Мэдээ

ЮНЕСКО-ГИЙН ҮНДЭСНИЙ КОМИССУУДЫН БҮС НУТАГ ХООРОНДЫН 12 ДАХЬ УДААГИЙН ХУРАЛ САМАРКАНД ХОТНОО БОЛОВ

ЮНЕСКО-гийн Үндэсний комиссуудын Бүс нутаг хоорондын 12 дахь удаагийн хурал 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Узбекистан Улсын Самарканд хотод болов. ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 43 дугаар чуулганыг угтан зохион байгуулагдаж буй ЮНЕСКО-гийн Үндэсний комиссуудын энэхүү ээлжит хурлаар боловсрол, соёл, шинжлэх ухаан, харилцаа холбооны салбар дахь хамтын ажиллагаа, инновацыг бэхжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэн мэдлэг солилцох, соёлын яриа хэлэлцээ өрнүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжихэд Үндэсний комиссууд хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг хэлэлцэв.

unesco

Тус хурлыг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч ноён Шинь Чү (Mr. Xing Qu) болон Узбекистаны ЮНЕСКО-гийн Үндэсний комиссын дарга хатагтай Гаяне Умерова (Ms. Gayane Umerova) нар нээж үг хэлэхдээ тогтвортой хөгжил, энх тайван, соёл хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд бүс нутаг хоорондын яриа хэлэлцээ ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэв.

Хурлын эхэнд "Энх тайван, хүний эрх, нийгмийн оролцоо, тогтвортой хөгжлийн төлөөх боловсролыг дэмжихэд залуучуудыг чадавхжуулах нь" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, дэлхий дахинаа тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэхэд залуучуудын гүйцэтгэх үүрэг оролцоог хөндөж ярилцав. Хэлэлцүүлгийн үеэр Кени, Герман, Канад Улсын залуу төлөөлөгчид үг хэлж, хүний ​​эрх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг урагшлуулахад боловсрол болон соёл хоорондын яриа хэлэлцээг өөрчлөхийн чухлыг онцлов.

unesco

Мөн хурлын үеэр соёл, технологи, тогтвортой хөгжлийн уялдаа холбооны асуудлаар хэлэлцүүлэг өрнөж, "Дижитал эрин үе дэх соёл ба олон нийтийг холбох нь: Өв, тогтвортой аялал жуулчлал ба Торгоны зам" сэдвийн дор төлөөлөгчид MONDIACULT 2025-ын үзэл санааг баримтлан, өвийг хадгалах, дижитал оролцоо, хариуцлагатай аялал жуулчлалын шинэлэг арга хэлбэрийн талаар хэлэлцлээ.

Энэ хэлэлцүүлгийн үеэр ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Чинүүхэй үг хэлж, “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” ЮНЕСКО-гийн цуврал боть бүтээх Монгол Улсын санаачилга хэрэгжих шатандаа орсныг мэдэгдэж, Нүүдлийн өвийн олон улсын өдрийг бий болгох Киргиз Улсын санаачилгыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлэв.  

unesco

Үүний зэрэгцээ дэлхийн хөтөлбөр, түншлэлд Үндэсний комиссуудын стратегийн үүргийг сайжруулах, дижитал өөрчлөлт, шинжлэх ухаан, инновацын бүх талыг хамруулан нэвтрүүлж буй шилдэг туршлагуудаасаа улс орнууд хуваалцлаа.

ЮНЕСКО-ГИЙН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КОМИСС



Дээш