Техник, мэргэжлийн боловсрол, сургалт (ТМБС) нь боловсрол болон ажил эрхлэлтийг холбож өгдөг. ТМБС нь залуус, насанд хүрэгчдийн хөдөлмөр эрхлэх, зохистой ажлын байр олох, бизнес эрхлэхэд шаардлагатай ур чадварыг хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх замаар эдийн засаг, нийгэм, байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхийг зорьдог. Ингэснээр ТМБС нь тэгш, хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлтийг сурталчлан ногоон болон дижитал эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлдэг.
ЮНЕСКО нь Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилго, Боловсрол 2030 үйл ажиллагааны хүрээтэй уялдуулан 2016-2021 онд хэрэгжүүлэх ТМБС-ийн зөвлөмжийг гишүүн орнуудын техник мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор боловсруулан гаргасан.
ЮНЕСКО-ийн техник мэргэжлийн боловсрол, сургалтын төвүүдийн олон улсын сүлжээ нь энэ чиглэлээр харилцан суралцах, чадавхыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гол хөдөлгөгч хүч болж байна. ЮНЕСКО болон түүний харьяа байгууллагууд, ТМБС-ын чиглэлийн агентлаг хоорондын бүлгийн гишүүд хамтран хувь хүн, аж ахуйн нэгж, нийгмийн хэрэгцээг хангах санаачилга, үйл ажиллагааг хамтран явуулсаар байна.
2018 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ЮНЕСКО-д албан ёсоор хүсэлт тавьж, Монгол улсын ТМБС-ын салбарын бодлого, зохицуулалт, тулгамдаж буй асуудал, ололт амжилтын талаар цогц тойм шинжилгээ хийлгэх, ТМБС-ын салбарт стратегийн шинэчлэл хийхэд Монгол улсын Засгийн газарт бодлогын зөвлөмж өгөхийг хүсэлт болгосон юм. Ингээд ЮНЕСКО нь 2018-2019 оны хооронд ХНХЯ-тай нягт хамтран ажиллаж, салбарын олон мэргэжилтнүүдийн оролцоотойгоор Монгол улсын ТМБС-ын бодлогын тойм шинжилгээний тайланг бэлтгэн гаргаж, тодорхой зөвлөмжүүдийг өгөөд байна. Түүнчлэн ЮНЕСКО-ийн МҮК нь 2 жил тутамд ТМБС-ийн үндэсний форумыг зохион байгуулж, оролцогч талуудтай санал солилцон, зөвлөмж гаргадаг билээ.