Мэдээ

“ӨВӨЛ, ХАВАРТ БЭЛЭН ҮҮ

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс болон “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубтэй хамтран “Өвөл, хаварт бэлэн үү?” сэдэвт ярилцлагуудыг хүргэж байна.


Д.ГАНБАТ “БЭЛЧЭЭРИЙН АЖ АХУЙГААС ФЕРМЕР ЛҮҮ ШИЛЖЛЭЭ”

Булган аймгийн Дашинчилэн сумын 3-р багийн малчин П.Ганбат 20 гаруй жил мал маллаж байна. Энэ жилээс сүүний ферм эрхлэхээр малаа цөөлж Төв аймгийн Баянчандмань суманд суурьшиж байгаагаа ярилаа.  1,300,000 гаруй малтай.  2011 онд мянгат малчин болсноос хойш малынхаа тоо толгойг хэт өсгөхгүй, бас цөөлөхгүй явсаар иржээ. П.Ганбатынх таван хүүхэдтэй.

unesco

2023 онд хэрхэн өвөлжсөн бэ?  

2023 онд цас ихтэй, их хүйтэн өвөлжлөө.  Дашинчилэн сумын нутагт төмөр зудын өмнөх зуд тохиолоо.  Жилийн жилд манайхны мал Доргонтын ар Хар бухын голын хөндийн зэгсэнд тогтож өнтэй өвөлждөг. Гэтэл өнгөрсөн өвөл мал амархан турж бээрч, бага мал их хорогдлоо.   

Хүнд өвөл болно гэдгийг дуулаад хонио сувиаруулж байж борлуулсан. Үлдсэн бог мал хэвтрээс болж нэлээн хорогдсон. Ихэнх төлөг, борлонгоо алдсан даа.   

Танайх намар хэдий хэмжээний өвс тэжээл бэлтгэдэг вэ?

Жилийн жилд 5-6 портер өвс бэлтгэдэг. 2023 оны намар  1000 боодол өвс, 500 боодол ногоон тэжээл авсан. Нөөцтэйгөө нийлээд 1700 боодол өвстэй хангалттай өвөлжчихнө гэж бодож байлаа. Гэсэн ч өвөл, хавар өвс дахиж нэмж авсан.  Таван адуугаа Эмээлтийн зах дээр борлуулж, 80 боодол өвс ачиж аваачаад малаа тав хоног л тэжээсэн. Сүүлдээ өр тавьж хаврыг давсан даа. Энэ намар 1000 боодол өвс, 1000 боодол тэжээл татлаа.

Цас зудаас гадна малын түүхий эд үнэгүйдэх нь малчдыг санаа зовоодог асуудал. Нэг кола ундаа 5000 төгрөг. Гэтэл адууныхаа махыг нэг кг-ыг нь 6500 төгрөгөөр борлуулж байна. Малчдын гар дээрээс махыг маш хямд авдаг.

unesco

Уур амьсгал өөрчлөгдөөд ган зудын давтамж нэмэгдээд байдаг.  Цаашид хэрхэн даван туулах вэ?

Манайх 2011 онд мянгат малчин болж байлаа. Сүүлийн арав гаруй жил  өвс тэжээлийг өөрийнхөө хэмжээнд их л бэлтгэж байна. Сүүлийн жилүүдэд хэдэн үхрээ эрчимжүүлье гээд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас махны чиглэлийн улаан халзан үхрээр сэлбэсэн. Ноднин гэхэд хээлтүүлэгч бухтай нь 48 толгой үхэр авчирсан. Гэсэн ч миний төлөвлөгөөг өнгөрсөн өвөл 100 хувь эргүүллээ. Бага мал хорогдол ихтэй болохоор цас зудаас өмнө бод болгохоор шийдээд 1100 толгой хонио 5 дахин бууруулж зарж 200 толгойд барьсан.

Энэ жил монгол үхрээ бас цөөллөө. Сүүний ферм эрхлэхээр Төв аймгийн Баянчандманьд хашаа хороо, үнээ худалдаж аваад хүүхдүүдийнхээ  сургуулийг шилжүүллээ. Туслах малчинтай ч болохоор ярилцаж байна. Би өөрөө адуутайгаа Сэлэнгийн Алтанбулаг, Булганы Дашинчилэн, нүүдэл дунд ирэн очин байх болов уу. 100 хувь эрчимжсэн аж ахуй эрхлэхээр шулуудлаа. Дан ганц бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд хүнд болж байна.

Мянган толгой мал гэхээр их сонсогддог.  Ашиг шим өндөртэй 500 малтай байж болохгүй гэвэл та юу гэх бол?

1000 малтай малчин бол ерөнхийдөө цалингүй л ажиллаад байна уу даа гэмээр. Орлого, зарлага тэнцээд заримдаа зарлага даваад явчихдаг. 500 малаар долоон ам бүл амьдрахад хүнд. За тэгээд хахир өвөл, хавар ямар ч сайн үүлдэр байгаад ялгаагүй л үхчихдэг дээ.  

Энэ жилийн хувьд малчид минь малаа тарга тэвээрэг алдахаас нь өмнө эртхэн тэжээгээрэй. Бага багаар тэжээгээд байхад болдог доо. Өвлийн бэлтгэлээ ханатал бэлтгээрэй.  Сайхан өвөлжөөрэй.

unesco

 

Эх сурвалж ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс



Дээш