ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, БОУАӨЯ, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, Германы техникийн хамтын ажиллагааны “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” (SPACES) төсөл, Хомын талын БЦГ-ын Хамгаалалтын захиргаа хамтран “ЮНЕСКО-гийн шим мандлын нөөц газрууд ба тогтвортой аялал жуулчлал” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг Завхан аймгийн Дөрвөлжин суманд байрлах Хомын талын БЦГ-т 2025 оны 10 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд ЮНЕСКО-гийн МҮК-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Чинүүхэй БОУАӨЯ-ны ТХГНБХГ-ын дарга Ц.Уранчимэг, Хомын талын БЦГ-ын Хамгаалалтын захиргааны дарга Ц.Мөнхбат, Завхан аймгийн Байгаль орчны газрын дарга Ц.Улам-Оргих, Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг дарга Г.Цогзолмаа нарт Хомын талын шим мандлын нөөц газрын батламжийг гардууллаа.
Тус сургалт, хэлэлцүүлгийн зорилго нь Хомын талын БЦГ, орон нутгийн холбогдох эрх бүхий байгууллагууд болон орон нутгийн иргэдэд ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн талаарх мэдлэг ойлголтыг өгөх, тус газарт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, хог хаягдлын менежмент болон хүний нөөцийн чадавхыг сайжруулах, орон нутгийн иргэд, аялал жуулчлал эрхлэгчдийг байгаль орчинд ээлтэй байдлаар үйл ажиллагаагаа явуулахад зоригжуулж, зохих сэдлүүдийг өгөх явдал юм.
Энэхүү арга хэмжээнд олон улсын мэргэжилтнүүд, үндэсний болон орон нутгийн эрх бүхий байгууллагуудын төлөөлөл болох нийт 60 орчим хүн оролцож байна. Тухайлбал, БНЧУ-ын Долни Морова шим мандлын нөөц газрын захирал, Др. Петр Чупа, Япон Улсын Цүкүбагийн их сургуулийн профессор Ёшихико Ийда болон холбогдох үндэсний шинжээчид оролцож, шим мандлын нөөц газрууд ба тогтвортой аялал жуулчлалын талаар үнэтэй мэдээлэл, зөвлөгөөг өгсөн нь үр дүнтэй арга хэмжээ болж байна.
Энэ ташрамд 2025 оны 9 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд болсон ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 37 дугаар хуралдаанаар Хомын талын байгалийн цогцолборт газар (БЦГ)-ыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд амжилттай бүртгүүлсэн.
ЮНЕСКО-ГИЙН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КОМИСС
2025 оны 10 дугаар сарын 8