Мэдээ

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СУУРЬ БОЛОВСРОЛ (ХММСБ)”–ЫН АГУУЛГЫГ ТУСГАХ ТУХАЙ ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-гийн Монголын үндэсний комисс нь ЮНЕСКО-гийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр тус сургалтыг 2025 оны 11 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд сургалтад суурь боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн гишүүд, боловсролын байгууллагын мэргэжилтнүүд, дунд сургуулийн багш нар оролцов.

Сургалтыг мэдээлэл, харилцаа холбооны салбарын чадварлаг мэргэжилтнүүд болох Малайз улсаас хүрэлцэн ирсэн сургагч багш Лай Чэнг Вонг, Филиппин улсаас хүрэлцэн ирсэн сургагч багш Мелинда Киньонес нар удирдан явуулсан бөгөөд тэд ЮНЕСКО-гийн олон улсын туршлага, судалгаанд тулгуурлан Монгол Улсын онцлогт тохирсон байдлаар ХММСБ-ын агуулгыг үндэсний сургалтын хөтөлбөрт нэгтгэх арга зүй, зөвлөмжийг өгч, багш, судлаачдын чадавхыг бэхжүүлэхийг зорьсон юм.

Оролцогчид хоёр өдрийн туршид ХММСБ-ыг дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт хэрхэн тусгаж, хэрэгжүүлэх талаар онолын болон практик мэдлэг эзэмшиж, бие даалтын ажил, загвар хичээлийн хөтөлбөр боловсруулах зэргээр сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож сургалтын үр дүн, ач холбогдлыг өндрөөр үнэллээ.

Сургалтын хаалтын үеэр НҮБ-ын Суурин зохицуулагч Яан Ван Хэйрден хэлсэн үгэндээ: “ХММСБ-ыг сургалтын хөтөлбөрт нэгтгэн оруулах нь хүүхэд, залуусыг цахим эринд бэлтгэх хамгийн үр дүнтэй арга замуудын нэг бөгөөд тэднийг мэдээлэлтэй, хариуцлагатай, ёс зүйтэй иргэн болгон төлөвшихөд дэмжлэг үзүүлэх нь гарцаагүй юм. Энэхүү сургалт нь бодлого, боловсрол, дижитал хөгжил гэсэн гурван чиглэлийн огтлолцолд оршдог оновчтой хамтын ажиллагааны тод жишээ боллоо” хэмээн онцоллоо.



Дээш