Мэдээ

ЮНЕСКО–ХАМДАН БИН РАШИД АЛЬ-МАКТУМЫН ШАГНАЛ ЗАРЛАГДЛАА

 

Боловсролын салбарт, тэр дундаа багшийн хөгжлийн чиглэлээр тэргүүн туршлага нэвтрүүлж, онцгой үр дүнд хүрсэн шилдэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн олон улсын, төрийн болон төрийн бус байгууллагууд, судалгааны хүрээлэнгүүдийг урамшуулах зорилгоор хоёр жилд нэг удаа олгодог “ЮНЕСКО-Хамдан бин Рашид Аль-Мактум” олон улсын шагналын нэр дэвшүүлэлт зарлагдлаа.


Уг шагналыг 2008 оноос хойш Арабын Нэгдсэн Эмират Улсын Хамдан Бин Рашид Аль-Мактумын сангаас хөгжиж буй орнуудын багшийн хомсдолыг арилгах, багшийн хөгжлийн асуудалд хувь нэмэр оруулах зорилгоор олгож эхэлсэн. Нэр хүндтэй  олон улсын энэхүү шагналд шалгарсан нэр дэвшигчид 100,000 ам.долларын мөнгөн урамшуулал олгодог. 

2025-2026 оны хувьд дэлхий дахинаа тулгамдаж буй багшийн хомсдол, багш бэлтгэх, багшийн мэргэжлийн хөгжлийн хүрээнд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийг урамшуулах юм. 

Хэнийг нэр дэвшүүлж болох вэ? 

  • Олон улсын байгууллага

  • Төрийн ба төрийн бус байгууллага

  • Судалгааны хүрээлэн

Тавигдах шаардлага: 

  • ЮНЕСКО-гийн алсын хараа, үзэл баримтлал, стратегийн бодлоготой нийцсэн, багшийн хөгжил, багшлахуй болон суралцахуйг хөгжүүлэхэд чиглэсэн шинэлэг, ач холбогдол өндөртэй төсөл, хөтөлбөр байх;

  • Сайн туршлага болох, бусад улс оронд хэрэгжүүлэх боломжтой, тогтвортой, өргөжүүлэх боломжтой байх; 

  • Хүсэлт гаргах хугацаанаас өмнө хамгийн багадаа 3 жилийн хугацаанд тасралтгүй хэрэгжсэн төсөл, хөтөлбөр байх. 

Уг шагналд хэрхэн нэр дэвшүүлэх вэ?

Нэр дэвшүүлэх үйл явц нь дараах үндсэн алхмуудаас бүрдэнэ. Үүнд:

  1. Тус шагналын онлайн платформ дээр бүртгэл хийлгэх. Нэр дэвшигч нь дараах холбоосоор орж бүртгэлээ үүсгэнэ: UNESCO-Hamdan Prize for Teacher Development - Account Request 

  2. Шагналд нэр дэвшүүлэх эрх бүхий байгууллага буюу Монгол Улсын хувьд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисст хүсэлтээ хүргүүлэх. 

    1. Шагналын онлайн платформ дахь асуултуудыг судлан үзэж, төслөө ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисст илгээнэ.

    2. ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь таны материалыг хянаж, шаардлага хангасан тохиолдолд “нэр дэвшүүлэхийг зөвшөөрсөн” албан бичиг гаргаж өгнө.

    3. Үүний дараа тухайн нэр дэвшигч шагналын цахим маягтыг эцсийн байдлаар бөглөж, материалыг ЮНЕСКО-д цахимаар илгээнэ.  

Анхаарах зүйлс:

  • Таны нэр дэвших хүсэлтийг зөвхөн ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс баталгаажуулах эрхтэй. Нэр дэвшигч өөрийн материалаа шууд  илгээх боломжгүй ба ингэсэн тохиолдолд хүчингүйд тооцно.

  • Бүх материалыг англи эсвэл франц хэлээр бэлтгэсэн байна.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2025 оны 10-р сарын 20-ны өдрийн 00:00 цагаас өмнө ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын e.urangaa@unesco.mn хаягаар хүргүүлнэ.

Та өргөдөл гаргах болон онлайн платформ ашиглахдаа тусламж хэрэгтэй бол тус комисст хандана уу.  Холбогдох утас: +976-7010-5652. 

Шагналын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: UNESCO-Hamdan Prize for Teacher Development | UNESCO 



Дээш