЕСКО нь МХХТ-ийн чиглэлээр Монгол Улсад арга зүйн дэмжлэг үзүүлж ирсэн ба хамтын ажиллагааны хүрээнд “Багш нарын МХХТ-ийн нийтлэг чадамж”, “Боловсролын салбар дахь МХХТ-ын мастер төлөвлөгөө” зэрэг бодлогын бичиг баримтуудыг боловсруулаад байна.
  • 2024 онд ЮНЕСКО-ийн МҮК нь Олон улсын компьютерын хэрэглээний гэрчилгээ олгох байгууллага (ICDL)-тай хамтран багш нарын цахим ур чадварыг хөгжүүлэх төслийг 2024 онд амжилттай хэрэгжүүллээ. Уг төслийн хүрээнд Medle цахим сургуулийн 5 менежерийг сургагч багшаар бэлтгэн батламж олгосон ба нийслэл, аймгийн 20 багшид онлайн хичээл болон өдөр тутмын ажилд шаардагдах цахим ур чадвар олгох сургалтад хамрагдаж  батламж гардан авлаа.
  • 2023-2024 онд зудын гамшгийн хариу арга хэмжээ авах, боловсролын салбарыг дэмжих төслийн хүрээнд алслагдсан сумдуудын ЕБС-уудад 500 гаруй зөөврийн компьютер, таблет, интернэт эрх зэрэг дижитал хэрэглүүрүүдийг хүлээлгэн өглөө. 
  • 2023-2025 онуудад "Дээд боловсролын байгууллагуудын дижиталчлал" сэдвээр Ази-Номхон далайн бүс нутгийн судалгааны ажил хийгдэж байна.  

 

unesco

ЮНЕСКО нь гишүүн орнуудад боловсролын бодлого, стратеги боловсруулах, тэдгээрийн үр дүнтэй хэрэгжилт, “тэгш хамран сургах, тэгш боломжийг хангасан чанартай боловсрол, бүх нийтийн насан туршдаа суралцах боломжийг дэмжих” Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилгод хүрэхэд дэмжлэг үзүүлж байна.

ЮНЕСКО нь боловсролын бодлогод үнэлгээ, шинжилгээ хийх, боловсролын салбарын хөгжлийн төлөвлөгөөний загвар гаргах, үндэсний боловсролын тэргүүлэх чиглэлүүдийг дэмжихийн тулд хандивчлагчдыг дайчлах, сургалтын хөтөлбөр шинэчлэх, багш нарын талаарх бодлого боловсруулах, мэдээлэл, харилцаа, холбооны технологийг боловсролд ашиглах зэрэг үйл ажиллагаанд техникийн туслалцаа үзүүлдэг. Түүнчлэн, бодлого боловсруулах, салбарын дүн шинжилгээ хийх, төлөвлөлт, загварчлал, нөөцийн тооцоолол гаргах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг байгууллагын чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.

unesco

ЮНЕСКО нь үгээр болон зургаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг сурталчлан, ном хэвлэл болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахимаар чөлөөт, хараат бус, олон ургалч байдлыг дэмждэг. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн энэхүү дэвшил нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжихээс гадна энх тайван, тогтвортой байдал, хүний эрхийг дээдэлж, ядуурлыг зогсооход хувь нэмэр оруулдаг юм.
Энэхүү үндэслэл нь ЮНЕСКО хэвлэлийн эрх чөлөөний бодлого, сэтгүүлчдийн аюулгүй байдал болон мэргэжлийн ёс зүйтэй зарчимд суурилсан бие даасан сэтгүүлзүйг дэмждэгтэй холбоотой.
ЮНЕСКО-ийн хувьд олон ургалч болон олон төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь мэдээллийн сонголтуудаас олон нийтийг зөв сонголт хийх боломжоор хангадаг. Ийм учраас ЮНЕСКО нь өнөөдөр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хөгжүүлэхэд болон хэвлэл мэдээллийн салбар дахь жендэрийн тэгш байдлыг дэмжихэд тус дэм болж байгаа юм.

unesco

ЮНЕСКО нь хувь хүмүүсийг мэдээлэл боловсруулагч болон мэдээлэл хүлээн авагчийн хувьд тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол болон сэтгүүл зүйн боловсролын хүрээнд санаачилга гарган ажилладаг. Хүний эрхийн түгээмэл тунхаг бичгийн 19 дүгээр зүйлд тусгасны дагуу ЮНЕСКО-ийн энэхүү өргөн хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагаанууд нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжиж байгаа илрэл юм.

Мөн ЮНЕСКО нь Сэтгүүлчид, аюул, заналхийллээс салангад байж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөгөө хангаж буйг үндэслэн Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилладаг. Түүнчлэн, тус байгууллага нь НҮБ-ын Сэтгүүлчдийн Аюулгүй байдлыг хамгаалах Ажлын төлөвлөгөө (Plan of Action) буюу эдгээр асуудлуудыг хамтран, олон талт байдлаар хэлэлцэж шийдвэрлэх ажлыг анх санаачилсан юм.

unesco

Тархины хэвийн үйл ажиллагаа нь бидний авч байгаа мэдээллээс шалтгаалдаг бөгөөд эдгээр нь янз бүрийн эх үүсвэрээс авч буй (тухайлбал, хүмүүс, хэвлэл мэдээлэл, номын сан, архив, музей, нийтлэгч болон бусад интернэт зэргээр мэдээлэл түгээгчид г.м) мэдээллүүд нь бидний итгэл үнэмшил, ойлголт болон хандлагад ихээр нөлөөлдөг билээ.

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар иргэдийн мэдээлэл олж авах, харилцаа холбоо тогтоох боломж нь маш их нэмэгдсэн хэдий ч, зарим хүмүүсийн хувьд мэдээлэл олж авах боломж нь тун хязгаарлагдмал байдаг бол бусад нь хэвлэл мэдээлэл, шууд нэвтрүүлэг болон бусад дижитал хэлбэрээр хангалттай мэдээллээр хангагдаж байна. “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол” нь цахим, цахим бус орчныг хэрхэн зүй зохистой ашиглах, мөн аливаа мэдээлэлд хэрхэн шүүмжлэлтэй хандаж дүгнэх вэ? Цахим болон цахим бус орчин дахь бидний эрх үүрэг юу вэ? Мэдээлэл олж авах, ашиглахтай холбоотой ёс зүйн асуудлууд юу вэ? Эрх тэгш байдал, соёл, шашин хоорондын хамтын ойлголцол, энх тайван, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө болон мэдээлэл олж авах эрх зэргийг хөхиүлэн дэмжихэд хэвлэл мэдээлэл болон мэдээлэл, харилцаа холбооны технологийг хэрхэн ашиглаж чадах вэ зэрэг асуултуудад хариулт өгдөг.

ЮНЕСКО нь сургалтын хөтөлбөр боловсруулалт, бодлогын удирдамж, зохицуулалт болон үнэлгээний тогтолцоо зэрэг чадавх бэхжүүлэх нөөц боломжуудаар дамжуулан, иргэдийн Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Мөн Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын (MIL) тухай бие даан суралцахад зориулсан үнэ төлбөргүй, олон нийтэд нээлттэй онлайн курсууд нь хүртээмжтэй байдаг. ЮНЕСКО нь Хэвлэл мэдээлэл болон мэдээллийн технологиудаар мөн Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын төлөөх Дэлхий нийтийн түншлэл (GAPMIL) болон ХММСБ-ын Их сургуулиудын сүлжээгээр (MILD) дамжуулж судалгаа, сүлжээнүүдийн хамтын ажиллагааг хөхүүлэн дэмждэг. “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол: шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээ, бичиг үсэгт тайлагдсан байдал, соёл хоорондын, иргэншил, мэдлэг болон тогтвортой байдал” (MIL CLICKS) хэмээх саяхан хэрэгжиж эхэлсэн олон нийтийн хэвлэл мэдээллийн санаачилга нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн боловсролтой нийгмийг бий болгоход чиглэсэн ЮНЕСКО-ийн стратегийн нэг хэсэг юм.

ЮНЕСКО болон Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн дэмжлэгтэйгээр Хэвлэлийн хүрээлэн “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол” төслийг 3 дахь жилдээ (2018-2020) хэрэгжүүлж байгаа билээ.

unesco

Уг төслийн хүрээнд хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг нийгмийн бүхий л хүрээнд хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, шийдвэр гаргагч болон олон нийтийн мэдлэг, ойлголт, хандлагыг дээшлүүлэх, бодлого шийдвэрт нөлөөлөхөд оролцогч талуудын нэгдмэл хүчин чармайлт, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх зорилгоор Үндэсний сүлжээ байгуулав.

Үндэсний сүлжээнд төр, төрийн бус, хувийн хэвшлийн төлөөлөл нийт 15 байгууллага нэгдэж буй бөгөөд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, сүлжээ байгуулагдсаныг албан ёсоор 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр зарлав.

Үндэсний сүлжээ байгуулах санаачилгыг Хэвлэлийн хүрээлэн, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс гаргасан бөгөөд Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, “Бүх нийтийн боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, Глоб интернэйшнл төв, Д.Нацагдоржийн нэрэмжит төв номын сан, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, МҮОНТВ-ийн Гэр бүлийн суваг, УИХ-ын Тамгын газрын ХМОНХХ, Faro foundation Mongolia, Харилцаа холбооны зохицуулах хороо, Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, ХХМТГ-ын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын газар гэсэн байгууллагууд нэгдэн оров.

Энэхүү сүлжээнд нэгдэн орох асуудал бүх байгууллагад нээлттэй бөгөөд хамтран ажиллах сонирхол, хүсэл эрмэлзэлтэй байгууллагуудыг урьж байна. Монгол улс дахь Хэвлэл мэдээлэл, мэдээллийн үндэсний сүлжээний талаар доорх холбоосоор орж тогтмол мэдээлэл авах боломжтой. https://www.facebook.com/MILMongolia

unescoДэлхийн баримтат өвийн асар олон үнэт дурсгалууд дахин нөхөгдөхгүйгээр элэгдэж, гэмтэж, устан алга болж байгааг зогсоох шаардлага байгааг харгалзан үзэж ЮНЕСКО 1992 онд тэдгээрийг хадгалж хамгаалах зорилгоор “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийг эхлүүлсэн билээ. Баримтат өвийг олон улсын хэмжээнд хоёр жил тутамд сонгон шалгаруулж бүртгэдэг бөгөөд Баримтат өвийн Олон улсын болон Бүс нутгийн бүртгэлийн жагсаалтад өнөөдрийн байдлаар 110 орны 350 гаруй баримтат өв энэхүү хөтөлбөрийн хүрээнд бүртгэгдээд байна.

Уг хөтөлбөрийн гол зорилго нь баримтат өвийг олон улсын болон бүс нутгийн өвийн бүртгэлд бүртгэх, олон улсын, бүсийн, үндэсний ая холбогдол бүхий баримтат өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, баримтат өвөө хамгаалах ухамсар ойлголтыг гишүүн орон, ард иргэдэд нэмэгдүүлэх, гишүүн орнуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг хөгжүүлэх, холбогдох төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явдал юм.

Баримтат өвд дараах дурсгалт зүйлсийг оруулна:

  • Бичиг үсгээр ямар нэг зүйл дээр бичиж, сийлж, зурж, оёж хатгаж, барлаж, хэвлэж үлдээсэн бичгийн дурсгалууд,
  • Марк, ил захидал, мөнгөн тэмдэгт зэрэг зураг, гэрэл зураг болон бусад дүрслэлийг ашигласан хэвлэмэл дурсгалууд,
  • Бүх төрлийн гэрэл зургийн дурсгалууд,
  • Кино, дүрс, дуу авианы бичлэг хийж баримтжуулсан дурсгалууд (пянз, туузан бичлэг) гэх мэт.

unescoБүх нийтийн мэдээллийн хөтөлбөр нь 2000 онд байгуулагдсан ЮНЕСКО-ийн гишүүн орнуудын Засгийн газар хоорондын хөтөлбөр юм. Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж, бидний өдөр тутмын амьдралын хэв маягийг ихээр өөрчлөх болсон өнөө үед нийгэмд зөв хүн болж төлөвших, зөв амьдрахын тулд мэдээллийн хэрэглээ зөв байх ёстой юм. Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөр нь нийгэм дэх мэдээллийн хүртээмж, мэдээллийн технологийн хэрэглээний асуудалд анхаарч, нийтээрээ хамтран ажиллахыг Засгийн газруудад уриалсан хөтөлбөр болно. Энэхүү хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлснээр мэдээллийн технологи хурдацтай хөгжиж буй үед бусадтай хөл нийлүүлэн алхах боломжтой болох юм.

Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөр нь ЮНЕСКО-ийн бусад хөтөлбөрүүдтэй хамааралтай ба мэдээлэл, харилцаа холбооны салбарт гол анхаарлаа чиглүүлэн Засгийн газар хоорондын болон олон улсын төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажилладаг.

Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөрийн үндсэн зорилтууд:

  1. Мэдээллийн эрин зуунд ёс суртахуун, хууль болон нийгэмд тулгарч буй төвөгтэй асуудлуудтай холбоотой зүйлүүдийн талаар олон улсын хэмжээнд сурталчлан хэлэлцэх,
  2. Улсын эзэмшилд байгаа мэдээллийг хадгалж үлдээх, цахим хэлбэрт шилжүүлэх болон ашиглах боломжийг Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөрөөр дамжуулан өргөжүүлэн сайжруулах,
  3. Мэдээлэл, мэдээлэл зүй, харилцаа холбооны салбарт мэдлэг боловсрол олж авах, урт хугацааны сургалт болон байнгын сурах боломжийг дэмжих, хөгжүүлэх,
  4. Орон нутгийн хэмжээнд мэдээлэл, мэдээлэл зүй, харилцаа холбооны чиглэлээр суурь мэдлэг эзэмших нөхцөлийг бүрдүүлж сайжруулах,
  5. Мэдээлэл, мэдээлэл зүй, харилцаа холбооны салбарт олон улсын стандартыг хэрэгжүүлэх болон түүнтэй холбоотой дадлага туршлагыг сурталчлан дэмжих,
  6. Мэдээ мэдээллийн сүлжээг орон нутаг, улсын болон олон улсын түвшинд сайжруулах зэрэг болно.

Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөл нь ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлаар сонгогдсон 26 гишүүн орноос бүрддэг. Монгол Улс ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 36 дугаар чуулганаар тус хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлийн гишүүнээр 2011-2015 оны хооронд сонгогдон ажилласан. Зөвлөлийн гүйцэтгэх үүрэг нь:

  1. Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөрийн төлөвлөгөөг өөрчлөн шинэчлэх, хөгжүүлэх,
  2. Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөрт хамруулж болох үйл ажиллагааны ерөнхий чиглэлийг гаргах, санал дэвшүүлэх,
  3. Хийсэн ажлуудын үнэлэлт дүгнэлтийг гаргах болон олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд шаардагдах үндсэн салбаруудыг тодорхойлох,
  4. Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөрийн гишүүн орнуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх,
  5. Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн санг нэмэгдүүлэх талаар дэмжлэг үзүүлэн ажиллах зэрэг болно.

Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөл нь ЮНЕСКО-ийн тогтмол төсвөөс санхүүждэг байна. Харин бүх хөтөлбөрийн ажил болон туршилтын төсвүүд нь хандивлагч орнуудын сайн дурын мөнгөн сангаас санхүүждэг. Сайн дурын хандивлагч орнуудын өгсөн санхүү нь ЮНЕСКО-ийн санхүүжилтийн дүрмийн дагуу Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөрийн санхүүгийн тусгай тайлан тооцоонд тусгагдсан байдаг.

Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөр нь “Funds in Trust” (Итгэлцлийн сан)-ийн төлөвлөгөөг мөн удирддаг ба энэ сангийн хүрээнд хандивлагчид нь өөрийн дэмжин туслах хүсэлтэй байгаа төсөл, бүс нутаг эсвэл улсыг нэрлэн тогтоох боломжтой байдаг.

Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлийн ажлын нэг гол хэсэг нь хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг найдвартай санхүүжүүлэх явдал юм. Баталгаатай санхүүжилт нь улс орнуудад мэдээллийн нийгмийн үр ашгийн талаарх мэдлэгийг сайжруулахад маш чухал үүргийг гүйцэтгэж байдаг бөгөөд Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөрийн гол төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газруудыг санхүүгийн тусламжаа нэмэгдүүлэхийг сурталчлан дэмжиж байдаг.

ЮНЕСКО-ийн Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөрийн Монголын үндэсний хороо нь ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын даргын МҮК/12/02 тоот тушаалаар 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдаж, Гадаад харилцааны сайдын 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн А/19 тоот тушаалаар 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэгдэн байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна.

unesco

ЮНЕСКО-ийн Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөрийг хөгжиж байгаа болон шилжилтийн үеийн улс орнуудад олон ургалч, чөлөөт хэвлэл мэдээллийн байгууллага бий болгох, улмаар боловсон хүчин, техникийн нөөц бололцоог нь сайжруулах зорилгоор 1980 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрийн Засгийн газар хоорондын Зөвлөл нь ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлаас сонгогдсон 39 гишүүн улсын бүрэлдэхүүнтэй. Зөвлөл нь хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлийг батлах, хөтөлбөрт гишүүн улсуудын үр дүнтэй оролцох арга замыг хэлэлцэх, хөтөлбөрөөс тусламж хүсэж буй төслийн шаардагдахуйц санхүүжилтийн зохистой тогтолцоог батлах зэрэг үүрэгтэй. Монгол Улс тус зөвлөлийн гишүүнээр 2013-2017 оны хооронд сонгогдон ажиллав. Зөвлөлийн ээлжит хурал хоёр жилд нэг удаа болдог бөгөөд хурлын хороонд дарга, гурван дэд дарга, илтгэгч болон бусад гурван гишүүний бүрэлдэхүүнтэй Товчоо ажилладаг. Товчоо нь жил бүр хуралдаж төсөл шалгаруулах, батлах, Зөвлөлийн хурал зохион байгуулалтыг төлөвлөх зэрэг ажлыг гүйцэтгэдэг. Зөвлөлийн 30 дугаар хурлаар Монгол улс Товчооны дэд даргаар сонгогдон ажиллав.

 

Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн монголын үндэсний хороо

ЮНЕСКО-ийн Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн Монголын үндэсний хороо нь 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Гадаад харилцааны сайдын A/19 тоот тушаалаар 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулагдан үр дүнтэй ажиллаж байна. ЮНЕСКО-ийн мэдээлэл, харилцаа холбооны салбарт хамаарагдах олон улсын өдрүүдээр (Дэлхийн радиогийн өдөр, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр, Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр, Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр г.м.) тодорхой үйл ажиллагаа зохион байгуулж тэмдэглэж байна. Тухайлбал, 2017, 2018, 2019 онуудад Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдрийг тохиолдуулан IPDCtalks Mongolia чуулганыг өргөн хүрээнд зохион байгуулав. Тус хороо нь Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулж үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжих, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буй асуудлаарх НҮБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, соёлын өвийг эрэн сурвалжлах, хадгалж хамгаалах болон бусад харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн хэрэгжилт дээр идэвхтэй ажиллаж байна.

Монгол улс мэдээлэл, харилцаа холбооны салбарт ЮНЕСКО-ийн үзэл санааг дэлгэрүүлж мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөр болон бусад хөтөлбөрөөр дамжуулан үр дүнтэй хамтран ажиллаж байна. Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөр нь хөгжиж байгаа болон шилжилтийн үеийн улс орнуудад олон ургалч, чөлөөт хэвлэл мэдээллийн байгууллага бий болгох, улмаар боловсон хүчин, техникийн нөөц бололцоог нь сайжруулах зорилготой юм.

Монгол улсад хэвлэлийн комбинатын сургалтын төвийн тоног төхөөрөмж, шинжлэх ухаан, техникийн мэдээллийн төв, “Монгол хэвлэл” нэгтгэл, радио телевизийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд тэдгээр нь мэдээлэл түгээх, мэдээллийн тэгш бус байдлыг багасгахад чухал ач холбогдолтой болсон юм. Сүүлийн жилүүдэд ЮНЕСКО Монголын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд мэдээлэл, мэдлэгт тулгуурласан нийгмийг бий болгоход чиглүүлэн Хэвлэлийн хүрээлэнд сургалтын төв байгуулж улмаар байнгын сургалт явуулах, орон нутагт олон нийт, иргэдэд зориулсан радио станц байгуулах, Үндэсний радио, телевиз олон нийтийн болж буйтай уялдуулан радио, телевизийн мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх, ил тод засаглалд хэвлэл мэдээллийн оролцоог сайжруулах, фото сэтгүүл зүйн боловсролыг хөгжүүлэхэд туслах зэрэг төслүүдийг хэрэгжүүлж иржээ.

“Парламентын хуралдааныг үндэсний олон нийтийн телевизээр шууд нэвтрүүлэх арга зүй” дугуй ширээний уулзалтыг хийж олон нийтийн телевизийн онцлог, үйл ажиллагааны байдал, төрийн ба бусад байгууллагаас хараат бус байх шаардлага, бусад орны туршлага, хамтын ажиллагааны хэв шинжийг оновчтой тодорхойлох нөхцөлийн бүрдүүлэв.

Манай улс 2003 онд шинээр байгуулагдсан Ази, Номхон далайн мэдээллийн сүлжээнд нэгдэн орсноор ЮНЕСКО-ийн Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөрт манай улсын оролцоо нэмэгдэх боломж бүрдэж байна. Мэдээлэл, харилцаа холбооны технологийг сургалтад өргөн ашиглах арга зүйг боловсруулах, хүний нөөц бий болгох, шинэ тогтолцоог бүрдүүлэх, их, дээд сургуулиудад түшиглэж тогтмол сургалт явуулах, тоног төхөөрөмжөөр хангах, үйлчилгээний нэгж ажиллуулах талаар ахиц гарсан билээ. Нутгийн иргэдийн эзэмшил бүхий мэдээллийн хэрэгслээр дамжуулан соёлын олон төрөл зүйлийг хамгаалах, үндэсний цөөнхөд зориулсан мэдээллийн хэрэгслийг сайжруулахад чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлж, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сум, Баян-Өлгий аймаг зэрэг алс хязгаар нутагт үр шимийг нь хүртэж байна. Боловсролын салбарт

мэдээлэл, харилцаа холбооны технологийг хэрэглэх чадавхыг нэмэгдүүлэхийн тулд Монгол улсын Багшийн их сургуульд Мэдээлэл, харилцааны технологийн төв, Нийслэлийн боловсролын газарт мэдээлэл, харилцаа холбооны технологийн ашиглалтын сайжруулах лаборатори байгуулж бүх нийтийн компьютерийн боловсролд зориулсан цуврал сургалт, теле нэвтрүүлэг явуулж гарын авлага, CD, DVD бэлтгэн гаргав.

ЮНЕСКО хэвлэлийн эрх чөлөөг тууштай хамгаалж, хэвлэлийн эрх чөлөөнд ноцтой халдаж буй тохиолдлууд, ялангуяа хэвлэл мэдээллийн ажилтнуудыг барьж хорих, хөнөөх зэргийг илчлэн олон нийтэд мэдээлдэг. Жил бүрийн 5 дугаар сарын 3-ны өдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос хэвлэл мэдээллийн ажилтнуудын уулзалт болон бусад арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн хүрээнд “Фото сэтгүүл зүйг хөгжүүлэх” төсөл хэрэгжүүлж олон нийтэд аливаа үйл явдлын талаарх мэдээ сурвалжлагыг чанартай гэрэл зургийн хамт хүргэх, фото сэтгүүлчдийг чадавхжуулах, орчин үеийн шаардлага хангасан лаборатори байгуулах, сургалтын хөтөлбөр боловсруулахад ахиц гарсан юм. “Бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл сайн засаглалын үйлчлэлд” төсөл хэрэгжүүлж эрэн сурвалжлах сэтгүүл зүйг шинээр хөгжүүлэх, сэтгүүлчийн ёс зүйг сахих, мэдээ баримт цуглуулж дүн шинжилгээ хийхэд нь төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна.

ЮНЕСКО-ийн Бангкок дахь бүсийн төвийн дэмжлэгтэйгээр “Мэдээлэл харилцааны технологийг боловсролд ашиглах нь” төсөл хэрэгжүүлэхэд ЮНЕСКО-ийн болон үндэсний мэргэжилтнүүд хамтран ажилласан. Монгол улсын багш бэлтгэх сургалтад мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглахаар “Интел”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ЮНЕСКО, БСШУСЯ болон “Интел” компани тохиролцон Санамж бичгээр (2011-2015) хүлээсэн үүргээ биелүүлж, “Шинээр бэлтгэгдэж буй багш нарын чадварыг дээшлүүлэх” төслийг хэрэгжүүлсэн билээ.

ЮНЕСКО-ийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний Гуйллермо Каногийн шагнал нь анх 1997 онд санаачилагдаж, дэлхийн хаа нэгтээ ямар нэг аюултай нөхцөл байдалд хэвлэлийн эрх чөлөөгөө хамгаалан сурталчилж томоохон хувь нэмэр оруулсан нийгэмлэг, хүрээлэн ба хувь хүнд жил бүр олгодог шагнал юм.
Уг шагналыг 1986 оны 12 дугаар сарын 17-нд Боготагийн Эл Эспэктадор сонингийн газрын урд бусдын гарт амиа алдсан Колумбын сэтгүүлч Гуйллермо Кано Исазагийн дурсгалд зориулан түүний нэрэмжит шагнал болгосон юм.
Гуйллермо Каногийн аллага нь сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэргүүдийн шийтгэгдээгүй өнгөрсөн томоохон жишээний нэг юм. Гуйллермо Каногийн эх орныхоо төлөө, чөлөөт сэтгүүлзүйн төлөө гаргасан зориг тэмцэл нь дэлхий дахинд томоохон үлгэр жишээ болсон юм.
Шагналд нэр дэвшигчдийн нэрсийг ЮНЕСКО-ийн гишүүн орнуудад хэвлэлийн эрх чөлөөний төлөө ажиллаж байгаа бүсийн болон олон улсын төрийн бус байгууллагууд илгээдэг. Тус шагналын эзнийг ЮНЕСКО-ийн Ерөнхий захирлын томилсон хараат бус зургаан гишүүний бүрэлдэхүүн бүхий шүүгчийн баг шалгаруулдаг. Шагналыг жил бүрийн 5 дугаар сарын 3-ны өдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр гардуулдаг ба шагналыг медаль, 25.000 ам.долларын мөнгөн урамшуулал дагалддаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу.

https://en.unesco.org/prizes/guillermo-cano#:~:text=Created%20in%201997%2C%20the%20annual,in%20the%20face%20of%20danger.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цахим хүчирхэгжилтийн ЮНЕСКО/ Эмир Жабер Ал Ахмад Ал Жабер Ал Сабагийн нэрэмжит шагнал нь тэгш хамруулалт, мөн дижитал шийдэл, нөөц, технологийг ашиглан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралыг хөнгөвчлөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон албан байгууллагад хоёр жилд нэг удаа олгодог шагнал билээ. Шагналыг 40,000 ам.долларын мөнгөн урамжуулал дагалддаг бөгөөд хувь хүн, байгууллагад тэгш хувааж олгодог. Ялагчийг шүүгчийн бүрэлдэхүүний шийдвэр дээр үндэслэн ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал тодруулан зарладаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу.

https://en.unesco.org/prizes/digital-empowerment#:~:text=The%20UNESCO%2FEmir%20Jaber%20Al,disabilities%20through%20the%20application%20of

2014 оны 4 дүгээр сард ЮНЕСКО-ийн Гүйцэтгэх зөвлөлөөс Дэлхийн дурсамж хөтөлбөрийн ЮНЕСКО/ Жикжийн нэрэмжит шагналыг бий болгох саналыг баталсан. Тус шагнал нь төмөр бараар барласан дэлхийн хамгийн эртний ном болох “Булжо жикжи симчэ ёжол”-ыг Дэлхийн дурсамж хөтөлбөрийн жагсаалтад бүртгэгдсэн явдлыг тэмдэглэх, мөн баримтат өвийг хүн төрөлхтний нийтлэг өв болгон түүнийг хадгалах, хүртээмжтэй болгох хүчин чармайлтыг хөхиүлэн урамшуулах зорилготой юм.

Уг шагналын зорилго нь ЮНЕСКО-ийн бодлогуудад нийцэх төдийгүй мэдлэг, мэдээлэл олж авах түгээмэл эрхийг хөхиүлэн дэмжихэд чиглэсэн хөтөлбөртэй холбоотой юм. Шагналыг 30,000 ам.долларын мөнгөн урамшуулал дагалддаг бөгөөд баримтат өвийг хамгаалах, хүртээмжтэй болгоход чухал хувь нэмэр оруулсан хувь хүмүүс, байгууллагуудад хоёр жилд нэг удаа олгодог. Шагналын сан болон бусад шагнал гардуулах ёслолтой холбоотой бүх зардлыг БНСУ хариуцдаг.

Тус шагналд ЮНЕСКО-той албан ёсны харилцаа тогтоосон Гишүүн улсуудын Засгийн газар, олон улсын төрийн бус байгууллагууд (ТББ) нэр дэвшүүлэх боломжтой бөгөөд нэр дэвшүүлэх саналыг Ерөнхий захиралд илгээх шаардлагатай.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу.

 https://en.unesco.org/prizes/jikji-mow-prize#:~:text=The%20purpose%20of%20the%20UNESCO,preservation%20and%20accessibility%20of%20documentary



Дээш