Мэдээ

МОНГОЛ УЛС ЮНЕСКО-ГИЙН МАНДАТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ОРУУЛЖ БУЙ ХУВЬ НЭМРЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

Узбекистан Улсын Самарканд хотноо болж буй ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 43 дугаар чуулганы үеэр буюу 2025 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсын Үндэсний комисс “Монгол Улсын ЮНЕСКО-гийн дэлхийн мандатыг хэрэгжүүлэхэд оруулж буй хувь нэмэр” сэдвээр тусгай арга хэмжээг зохион байгуулав.

unescoЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Одри Азулей арга хэмжээний өмнө зохион байгуулагчид болон оролцогчидтой уулзаж, тэдэнд амжилт хүсэхийн хамт Монгол Улсын идэвхтэй оролцоо, тэр дундаа ЮНЕСКО-гийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлэв.

 

Арга хэмжээг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монгол Улсаас ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулсан бөгөөд боловсрол, соёл, шинжлэх ухаан, холбоо харилцаа болон хүний хөгжлийн салбарт Монгол Улс, ЮНЕСКО-гийн хамтын ажиллагааны үр дүн, чиг хандлагыг онцлон танилцуулав.

unesco

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Чинүүхэй Монгол Улс болон ЮНЕСКО-гийн хоорондын боловсрол, шинжлэх ухаан, соёлын үнэт зүйлд тулгуурласан 60 жилийн хамтын түншлэл, хүртээмжтэй ба дижитал боловсролыг дэмжих, байгаль орчныг хамгаалах, соёлын болон баримтат өвийг хадгалах, залуусыг чадавхжуулах, инновацийг өрнүүлэх зэрэг чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны соёлын биет бус өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмон ЮНЕСКО-оос соёлын өвийг хамгаалах чиглэлээр баталсан конвенциудын хэрэгжилт, Монгол Улс дахь соёлын өвийг хамгаалах бодлого, арга хэмжээний хэрэгжилт, уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй соёлын өвийн нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход уламжлалт мэдлэгийг ашиглах бодлогын хүрээнд Монгол Улсад хэрэгжиж буй санаачилгыг танилцуулсан бол Үндэсний комиссын соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Номин ЮНЕСКО-гийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн үйл ажиллагааны талаар танилцууллаа.

unesco

Арга хэмжээний үеэр Монгол Улсаа ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалт болон Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад бүртгэгдсэн өвийн танилцуулга, видео бичлэгийг үзүүлэв. Хэлэлцүүлэг асуулт-хариултаар үргэлжилж, арга хэмжээний төгсгөлд Монгол Улсаас ЮНЕСКО-д суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч У.Нямхүү хаалтын үг хэлж, ЮНЕСКО-гийн үйл хэргийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын тууштай оролцоог нотлон илэрхийлэв.



Дээш