ЮНЕСКО нь бүх түвшинд тогтвортой хөгжлийн боловсролын хүртээмжийг сайжруулах, боловсролыг шинэчлэн хүмүүсийн мэдлэг, ур чадвар, үнэ цэн, зан төлөвийн байдлыг эерэг хандлагад хувирган хөгжүүлэх зорилготой юм. Энэ нь тогтвортой хөгжлийн асуудал болох дэлхийн дулаарал, биологийн олон төрөл зүйлийн талаар багшлах, суралцахуйд тусгах асуудал юм. Хувь хүмүүс сорилт бэрхшээлийг даван туулах, соёлын олон талт байдлыг хүндэтгэх, тогтвортой ертөнцийг бий болгохийн төлөө хувь нэмрээ оруулах зэргээр хариуцлагатай хандахыг уриалан дэмждэг.
Тогтвортой хөгжлийн боловсрол нь чанартай боловсролын чухал нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд тогтвортой хөгжлийг дэмжих гол хүчин зүйл хэмээн олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдөөд байна. Дэлхий нийтээрээ 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн зорилгууд нь тогтвортой хөгжлийн боловсролыг багтаасан байдаг. ЮНЕСКО нь Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих Дэлхийн үйл ажиллагааны хөтөлбөрийг зохицуулах үүргийг мөн хүлээдэг.
Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтын дагуу 2018 оноос “Тогтвортой хөгжлийн боловсрол” үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна. Бүх нийтэд байгаль орчноо хамгаалах, түүх, соёлын өвийг дээдлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, түүнд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг даван туулах, байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээний соёл, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чиглэсэн тогтвортой хөгжлийн боловсрол эзэмшүүлж, Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад хөтөлбөрийн зорилго оршино.
2022 онд ЮНЕСКО-ийн МҮК нь "Тогтвортой хөгжлийн боловсрол: замын зураглал"-ыг монгол хэлээр орчуулан олны хүртээл болгосон. Түүнчлэн Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнтэй хамтран "ТХБ-2030: Монгол Улсын санаачилга" бодлогын бичиг баримтыг боловсруулж, ТХБ-ын алсын хараа, стратеги боловсруулсан анхдагч улс орны нэг болсон билээ.
Монгол Улс түүнчлэн ЮНЕСКО-ийн Ногоон боловсролын хамтын ажиллагаа (Greening Education Partnership)-ны гишүүн юм. Тус хамтын ажиллагаа нь 2023-2024 онуудад "Ногоон боловсролын хичээлийн хөтөлбөр" болон "Ногоон сургуулийн чанарын стандарт" гэх томоохон бодлогын зөвлөмж боловсруулсан билээ. (зөвлөмжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу)