БОЛОВСРОЛ

Насан туршийн суралцахуй

Насан туршийн боловсрол бол тасралтгүй, хэзээ ч зогсдоггүй, гэхдээ дангаараа явагддаггүй, хувь хүний хүсэл эрмэлзлэлд хөтлөгдсөн үйл ажиллагаа юм. Мөн сонгосон мэргэжлийнхээ хүрээгээр хязгаарлагдахгүй, амьдралын бүхий л нөхцөлд анх амьсгалж эхэлснээс амьсгалаа хураатал шаардлагатай мэдлэг чадвар, зан чанарын хэм хэмжээний талаар зөвхөн мэдээд зогсохгүй, түүнийгээ үр өгөөжтэй хэрэглэж, түүнээсээ сэтгэлийн ханамж авч чаддаг байх гэсэн санааг агуулж байдаг.

ЮНЕСКО-ийн Насан туршийн суралцахуйн бодлого, стратегийн хөтөлбөрт 21-р зууны боловсролын салбарт шинэчлэлт хийх, насан туршийн боловсролыг хөгжүүлэн дэмжих зарчмуудыг тусгасан байдаг. ЮНЕСКО нь гишүүн орнуудад Насан туршийн боловсролын бодлого, стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавьж, үнэлэх чиглэлд дэмжлэг үзүүлдэг.

unesco

Насан туршийн суралцахуйн бодлого, стратегийн хөтөлбөрт гишүүн орнуудын оролцоонд тулгуурласан гурван үндсэн чиглэлийг баримталдаг. Үүнд:

  • Бодлогод суурилсан судалгаа, шинжилгээ хийх
  • Техникийн туслалцаа үзүүлэх болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх сургалт, семинар зохион байгуулах
  • Үндэсний, бүс нутгийн болон олон улсын түвшинд бодлого, стратегийн хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлэх

ЮНЕСКО-оос дэлхий дахинд хэрэгжүүлж буй төслүүд:

  • Насан туршийн суралцахуйн олон улсын удирдлага
  • Насан туршийн суралцахуйн бодлого, стратегиуд
  • ЮНЕСКО-ийн Насан туршийн суралцахуйн хүрээлэнгээс албан бус сургалтуудын үр дүнг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах, магадлан итгэмжлэх чиглэлээр хэрэгжүүлдэг олон улсын хөтөлбөр
  • Бүс нутгийн болон үндэсний мэргэшлийн шалгуур үзүүлэлтүүдийн олон улсын үнэлгээ
  • ЮНЕСКО-ийн суралцагч хотуудын олон улсын сүлжээ (UNESCO Global Network of Learning Cities)

ЮНЕСКО-ийн Насан туршийн суралцахуйн хүрээлэн 2022 оноос хойш Монгол Улсын насан туршийн суралцахуйн үзэл баримтлал, бодлогын баримт бичиг боловсруулахад арга зүйн дэмжлэг үзүүлж байна. Түүнчлэн жил тутам тус хүрээлэнгийн экспертүүд сайн туршлага хувваалцах, бодлого боловсруулагч, багш, ажилтан, олон нийтийг чадавхжуулах сургалтуудыг танхим болон цахимаар зохион байгуулдаг.  

ЮНЕСКО-ийн Насан туршийн суралцахуйн хүрээлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. 

 



Дээш