2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, “Глоб Интернэшнл төв”-тэй хамтран “Цахим эрин дэх байгаль орчны мэдээллийн хүртээмжийг хангах нь” сэдвээр хэлэлцүүлэг АТГ-ын зааланд зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлэг нь “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр”-ийн 10 жилийн ойтой давхцаж байгаа бөгөөд мэдээлэлд нэвтрэх эрхийн ач холбогдол, Монгол Улсад тулгамдаж буй сорилт ба боломжийг хэлэлцэх зорилготой байв. Хэлэлцүүлгийн нээлтэд НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн, Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните, “Глоб Интернэшнл төв”-ийн УЗ-ийн дарга Х.Наранжаргал хүрэлцэн ирж, ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан цахимаар мэндчилгээ дэвшүүллээ. Хэлэлцүүлэгт БОУАӨЯ, ЦХИХХЯ, ХЗДХЯ, АТГ-ын холбогдох газар, хэлтсийн дарга, шинжээч, мэргэжилтнүүд мэдээлэл хийж, “Глоб Интернэшнл” байгууллагаас “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн судалгааг танилцууллаа. Арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, ИНБ-ууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчид идэвхтэй оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр ЮНЕСКО-гийн МҮК-ийн орлогч дарга С.Уянга онцлон тэмдэглэхдээ, Монгол Улсад интернэт, үүрэн холбоо болон цахим хэрэглээний түвшин өндөр хөгжиж буй ч мэдээллийн хүртээмж, ил тод байдал, цахим аюулгүй байдлыг хангах шаардлага улам нэмэгдэж буйг дурдсан юм. Тэрээр мэдээллийн хүртээмж нь зөвхөн төрийн байгууллагын ажил биш, харин төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшил, иргэн бүрийн хамтын оролцоотой холбоотой болохыг онцлов.
Хэлэлцүүлгийн үеэр ил тод байдлыг бэхжүүлэх хууль эрх зүйн орчны нөхцөл байдал, мэдээлэл олж авах эрхийг хангах, орон нутгийн иргэдийн мэдээлэл технологийн боловсролыг дэмжих, байгаль орчны мэдээллийг түгээж буй хэлбэр, арга замууд зэрэг олон талт асуудлыг хөндөж ярилцав.
ЮНЕСКО болон НҮБ-ын гишүүн орнууд дэлхий даяар мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулах хууль эрх зүйн орчныг хөгжүүлж буйг тэмдэглэхийн зэрэгцээ, Монгол Улс энэ чиглэлээр ахиц гаргаж байгааг оролцогчид үнэлэв.