СОЁЛ

Дэлхийн өв

Байгалийн болон соёлын өвийг хамгаалах, таниулан сурталчлах, хойч үедээ үлдээх зорилгоор 1972 онд Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг батлан хэрэгжүүлж эхэлсэн билээ. 2020 оны байдлаар 167 улсын нийт 1121 байгалийн болон соёлын өв Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байна. Үүнээс 869 нь соёлын, 213 нь байгалийн, 39 нь хосолмол өв юм.

Монгол улс Дэлхийн өвийн конвенцод 1990 онд нэгдэн орж 1996 онд анх Дэлхийн өвд бүртгүүлж болох Монголын байгалийн болон соёлын өвийн Урьдчилсан жагсаалтыг боловсруулж,  Дэлхийн өвийн төвд хүргүүлж байсан.

2004 онд Монголын байгалийн болон соёлын өвийг Дэлхийн өвд бүртгүүлэх, Урьдчилсан жагсаалтад оруулах, Дэлхийн өвд бүртгүүлсэн өвийн болон конвенцын тайлан илтгэлийг бичих, конвенцын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Дэлхийн өвийн үндэсний хороог соёлын болон байгаль хамгааллын зүтгэлтэн, мэргэжилтэн, эрдэмтдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад оруулсан өвөөс дэлхийн өвд бүртгүүлэх боломж нээгддэг. 2015 онд шинэчилсэн байдлаар Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад Монгол улсаас нийт 12 газар байна. Үүнд:

Соёлын ангиллаар:

  1. Амарбаясгалант хийд, түүнийг хүрээлсэн тахилгат, соёлын дурсгалт газар
  2. Хөдөө арал дахь археологийн дурсгал, түүнийг хүрээлсэн соёлын дурсгалт газар
  3. Балдан Бэрээвэн хийд, түүнтэй холбогдох тахилгат газар нутаг
  4. Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор
  5. Монголын говь дахь хадны зургийн цогцолбор
  6. Тахилгат Биндэр уул, түүнтэй холбогдох соёлын дурсгалт газар
  7. Монголын тахилгат уулс

Байгалийн ангиллаар:

  1. Монголын говь дахь Цэрдийн галавын үлэг гүрвэлийн өлгий нутаг
  2. Монголын Их говийн цөл нутаг
  3. Дорнод Монголын тал нутаг.

 Хосолмол ангиллаар:

  1. Монгол Алтайн өндөр уулс

Монгол улсаас Дэлхийн өвийн жагсаалтад 2020 оны байдлаар дараах таван өв бүртгэгдсэн. Үүнд:

Байгалийн ангиллаар:

  • Увс нуурын ай сав газар (2003 он)
  • Дагуурын ландшафт (2017 он)

Соёлын ангиллаар:

  • Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (2004 он)
  • Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор (2011 он)
  • Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг (2015 он)

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн Монголын таван өвийг хадгалж хамгаалах, боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх, тухайн орон нутгийн оршин суугчдын оролцоог нэмэгдүүлэх зэрэг бусад олон чиглэлээр холбогдох яам, байгууллагатай хамтран төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаа хэрэгжүүлсээр ирлээ. Тухайлбал: “Хил дамнасан Дэлхийн өвийг хадгалж хамгаалах хамтын ажиллагааг дэмжих нь” бүсийн зөвлөлдөх уулзалт, “Дэлхийн өв – Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын үнэт зүйлсийг цогцоор нь хамгаалах менежментийн төлөвлөгөөг боловсронгуй болгох, Дэлхийн өв – Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргааны үүрэг” үндэсний семинар, зохион байгуулж байв. Мөн Дэлхийн өвийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, улмаар түүнийг хадгалж хамгаалахад залуучуудыг татан оролцуулах зорилго бүхий ЮНЕСКО-ийн “Дэлхийн өв залуучуудын гарт” сурах бичгийг англи хэлнээс хөрвүүлэн хэвлэж,  Дэлхийн өвийн боловсролын эх суурийг тавьсан бөгөөд 2016-2017 онд ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газартай хамтран “Богцон дахь соёлын өв” төслийг хэрэгжүүлж, уг төслийн хүрээнд хүүхэд залуучуудын мэдлэгийг Дэлхийн өвийн боловсролоор дамжуулан нэмэгдүүлэх сургалтуудыг явуулсан.

1995-1998 онд “Монголын эртний нийслэл Хархорум хотын туурийг хадгалан хамгаалах нь” төслийг ЮНЕСКО-ийн ивээл дор Японы Засгийн газрын санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд эртний Хархорум хотын туурийн байршлын зургийг 1:1000, 1:1500 хэмжээтэй хийж, археологийн бага хэмжээний судалгаагаар хотын туурь, хэрмийн хэмжээ, хязгаар, барилга байшин, гудамжнуудын байрлалыг тогтоож, хайгуулын судалгаагаар Хархорум хотын орчимд байх зарим дурсгалт газруудыг тодруулснаас гадна Хархорум хотын хамгаалалтын хоёр бүсийг тогтоож, хамгаалалтын хашаа барьсан.

2006-2008 oнд ЮНЕСКО-ийн Оролцох хөтөлбөрийн хүрээнд Монголын Соёлын өвийн төвтэй хамтран “Монгол нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл мэдээллийн санг сайжруулах нь” төсөл хэрэгжүүлж, хээрийн судалгааны мэргэжлийн баг 6800 км зам туулж, 55 дурсгалт газрын 1000 гаруй дурсгалт зүйлийн бүртгэл судалгаа, мэдээллийг стандартын дагуу шинэчлэн, 27 дурсгалыг шинээр бүртгэв.

2008 онд “Монгол нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалт” үндэсний семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан нь Монгол нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын байдал, цаашдын зорилтыг тодорхойлоход чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болсон юм. Тус семинарт оролцогчид Монгол нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтын асуудлаар Монгол Улсын Их хурал, Засгийн газарт хандан 12 зүйл бүхий зөвлөмж гарган, түүнийг ажил хэрэг болгох талаар холбогдох байгууллагууд тууштай ажиллах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн.

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хадгалж хамгаалах хөтөлбөрийн хүрээнд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь Монакогийн Итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр БСШУСЯ, Соёлын өвийн төвтэй хамтран Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших Майхан толгойн Шороон бумбагарын археологийн дурсгалт газрыг түшиглэн “Майхан толгойн Шороон бумбагарын археологийн дурсгалт газрыг хадгалах, хамгаалах, тогтвортой менежментийг бий болгоход боловсон хүчнийг чадавхжуулах, олон нийтийн ухамсрыг нэмэгдүүлэх” төслийг 2015-2019 онуудад хэрэгжүүлэв.

ЮНЕСКО-ийн 2010-2011 оны Оролцох хөтөлбөрийн хүрээнд “Монголын Дархан цаазат Бурхан Халдун, Отгонтэнгэр, Богд хан уулын байгаль, соёлын өвийг хамгаалах хэрэгцээ шаардлагын талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх нь” төслийг хэрэгжүүлж, гурван аймгийн 13 суманд судалгаа явуулж, фото зураг, соронзон ба дүрс бичлэг хийж, ном, фото цомог бэлтгэж, олон нийтэд түгээн сурталчилсан.

Мөн 2018-2019 оны тус хөтөлбөрийн хүрээнд Монгол улсаас бүртгэгдсэн таван газар нутагт Дэлхийн өвийн хөдөлгөөнт сургалтыг зохион байгуулж гарын авлагуудыг бэлтгэн гаргав.

2008 онд Дэлхийн өвийн хорооны зөвлөх байгууллагуудын нэг болох Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөлийн (ICOMOS) Монголын үндэсний хороог анх байгуулсан. Монголын үндэсний хорооны тэргүүнээр Н.Уртнасан ажиллаж байна. Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөл нь 1965 онд байгуулагдсан, Парис хотод төвтэй, олон улсын, төрийн бус байгууллага юм.

Манай улс 2003 онд Засгийн газар хоорондын байгууллага болох Соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах олон улсын судалгааны төв (ICCROM)-д элсэн орсон билээ. Тус төвд элсэн орсноор соёлын эд зүйлс болон соёл, археологийн дурсгалт газар, хөшөө дурсгалуудыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах талаар олон улсын хамтын нийгэмлэгтэй  өргөн хүрээнд хамтран ажиллах боломж нээгдсэн юм.



Дээш