Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүдийг чадавхжуулах төвийн бүсийн сургалтыг 2025 оны 9 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт зохион байгуулав. Энэхүү сургалтад Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудын салбар комиссын нийт 21 гишүүнийг хамруулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах, хэрэгжилтийг хангаж ажиллах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тулгамдаж буй асуудлуудыг эрт илрүүлэх, хөгжлийн цогц дэмжлэгт хамруулах талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл өгөхөд ач холбогдолтой болов.
ЮНЕСКО-гийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газар нь Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүдийг чадавхжуулах” цуврал сургалтыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв ажиллаж байгаа аймгуудад түшиглэн бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулахаар 2025 оны эхээр тохирсон юм.
Энэ ташрамд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 173 дугаар тогтоолоор баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүрмийн дагуу аймаг, дүүргийн салбар комисс бүрд орон тооны бус 7 гишүүнийг тус тус томилж ажиллуулж байна. Эдүгээ улсын хэмжээнд 30 салбар комиссын 210 орон тооны бус гишүүд ажиллаж байна.