БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААН

ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээ

ЮНЕСКО Хүн ба шим мандал (ХБШМ) хөтөлбөрийг 1971 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд байгалийн ба нийгмийн шинжлэх ухааныг эдийн засаг, боловсрол, чадавхийг бэхжүүлэх асуудалтай холбон биологийн төрөл зүйл болон байгалийн нөөцийг хадгалан хамгаалах, тэдгээрийн тогтвортой хэрэглээг дэмжиж ирсэн.  

Тус хөтөлбөр нь шим мандлын нөөц газруудаараа дамжуулан аливаа газар нутгийг хамгаалахдаа түүний ойр орчимд амьдарч байгаа нутгийн иргэдийн нийгэм - эдийн засаг, соёлын хэрэгцээ шаардлага, онцлогийг нь харгалзан асуудлыг хамтатган шийдвэрлэх зорилготой.

Мөн үндэсний төдийгүй дэлхийн болон бүс нутгийн экологийн тэнцлийг хангахад чухал нөлөө бүхий байгаль, түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий газруудыг Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд хамруулж, тэдгээрийн хамгаалалтыг сайжруулах асуудлыг шат дараалалтайгаар хэрэгжүүлдэг. 

2023 оны байдлаар Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд нийт 134 орны 748 газар бүртгэгдээд байгаа бөгөөд үүний 9 нь Монгол Улсаас бүртгэгдсэн газар нутгууд юм.


Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн газрууд

Монгол оронд төдийгүй  дэлхийд ховорт тооцогдох говийн мазаалай нэрт баавгай, хавтгай тэмээ, хулан адуу, аргаль хонь, янгир ямаа зэрэг хөхтөн болоод жороо тоодог, гангар хун, хулан жороо зэрэг шувууд, махир хуруут геккон, замба гүрвэл, тэмээн сүүл могой зэрэг ховор амьтад орших 5.3 сая га талбай бүхий Их говийн дархан цаазат газрыг 1991 онд ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлсэн.  

Их говийн шим мандлын нөөц газар нь Төв Азийн хэт гандуу, эрс тэс уур амьсгалтай, цөлийн бүсэд хамаарах ба энд ил задгай ус ховор, ургамлан бүрхэвч сийрэг, хүн, мал нутаглахад тохиромж багатай зэлүүд нутаг юм.

Энэхүү газар нутаг нь хоёр хэсгээс бүрдэх ба “А “ хэсэгт Говь-Алтай аймгийн Цогт, Эрдэнэ, Алтай сумууд, Баянхонгор аймгийн Баян-Өндөр болон Шинэжинст сумын нутгийн өмнөд хэсэг, “Б” хэсэгт нь Ховд аймгийн Үенч, Алтай сумууд, Говь-Алтай аймгийн Бугат, Тонхил сумдын нутгийн өмнөд хэсэг буюу улсын хил хүртэлх өргөн уудам нутаг хамрагддаг.

Богд-Хан уулын дархан цаазат газар нь 1997 онд ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн. Богд Хан уул нь Улсын нийслэл Улаанбаатар хотын төвөөс 4-5 км зайтай оршдог ба XII зууны үеэс дархлан хамгаалсан ариун шүтлэгтэй, Монголын хамгийн анхны дархан цаазат газар юм. Тус газарт байдаг Хүннү гүрний үеийн 3000 жилийн тэртээ зурсан сүг зураг, эртний чулуун зэвсгийн үеийн хүний отоглож байсан буйр зэрэг нь тус уул эртний хүмүүсийн орогнох орон, шүтэх шүтээн болж байсныг гэрчилнэ.

Уулын хойд тал нь сэрүүн, хажуу нь шилмүүст ойгоор бүрхэгдсэн ба урд талын дулаан энгэр нь нүцгэн хад чулуутай. Голлох амьдрах орчин, газрын гадаргын бүрхэвчийн хэв шинж нь олон зүйлийн өвстэй тал хээр, уул, ой тайга, нүцгэн хад чулуу, мөн хар мод, хус, хуш болон нарс бүхий холимог ой юм. Тус газарт дэлхийн хэмжээнд ховордсон тарвага, идлэг шонхор, мөн үндэсний хэмжээнд нэн ховордсон Халиун буга зэрэг ан амьтны төрөл зүйлүүд амьдардаг.

Увс нуурын ай сав газар нь 1997 онд ЮНЕСKО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн. Энэхүү газар нь Увс аймгийн Улаангом хотоос 36 км зайд 424298 га талбай эзлэн оршдог бөгөөд Тэс, Давст, Наранбулаг, Улаангом, Малчин, Тариалан сумуудын нутаг дэвсгэрийн зарим хэсгийг хамардаг, баруунаас зүүн тийш 95 км, хойноос урагшаа 82 км сунаж тогтсон байршилтай юм. Увс нуур нь 22м гүн бөгөөдТэс, Туруун, Нарийн, Хархираа, Түргэн, Сагил, Боршоо, Торхилог зэрэг голуудын усыг хуримтлуулдаг.

Увс нуурын ай сав газарт түүний цутгал голуудын ай сав газрын дагуу шинэс, гацуур, хуш, хус, улиас, бургас, зэгс, чацаргана, чихэр өвс, үхэр манжин зэрэг олон төрлийн мод, жимс ургадаг. Мөн олон улсын ач холбогдол бүхий усны шувуудын өндөглөн зусдаг гол газар бөгөөд уг газарт манай улсад ховордсон гангар хун, горцгор хотон, хар өрөвтас, халбаган хошуут, цасч дэглий, ямаан сүүлт нугас, реликт цахлай, ухаа шумбуур, хээрийн галуу, усны цагаан сүүлт бүргэд, цагаан ууль зэрэг 359 гаруй зүйлийн шувууд болон бор гөрөөс, зэрлэг гахай, алтайн сугас, эрээн жараа, сахалт жараахай зэрэг загаснууд байдаг.

Хустайн байгалийн цогцолборт газар (БЦГ) нь Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын заагт, Улаанбаатар хотоос баруун тийш 70 орчим км зайтай оршдог ба 2002 онд ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн. Тус газар нь 2002 оноос эхлэн дэлхийд үлдсэн цорын ганц зэрлэг адуу болох тахийг нутагшуулж эхэлсэн бөгөөд авчирсан тахь нь өсөж үржсээр 2019 оны 12 сарын байдлаар 380 гаруй толгойд хүрээд байгаа бөгөөд тахийн дасан зохицолт, биологи, экологи, зан араншинг судлахаас гадна гадаадын эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиудтай хамтран экосистемийн өргөн хүрээтэй судалгааг хийдэг.

Хустайн байгалийн цогцолборт газарт Хүннүгийн үед хамаарах дөрвөлжин булшнаас гадна хиргэсүүр, хөшөө чулуунууд, буган чулуу, хадны сүг зураг, суварганы туурь зэрэг түүх соёлын дурсгалт зүйл олон байдаг. Эдгээрт манай эриний VI-VIII зууны Түрэгийн эзэнт улсын үед  хамаарах 30 орчим хүн чулуутай Өнгөтийн хүн чулууны цогцолбор багтдаг.

Монгол Дагуурын дархан цаазат газар нь Дагуурын хээр тал, ус намгархаг газар хосолсон экосистемийг бүрдүүлдэг ба тус гаүрын А хэсэгт бэсрэг уулсын орой болон арыг дагасан бага хэмжээний хусан ой, улиангаран төгөл, холимог ой, хусан ойн төгөл, сөөгөн ширэнгэ, Улз голоо эмжсэн бургасан шугуй, Б хэсэгт цэнгэг болон давстай жижиг нуурууд, уулын бөгөөд хээрийн ургамалшил зонхилдог. Монгол Дагуур дархан цаазат газар нь 2007 онд ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн.

Тус газар нь уур амьсгалын өөрчлөлтөөс шөлтгөөлөн доройтож буй байгалийн төлөв байдал, өндөглөн зусах шувууд болон цагаан зээрийн төллөлтийн тоо багасаж байгаа хандлагуудыг зогсоохын тулд аймаг, орон нутгийн удирдлага, олон нийт болон хил дамнасан хамтын ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байгаа юм. Үүнд судалгаа шинжилгээ, сургалт сурталчилгаа, мэдээлэл солилцоо зэрэг олон ажлууд багтдаг.

Дорнод Монголын дархан цаазат газар нь харьцангуй унаган төрхөөрөө хадгалан үлдсэн хялганат хуурай хээрийн ландшафт болон цагаан зээрийн нутгийг хамгаалах зорилгоор 1992 онд тус газрыг Монгол улсын дархан цаазат газар болгосон. Дорнод Монголын дархан цаазат газар  нь 2002 онд ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн.

Дорнод Монголын дархан цаазат газар нь Дорнод аймгийн Матад, Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдын нутгийг хамардаг. Тус газар нь тэгш тал газар ховортой, талын бэсрэг нам уулс, ухаа толгод, гүвээ, тэдгээрийн хоорондох дэрст хоолой бүхий нутаг юм. Тус газарт Вангийн цагаан уул, Утай таван уул, Дархан хулд уул, Сангийн далай нуур, Их бурхант хэмээн алдаршсан Жанрайсаг бурханы хөшөө, Ловх ноёны хүн чулуу зэрэг олон орон нутгийн тахилгатай уул овоод, байгаль, түүх, соёлын дурсгалт газрууд байдаг.

2020 оны 10 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Парис хотноо хуралдсан ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 32 дугаар хуралдаанаар Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэн баталгаажуулсан.

Тосон Хулстайн байгалийн нөөц газар нь Монгол орны зүүн хойд хэсэгт оршдог бөгөөд Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин, Дорнод аймгийн Баянтүмэн, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумдын нутгийг хамран оршдог, ойт болон тал хээрийн экосистемтэй, цагаан зээр төллөх, идээшлэх, бэлчээрлэх гол нутаг бөгөөд нуур, тойром элбэгтэй учир усны шувууд зусах, өндөглөн үржих таатай орчин болж өгдөг. Мөн монгол тарвага, манжуурын номин, огодой зэрэг төрөл зүйлүүд энд олноор амьдардаг тул эдгээр амьтад нь тухайн нутаг дэвсгэрийн экологи болон хөрсний үржил шимийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Цаашлаад, дагуур зараа, хээрийн тоодог, дагуур тогоруу зэрэг Монголд ховор шувуудын  амьдрах орчин нь болдог энэхүү газар нутагт хур борооны усаар тэжээгддэг нуур, тойрмууд олон байдаг. Тиймээс ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлөөс Тосон Хулстайн БНГ-ыг Монголд төдийгүй дэлхийн хэмжээнд ач холбогдолтой газар нутаг хэмээн үзэж тус сүлжээнд бүртгэсэн.

2022 оны 6 дугаар сард болсон ЮНЕСКО-гийн "Хүн ба шим мандал" хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 34 дүгээр хурлаар Хөвсгөл нуурыг тус хөтөлбөрийн дэлхийн сүлжээнд бүртгэсэн.

Хөвсгөлийн цогцолборт газар (БЦГ) нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ, Цагаан-Үүр, Ханх, Чандмань-Өндөр сумдын нутаг дэвсгэрийг хамардагв 838,070 га талбай бүхий тус газар нутгийг 1992 онд УИХ-ын 11 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авч, 1995 онд УИХ-ын 26 дугаар тогтоолын дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцүүлэн байгалийн цогцолборт газрын ангилалд хамруулсан. Тус газар нь тайгын бүсийн иж бүрдлийг төлөөлөх Хөвсгөл нуурын сав газрыг хамгаалах, байгалийн аялал, жуулчлалыг хөгжүүлэх, судалгаа шинжилгээ явуулах зорилготой. Хөвсгөл нуур нь байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалан үлдсэн, байгалийн бүс бүслүүрийн бүхий л хэв шинжийг төлөөлдөг, Монгол улсын нутагт төдийгүй Төв Азид тэргүүн байранд орох цэнгэг усны их сан юм. Иймээс тус БЦГ нь гадаад, дотоодын аялагч жуулчдын сонирхлыг татдаг, аялал жуулчлалыг зохион байгуулалттайгаар хөгжүүлэх өргөн боломжтой, Монгол орны төдийгүй олон улсын ач холбогдолтой амралт, чөлөөт цаг өнгөрөөх боломжтой их нөөц бүхий газар нутаг юм.

Энэ нутаг нь үндсэндээ өндөр уулын бүсэд орших ба уул зүйн байршлын хувьд уртрагийн дагуу чиглэлтэй. Хөвсгөл нуурын баруун талын уулс хурц шовх оргил, хэрчигдсэн хянга хяртай, эгц цавчим хажуутай ба ихэнх уулс нь 2500 метрээс дээш өндөртэй. Хамгийн өндөр цэг нь Мөнх сарьдаг болно. Эдгээр уулсын эгц хажууд эртний мөсдлийн ул мөр болох хунх элбэгтэй. Хөвсгөл нуурын урт хойноосоо урагшаа 136 км, дундаж өргөн нь 20.3 км, дундаж гүн нь 139 м (хамгийн гүн хэсэг нь 262 м). Гадаргуугийн хэмжээ нь 2760 км2 бөгөөд 280 км3 орчим цэнгэг усны нөөцтэй. Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнтэй нийлж, нийт 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг байна. Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар Сибирийн тайга, Төв Азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаардаг аж. Дотроо том жижиг нийлсэн 5 аралтай бөгөөд хамгийн томыг нь Модон хүй хэмээн нэрлэдэг. Хөвсгөл нуурын эргэн тойронд 200 гаруй эмийн болон ашигт ургамал ургадаг байна. Амьтын хувьд умардын халиу, сибирийн хандгай, цаа буга, аргаль, янгир, ирвэс, буга, бор гөрөөс, баавгай, гахай, хүдэр зэрэг ховор ан амьтад, хар өрөвтас, явлаг сар, тутгалжин, бүргэд зэрэг жигүүртэн шувууд бий. Хөвсгөл нуурт нийтдээ 9 зүйлийн загас байдаг бөгөөд тэдгээрээс зэвэг, омуль, хадран, улаан нүдэн, алгана зэрэг нь агнуурын ач холбогдолтой.

Ой тайгын ховор амьтад, шувуу, усны амьтдын олон төрөл, зүйлийн өлгий нутаг болох Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг биологийн олон янз байдлыг хамгаалах, байгаль, түүхийн дурсгалт газруудад түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын 2000 оны 29 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан. Тус цогцолборт газар нь Хэнтий аймгийн Дадал, Норовлин, Баян-Адрага, Биндэр, Дорнод аймгийн Баян-Уул сумдын нутгийг хамардаг. Энэхүү газар нутаг нь цэнгэг усны их нөөц бүхий Онон гол, түүний ай сав, ойт хээрийн экосистем, ландшафт экологийн тогтоц болон биологийн олон янз байдлыг хамгаалах, зүй зохистой ашиглах нөхцөлийг бүрдүүлж, байгаль, түүхийн дурсгалт газруудын арвин их нөөцийг түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсэд амьдардаг иргэдийг байгаль хамгаалах үйлсэд татан оролцуулах, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой газар нутаг юм.

Тиймээс тус газар нутгийн олон улсын ач холбогдлыг нэмэгдүүлж, хадгалалт хамгаалалтыг сайжруулах зорилгоор ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд тус газрын нэрийг дэвшүүлж, холбогдох материалыг ЮНЕСКО-д хүргүүлж, улмаар 2023 оны 06 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд болсон ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 35 дүгээр хурлын 6 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Онон-Балжийн байгалийн цогцолборт газар (БЦГ)-ыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэн баталгаажуулсан.



Дээш