Мэдээ

ОЛОН УЛСЫН ЭНХ ТАЙВНЫ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “ЭНХ ТАЙВНААР ЗЭРЭГЦЭН ОРШИХУЙ: ОРЧИН ҮЕ БА МОНГОЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, ЮНЕСКО-гийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газар, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн хамтран Энх тайвны олон улсын өдрийн хүрээнд “Энх тайвнаар зэрэгцэн оршихуй: Орчин үе ба Монгол Улс” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын байранд зохион байгуулав.

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч С.Уянга, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвсүрэн нар эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэлэв.

Эрдэм шинжилгээний хуралд Академич Б.Батхишиг “Олон улсын худалдааны дайн ба энх тайвны асуудал”, доктор (Sc.D) Б.Даш-Ёндон “Үндэстний намтар цадиг”, доктор (Sc.D) М.Гантуяа “Рерихийн тунхаглал ба түүний дэлхий дахин болон Монгол Улс дахь өнөөгийн түүхэн нөхцөлд үзүүлэх ач холбогдол хэмээх асуудалд”, доктор (Ph.D) Ш.Ганхуяг, ЭША, М.Амантай “Аристотелийн эв найрамдлын ойлголт”, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Тогтох “Арга билгийн ухааны нэгдэл ба танин мэдэхүй”, докторант О.Мөнгөнсор "Эв зүйгээр зэрэгцэн оршихтой холбогдож болох шашны эксклюзивизм, инклюзивизм, плюрализм, релятивизм үзэл санаануудын тухай", А.Энхбаяр “Монголчуудын ерөөл ба Энхтайван”, доктор (Ph.D) Б.Галаарид “Монголчуудын тэнгэр шүтлэг дэх амар амгалангийн үзэл санаа”, доктор (Ph.D) Б.Галиндэв “Энх тайвныг дээдэлсэн уран зохиолын дүрүүдийн тухай философи эргэцүүлэл” зэрэг олон сонирхолтой илтгэлийг хэлэлцүүлж, 22 илтгэл бүхий хурлын эмхэтгэл хэвлэгдэн нийтийн хүртээл болов.

1981 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей жил бүрийн энэ өдөр Олон улсын энх тайвны өдрийг тэмдэглэхээр шийдвэрлэсэн бөгөөд чингэснээр хүн бүрийг энх тайвныг бий болгоход хувь нэмрээ оруулах ёстой болохыг онцолдог. Энэ өдөр нь хүн төрөлхтний ойлголцол, эв нэгдэл, харилцан хүндлэлээр дамжуулан энх тайвны соёлыг дэлгэрүүлэхэд уриалдаг.

Энэ ташрамд, ЮНЕСКО-гийн дүрмийн удиртгал хэсэгт “Дайн хийх сэдэл нь хүний оюун ухаанд үүсдэг тул энх тайвныг хамгаалах үзлийг хүний ухамсарт суулгах ёстой” хэмээн тунхаглаж, боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээлэл харилцаа холбооны салбараар дамжуулан дэлхий дахинд энх тайвныг түгээн дэлгэрүүлэхийг эрхэмлэдэг.

unesco



Дээш