ЮНЕСКО нь хүний эрхийн тухай олон улсын гэрээ хэлэлцээрүүд болон 2006 оны Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих чиглэлд ихээхэн анхаарал хандуулан ажилладаг. ЮНЕСКО нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөх дэлхийн түншлэлийн гишүүн байгууллага болохын хувьд конвенцын 24 дүгээр зүйл дэх боловсролын тэгш хамруулалтын талаарх заалтуудыг хэрэгжүүлэхэд идэвхтэй ажиллаж байна. Тэгш хамруулалт ба тэгш боломжтой, олон ургалч, нээлттэй нийгмийг дэлхий даяар цогцлоох нь ЮНЕСКО-ийн эрхэм зорилгуудын нэг юм.
ЮНЕСКО нь энэхүү зорилгыг биелүүлэхийн тулд дараах таван чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:
Монгол улс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод 2009 онд нэгдэн орж Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 онд шинэчлэн баталсан. Үүнээс хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх нийгмийн хандлагыг эерэг болгож тэдэнд ажиллаж, сурч боловсроход тулгардаг аливаа саад бэрхшээл, ялгаварлалыг арилган хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрхээ бодитойгоор эдэлж болохуйц амьдралын таатай орчныг бүрдүүлэх чиглэлд хэд хэдэн арга хэмжээг аваад байна.
Монгол улсын Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүн амын бүлгүүдийн хөгжил, нийгмийн хамгааллын асуудлыг хариуцсан бүтцийг бий болгон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудал хариуцсан хэлтсийг 2012 онд байгуулсан.
2006-2012 онуудад “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үндэсний хөтөлбөрийн 6 зорилтын хүрээнд хэрэгжсэн 68 арга хэмжээ болон “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн 44 арга хэмжээний биелэлт, чанар үр дүнг тодорхойлох судалгааг хийсэн ба уг судалгааны дүгнэлт, санал, зөвлөмжийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцыг 2013-2016 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан. Түүнчлэн цаашид шинэ хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхэд анхаарал хандуулбал зохих тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, санал, зөвлөмжийг боловсруулан гаргасан.
2015 онд ЮНЕСКО-ийн дэмжлэгтэйгээр “Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл ба дарамтад өртөж буй хэлбэрүүд” сэдэвт судалгаа хийж тайлан гаргасан бөгөөд уг судалгаанд Хөвсгөл, Булган, Дорнод, Ховд аймаг, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргээс нийт санал асуулгад 469, экспертийн ярилцлагад 68 хүн хамрагдсан. Судалгааны үр дүнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулинд үл ялгаварлан гадуурхах, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрхийг хангах талаар хуульчилж өгсөн.
2017 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг олон нийтэд сурталчлах төслийг ЮНЕСКО-ийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн бөгөөд төслийн хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль сурталчлах, хуулийн хэрэгжилтийг хангахад үүрэг хүлээгчдийг чадваржуулах” сургалт зохион байгуулав.
ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцыг бодлого боловсруулагчид, сэтгүүлчид, олон нийтэд сурталчлах” төслийг 2018-2019 онд хэрэгжүүлсэн. Уг төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцдаг төрийн албан хаагчид, хэвлэл мэдээллийнхэн, холбогдох төрийн бус байгууллагын төлөөлөгчид болон олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, нэн ялангуяа сэтгүүлчдийн хуулийн зүйл, заалтын талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, тэдний эрх бүхий албан тушаалтнууд хуулийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавихад хариуцлагатай хандаж буй эсэхийг тодруулах чадавхыг бэхжүүлэх зорилготой байв.