СОЁЛ

Соёлын биет бус өв

Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцыг 2003 онд ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 32 дугаар чуулганаар баталж, Монгол улс 2005 оны 6 дугаар сарын 29-нд нэгдэн орсон. 2020 оны 7 дугаар сарын байдлаар тус конвенцод 179 орон нэгдэж орсон байна.

Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцыг 2003 онд баталсан нь даяарчлалын орчин үеийн үйл явцаас үүдэн соёлын биет бус өвд тулгараад буй аюул эрсдэлийг даван туулах, нэгдэн шийдвэрлэх алхам болсон юм.

 Уг конвенцын 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлохдоо “Соёлын биет бус өв гэж хамт олон, бүлэг хүмүүс, зарим тохиолдолд хувь хүмүүс соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн заншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, мэдлэг болон дадал, эдгээртэй холбоо бүхий багаж зэмсэг, эд зүйл, урлагийн бүтээл, соёлын орон зайг хэлнэ. Үеэс үед уламжлагдах соёлын биет бус өвийг хамт олон, бүлэг хүмүүс нь тэдгээрийг хүрээлэн буй орчин, байгаль, түүхийн харилцан шүтэлцээнээс шалтгаалан байнга шинэчилдэг бөгөөд тухайн өв нь тэдгээрт оршин тогтнох болон залгамж чанарын мэдрэмж төрүүлж, соёлын төрөл зүйл, хүний туурвилыг хүндэтгэхэд дэмжлэг үзүүлдэг. Энэхүү конвенцын зорилгод олон улсын хүний эрхийн зөвхөн одоо мөрдөж буй баримт бичиг болон хамт олон, бүлэг, хувь хүмүүсийн хоорондын харилцан хүндэтгэл, мөн тогтвортой хөгжлийн шаардлагуудад нийцсэн соёлын биет бус өвийг авч үзнэ” гэжээ.

Үндэснийхээ соёлын биет бус өв (СББӨ)-ийг ЮНЕСКО-д бүртгүүлж баталгаажуулна гэдэг нь тухайн улс үндэстний нэр төрийн хэрэг бөгөөд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн хүндтэй үүрэг хариуцлага юм. Тухайн өвийг орон нутаг, улс үндэстэн, олон улсын түвшинд танин мэдүүлж, хадгалж хамгаалах, сэргээн амилуулах, түгээн дэлгэрүүлэх явдал хамгийн чухал. Иймд соёлын өвөө бүртгүүлсэн улс орон илүү их идэвх санаачилгатай ажиллах хэрэгтэй болдог.

Соёлын биет бус өвийн нэг өвөрмөц онцлог бол түүний байнга хувьсан өөрчлөгдөж, үргэлжилж байдаг чанар юм. Тухайн өв нь газарзүйн өргөн уудам нутагт оршин байж болох бөгөөд тухайн бүлэг хүмүүст тохиолдож болох олон янзын нөхцөл байдалд дасан зохицож амьдрах чадвартай байдаг аж. Энэ утгаар конвенцийн дагуу бий болгосон Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт; Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалт; Хадгалалт хамгаалалтын шилдэг туршлагын бүртгэл; гэсэн гурван жагсаалтад хамтран нэр дэвшүүлэхийг оролцогч улсуудад ЮНЕСКО уриалан дэмжиж байгаа билээ.

2020 оны байдлаар ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт болон Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад нийт 549 өвийг бүртгээд байна.

Манай улс 2008 оноос хойш Соёлын биет бус өвийн конвенцийн Яаралтай хамгаалах шаардлагатай болон Төлөөллийн жагсаалтад:

  1. Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг (2008)
  2. Монгол ардын уртын дуу (2008)
  3. Монгол бий биелгээ, уламжлалт бүжгийн урлаг (2009)
  4. Монгол тууль (2009)
  5. Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг (2009)
  6. Монголын уламжлалт Хөөмэйн урлаг (2010)
  7. Шувуучлахуй буюу Бүргэдээр ан хийх зан үйл (Ази, Европ, Арабын 18 улстай хамтран) (2010)
  8. Монгол баяр наадам (2010)
  9. Монгол лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил – битүү амьсгаа (2011)
  10. Монгол уран бичлэг (2013)
  11. Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл (2013)
  12. Монгол шагайн харваа (2014)
  13. Ботго авахуулах зан үйл (2015)
  14. Уул овоо тахих Монгол зан үйл (2017)
  15. Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл (2019)

гэх нийт 15 өвийг бүртгүүлсэн юм.

Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцыг Монгол улсад хэрэгжүүлэх үүднээс ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын зохион байгуулсан арга хэмжээнүүдийн нэг бол Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёлын өвийн төв, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнтэй хамтран 2013 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Төв Азийн тууль II”  олон улсын симпозиум, их наадам юм. Тус симпозиум, их наадамд Монгол, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Якут /Саха/,  БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орон болон Өвөр Монголын өөртөө засах орон, АНУ, БНСУ, Казакстан, Киргизстан, Тажикстан, Конго зэрэг 15 орны 100 гаруй эрдэмтэн судлаачид, авьяастнууд оролцов.

ЮНЕСКО анх байгуулагдсан цагаасаа эхлэн ард түмнүүдийн уламжлалт соёл, дуу хөгжим, аман зохиол, язгуур урлаг, ёс заншил, хөгжмийн зэмсгийг хамгаалахад ихээхэн хүчин чармайлт гаргасаар ирсэн билээ. 1949 онд ЮНЕСКО “Олон улсын хөгжмийн зөвлөл” байгуулж, 1961 оноос ардын уламжлалт дуу хөгжмийн пянзны цуглуулга хийж эхэлсэн бөгөөд энэ ажлын хүрээнд 1966-1967 онд Монголын ардын дуу хөгжмийн хоёр пянз хийлгэсэн нь Монголын ард түмний соёлын биет бус өвийг хамгаалах анхны алхам болсон юм.

ЮНЕСКО-ийн тусламжтайгаар Азийн орнуудын дуу хөгжмийн “VII индэр симпозиум болон фестиваль”-ийг Улаанбаатар хотноо 1985 оны 9 дүгээр сарын 7-14-нд Олон улсын хөгжмийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж байжээ. Энэ арга хэмжээнд Азийн найман улсаас гадна Англи, Болгар, Франц, Шведийн хөгжим судлаачид оролцсон байна.

Монгол улс 1999 онд “Төв Азийн баатарлаг туульс” гэсэн симпозиум-их наадмыг зохион байгуулж, 10 гаруй орны 120 гаруй авьяастан, эрдэмтэн, судлаач нар оролцсон. Энэ үеэр “Монголын утга соёлын өвийн төв” албан ёсоор байгуулагдаж, “Монголын аман өвийг дүрс болон дуугаар баримтжуулах нь” төслийг ЮНЕСКО-ийн тусламжаар хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэ төслийн хүрээнд 2-3 жилийн хугацаанд нийт 60 гаруй мянган километр зам туулж, 16 аймаг, нийслэл хотын 480 ардын авьяастны урын санг багтаасан 220 цагийн дүрс, 87 цагийн дууны бичлэг хийж бүртгэл мэдээллийн санд авсан юм. Түүнчлэн ардын уламжлалт ёс заншил, аман өвийн холбогдолтой баримтат кино хийснээс гадна ЮНЕСКО-ийн төслөөр 2013-2016 онд хэрэгжсэн “Монгол туулийг хадгалан хамгаалах” төслийн хүрээнд “Монгол тууль” 12 боть ном нийтлэгдсэн болно.

Дээр дурдсан үйл ажиллагаануудаас гадна ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь 2012-2020 оны хооронд Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцыг Монгол улсад хэрэгжүүлэх үүднээс “Япон улсын Итгэлцлийн сан”, БНСУ дахь ЮНЕСКО-ийн 2 дугаар зэрэглэлийн Соёлын биет бус өвийн мэдээлэл солилцооны Ази-Номхон Далайн төв (ICHCAP), БНХАУ дахь ЮНЕСКО-ийн 2 дугаар зэрэглэлийн Ази, Номхон далайн бүсийн Соёлын биет бус өвийн олон улсын сургалтын төв, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар  зэрэг олон улсын байгууллагууд, Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Соёлын өвийн төв зэрэг үндэсний байгууллагуудтай хамтран “Конвенцын хэрэгжүүлэлт болон хамт олонд түшиглэсэн соёлын биет бус өвийн бүртгэл” сургалт, “СББӨ-ийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг хэрэгжүүлэхэд Монгол улсын чадавхыг бэхжүүлэх нь” сургалт, “СББӨ-ийн хадгалалт, хамгаалалтын төлөвлөгөө сургалт, “Зүүн хойд Азид Соёлын биет бус өвийн хадгалалт, хамгаалалтын талаар мэдээлэл солилцох, мэдээллийн сүлжээг өргөжүүлэх нь” сэдвээр ээлжит уулзалт семинар, “Соёлын биет бус өв боловсролд: Албан ба албан бус боловсролоор дамжуулан соёлын биет бус өвийг хөхиүлэн дэмжих хамтын ажиллагаа” сэдэвт соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах Зүүн хойд Азийн бүс нутгийн хурал зэрэг арга хэмжээнүүдийг тус тус зохион байгуулсан.

Эдгээр сургалт семинарыг олон улсын экспертүүд удирдан явуулж, үндэсний соёл, урлагийн байгууллагуудын мэргэжилтнүүд, төрийн бус байгууллага, өвлөн уламжлагч, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ажилтнуудад Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцтой холбоотой олон улсын эрх зүйн баримт бичиг, олон төрлийн бүтцийг танилцуулан, тэдгээрийг хэрхэн ашигтайгаар хэрэглэх, онолын болон практик хичээлүүдийг зааж, соёлын биет бус өвийг хэрхэн үр дүнтэй хадгалж, хамгаалах тухай ойлголт, мэдээллийг өгсөн юм.

2014 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Парис хотноо хуралдсан Соёлын биет бус өвийн конвенцын гишүүн орнуудын Ерөнхий ассамблейн үеэр болсон Засгийн газар хоорондын хорооны сонгуульд Монгол улс нэрээ дэвшүүлэн өрсөлдөж, сонгогдсон билээ. Засгийн газар хоорондын хороо нь нийт 24 гишүүнээс бүрдэх бөгөөд манай улс 2018 оныг хүртэл ажиллав. Хороо нь гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн өвийг бүртгэх, биет бус өвийг хамгаалах, хадгалах зорилгоор улс орнуудад олон улсын санхүүгийн тусламж үзүүлэх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, соёлын биет бус өвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах ТББ-уудыг томилж эрх олгох зэрэг Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн зорилго, үзэл санааг хэрэгжүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг.

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь ЮНЕСКО-ийн гишүүн орнууд төдийгүй дэлхий дахинд монголынхоо соёлын өвийг танилцуулах, сурталчлах боломж, бололцоо бүрийг алдалгүй ашиглахыг чармайдаг билээ. Тухайлбал, 2011 онд ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 36 дугаар чуулганы нээлтийн арга хэмжээний хүрээнд ЮНЕСКО-ийн Төв байранд морин хуур, уртын дуу, бий биелгээ, хөөмэй зэрэг монгол үндэстний язгуур соёлын хэв төрх, өвөрмөц онцлогийг илэрхийлсэн “Хөх тэнгэрийн эгшиглэн” нэртэй урлагийн тоглолтыг зохион байгуулж нийт 1300 гаруй үзэгчдийн сонорыг мялаасан. Урлагийн тоглолтыг нээж ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Ирина Бокова, БСШУ-ын сайд Ё.Отгонбаяр нар үг хэлж, монголын язгуур урлагийн арвин их өвийг онцолсон билээ.

Мөн 2012 онд ЮНЕСКО-ийн Төв байранд болсон ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын гишүүн орнуудын Ерөнхий ассамблейн ээлжит 4 дүгээр чуулганы нээлтийн үеэр Монгол улс ЮНЕСКО-д элссэний 50 жилийн ойг тохиолдуулан “Монгол хувцасны нууц товчоон” хэмээх монгол дээлний загварын тоглолтыг Монгол Костьюмс ХХК, Парис дахь Монгол улсын ЭСЯ-тай хамтран ЮНЕСКО-ийн МҮК зохион байгуулсан юм. Эдгээр үйл ажиллагаа нь монголын соёлыг дэлхийд сурталчлахаас гадна ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн жагсаалтад шинээр соёлын биет бус өвөө бүртгүүлэхэд чухал нөлөө үзүүлэв.



Дээш