ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгалууд”-ыг бүртгүүлэх ажлын хүрээнд Дэлхийн өвийн хороонд зөвлөх үүрэг бүхий Хөшөө дурсгал, дурсгалт газруудын олон улсын зөвлөл (ICOMOS)-ийн шинжээч профессор Ичита Шимода 2025 оны 8 дугаар сарын 5-12-ны өдрүүдэд Монгол Улсад ирж, техникийн үнэлгээг хийв.
Тус ажлын хүрээнд профессор И.Шимода монголын үндэсний шинжээчидтэй хамтран Төв, Архангай, Хэнтий аймаг дахь Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгалууд дээр очиж ажиллаж, аймаг, сумын удирдлагууд, Соёл, урлагийн газрын төлөөлөл болон орон нутгийн иргэдтэй уулзаж, өвийн хадгалалт, хамгаалалтын байдал, орон нутгийн оролцооны талаар санал солилцож, нөхцөл байдалтай нарийвчлан танилцав.
Энэ ташрамд Монгол Улс Дэлхийн өвийн жагсаалтад нийт зургаан газрыг бүртгүүлээд байгаа бөгөөд соёлын ангиллаар 4 дурсгалт газар, тухайлбал 2004 онд Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, 2011 онд Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, 2015 онд Бурхан Халдун уул болон түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, 2023 онд Буган хөшөө бүхий хүрлийн үеийн цогцолбор, байгалийн ангиллаар 2 газар - 2003 онд Увс нуурын ай сав, 2017 онд Дагуурын ландшафтыг тус тус бүртгүүлсэн.