Музей нь зөвхөн үзэсгэлэн үзүүлж, үзмэр хадгалдаг газар биш юм. Сүүлийн жилүүдэд соёлын аялал жуучлал эрчимтэй хөгжиж буйтай холбоотойгоор дэлхий даяарх музейн тоо 1975 онд 22000 мянга байсан бол өнөөдөр 95000 болж өссөн байна.
Музей нь тухайн орон нутгийн болон бүс нутгийн хэмжээнд бүтээлч эдийн засгийн орчинг хөгжүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Музей нь нийгмийн хүрээнд мэтгэлцээн, хэлэлцүүлэг явагдах, нийгмийн нарийн төвөгтэй асуудлуудыг хөндөж ярих болон олон нийтийн оролцоог дэмжих талбар болдог.
ЮНЕСКО хөгжиж буй орнуудад музейн хүчин чадлыг нийгмийн нэгдмэл байдал, тэр тусмаа орон нутгийн иргэд болон эмзэг бүлгийнхэнд дэмжлэг үзүүлэхэд ашиглахыг дэмжиж, музейг хамгаалах, сэргээх үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн ЮНЕСКО нь соёлын үзмэрүүдийг хууль бусаар хулгайлан дамнах гэмт хэрэгтэй тэмцэхэд хувь нэмрээ оруулахын тулд музейн мэргэжилтнүүдийг хамарсан үзмэрийг хамгаалах, бүртгэл хөтлөх, баримтжуулах сургалт явуулдаг.
Манай улсад 2005-2009 онд ЮНЕСКО-ийн “Устаж үгүй болох аюул тулгарч буй хөдлөх өвийг хадгалж хамгаалах тухай” хөтөлбөрийн хүрээнд “Монгол улс дахь музейн үзмэрийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах” төслийг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Эрдэнэзуу музей, Архангай аймгийн музейд хэрэгжүүлж, хадгалалт хамгаалалтын стандарт тогтоож, үнэлгээ хийх, мэдрэгч дохиоллын систем суурилуулах, сан хөмрөгийн лаборатори байгуулах, ажилтнуудыг сургах, үзмэрийн бүртгэл, картжуулалт ба тайлбарыг олон улсын жишигт нийцүүлэх зэрэг тодорхой ажлуудыг хийжээ.
Мөн “Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж, музейн үзмэрийг арчилж хамгаалах мэргэжлийн орчин бий болгох, тоног төхөөрөмжөөр хангахад дэмжлэг үзүүлсэн байна. Тухайлбал, тусгай хамгаалагдсан орчин бүхий баримтжуулан хадгалах өрөөнүүдийг байгуулан дохиожуулж, үзмэрүүдийн чанар ба гадаад байдлыг гэрэлтүүлэг болон шинэчлэх байрлуулсан тайлбар, мэдээллийн самбарын тусламжтайгаар сайжруулсан. Бас тус музейн жишээн дээр орон нутгийн бүх музейн ажилтнуудын чадавхыг дээшлүүлснээс гадна Соёлын өвийг хамгаалах болон онцгой байдлын асуудлаар мэргэжсэн баг хамтран Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө” боловсруулж, “Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх музейн менежментийн сургалт-семинар” зохион байгуулсан.
2012-2015 онд Японы Итгэлцлийн сангийн санхүүжилтээр ЮНЕСКО-ийн “Музейн тогтвортой хөгжлийн чадавх дээшлүүлэх” төслийг хэрэгжүүлсэн. Төслийн зорилго нь Монголын музейн ажлын арга зүйг сайжруулж, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх; Монголын музейн үйл ажиллагаатай холбогдох дүрэм журмыг дүгнэж, музейн эрх зүйн орчныг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх; Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн бүх музей болон олон улсын байгууллагуудын харилцаа холбоог сайжруулах; улс аймаг, орон нутгийн музейг мэргэжил-арга зүйн удирдлага, мэдлэг, мэдээллээр хангах Монголын үндэсний музейн чиг үүргийг идэвхжүүлснээр Монголын музейн тогтвортой хөгжлийг хангахад оршиж байсан юм. Улмаар уг төслийн дүнд ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь БСШУЯ, Монголын үндэсний музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Олон улсын музейн зөвлөлийн Монголын үндэсний хороо зэрэг байгууллагуудтай хамтран “Музей судлалын мэргэжил-арга зүйн төв”-ийн сургалтын танхимыг 2015 онд Монголын үндэсний музейд нээж, Монголын музейн мэргэжилтнүүдэд зориулсан “Монголын музейн менежмент” практик гарын авлага номыг 2016 онд хэвлэж гаргасан юм.
Үүнээс гадна ЮНЕСКО-ийн Монгол улсын музейн хөгжлийг дэмжсэн төслүүдийн хүрээнд “Музейн аюулгүй байдал”, “Гар бичмэлийг арчилж хамгаалах нь”, “Гамшгийн эрсдэлийн менежмент ба музей” гэх зэрэг ЮНЕСКО-ийн соёлын өвийг хамгаалах гарын авлага цуврал номыг хэвлэсэн. “Музейн тогтвортой хөгжлийн чадавх дээшлүүлэх” төслийн хүрээнд ч ЮНЕСКО-ийн соёлын өвийг хамгаалах гарын авлага цуврал номын “Цуглуулгын эд зүйлсийн баримтжуулалт”, “Хадгалж буй цуглуулгатай харьцах ажиллагаа” нэртэй хоёр гарын авлагыг болон бусад номыг орчуулж хэвлүүлэн түгээв. Мөн 2020 онд ЮНЕСКО-ийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр “Дэлхийн музейнууд: КОВИД-19 цар тахлын үед” тайланг монгол хэл дээр орчуулан хэвлүүлэв.