БОЛОВСРОЛ

Хамрах хүрээ

unesco

ЮНЕСКО нь гишүүн орнуудад боловсролын бодлого, стратеги боловсруулах, тэдгээрийн үр дүнтэй хэрэгжилт, “тэгш хамран сургах, тэгш боломжийг хангасан чанартай боловсрол, бүх нийтийн насан туршдаа суралцах боломжийг дэмжих” Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилгод хүрэхэд дэмжлэг үзүүлж байна.

ЮНЕСКО нь боловсролын бодлогод үнэлгээ, шинжилгээ хийх, боловсролын салбарын хөгжлийн төлөвлөгөөний загвар гаргах, үндэсний боловсролын тэргүүлэх чиглэлүүдийг дэмжихийн тулд хандивчлагчдыг дайчлах, сургалтын хөтөлбөр шинэчлэх, багш нарын талаарх бодлого боловсруулах, мэдээлэл, харилцаа, холбооны технологийг боловсролд ашиглах зэрэг үйл ажиллагаанд техникийн туслалцаа үзүүлдэг. Түүнчлэн, бодлого боловсруулах, салбарын дүн шинжилгээ хийх, төлөвлөлт, загварчлал, нөөцийн тооцоолол гаргах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг байгууллагын чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.

ЮНЕСКО нь Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилгыг манлайлах, хэрэгжүүлэх үүргийг хүлээдэг. Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилгын 10 зорилт нь боловсролын асуудлуудыг хамардаг бөгөөд долоон зорилт нь хүлээгдэж буй үр дүн, гурав нь зорилтод хүрэх арга замууд юм.

Үр дүнгийн зорилтууд

4.1 2030 он гэхэд бүх охид, хөвгүүд үр ашигтай, уялдаа холбоо бүхий тэгш, чанартай боловсролын үйлчилгээнд үнэ төлбөргүй хамрагдаж бага, суурь боловсрол эзэмших боломжоор хангагдсан байна.

4.2 2030 он гэхэд бүх охид, хөвгүүд бага насны хүүхдийн хөгжил, халамж болон сургуулийн өмнөх чанартай боловсролд хамрагдаж, бага боловсрол эзэмшихэд бэлтгэгдсэн байна.

4.3 2030 он гэхэд бүх эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд боломжийн төлбөр бүхий чанартай техникийн болон мэргэжлийн боловсрол, дээд боловсролд хамрагдах тэгш боломжоор хангагдсан байна

4.4 2030 он гэхэд зохистой ажил хөдөлмөр, аж ахуй эрхлэхэд шаардлагатай техникийн болон мэргэжлийн зохих ур чадвар, дадал бүхий залуучууд, насанд хүрэгчдийн тоог эрс нэмэгдүүлсэн байна.

4.5 2030 он гэхэд боловсрол дахь жендэрийн тэгш бус байдлыг арилгаж, боловсролын бүх түвшинд, мэргэжлийн боловсрол сургалтад хөгжлийн бэрхшээлтэй, уугуул иргэд зэрэг эмзэг нөхцөлд буй хүүхэд, залуучуудыг татан оролцуулж, тэгш боломжоор хангасан байна.

4.6 2030 он гэхэд бүх залуучууд болон насанд хүрсэн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн дийлэнх хувь бичиг үсэгт тайлагдан, тоо тоололд суралцсан байх нөхцөлийг хангасан байна.

4.7 2030 он гэхэд бүх суралцагчид тогтвортой хөгжлийг дэмжихэд зайлшгүй шаардлагатай мэдлэг, чадварт тухайлбал, тогтвортой хөгжил, тогтвортой амьдралын хэв маяг, хүний эрх, жендэрийн тэгш байдал, энх тайван, хүчирхийллийг үл дэмжих, дэлхийн иргэн байх, тогтвортой хөгжилд соёлын оруулах хувь нэмэр, соёлын олон төрөлт байдлыг хүлээн зөвшөөрөх зэрэгт суралцсан байна.

Зорилтод хүрэх арга зам:

  • Зорилт 4.a: 2030 он гэхэд бүх хүнд аюулгүй, хүчирхийлэлгүй, тэгш хамруулсан, үр дүнтэй суралцах орчин бүрдүүлж, боловсролын байгууллагыг хүүхдэд ээлтэй, хөгжлийн бэрхшээл болон жендэрийн ялгаваргүй болгон шинэчлэн сайжруулна.
  • Зорилт 4.b: 2020 он гэхэд өндөр хөгжилтэй болон бусад хөгжиж буй орнуудад мэргэжлийн боловсрол, шинжлэх ухаан, техникийн ухаан, инженерчлэл, мэдээлэл харилцааны технологи зэрэг салбарт дээд боловсрол эзэмшүүлэх зорилгоор хөгжиж буй орнууд, ялангуяа буурай хөгжилтэй, жижиг арлын улс, Африк тивийн орнуудын иргэд хамрагдах боломжтой тэтгэлгийн тоо хэмжээг дэлхий дахинаа эрс нэмэгдүүлнэ.
  • Зорилт 4.c: 2030 он гэхэд хөгжиж буй орнууд, ялангуяа буурай хөгжилтэй, жижиг арлын орнуудын багш нарыг бэлтгэхэд чиглэсэн олон улсын хамтын ажиллагааг дэмжих замаар мэргэшсэн, чадварлаг багш нарын тоог нэмэгдүүлнэ.

ТХЗ-4-ийн дунд хугацааны ахиц дэвшлийн тайлан

Эх дэлхий, хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн төлөө ЮНЕСКО-оос боловсрол ба суралцахуйг хувирган өөрчлөх дэлхий нийтийг хамарсан томоохон санаачилгыг дэмжин замчлах улс орнуудын нэгээр Монгол Улсыг сонгож, хамтран ажиллаж байгаа билээ. Энэ хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Улс дахь ТХЗ 4-ийн хэрэгжилтийн ахиц дэвшлийн эхний таван жилийн тойм үнэлгээний тайлан”-г ЮНЕСКО ба НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр үндэсний баг боловсруулан бөгөөд Монгол Улсад ТХ-ийн 17 зорилгын хүрээнд тэдгээрийн хэрэгжилтийн ахиц дэвшлийг холбогдох индикаторуудын тусламжтайгаар хэмжиж, боловсруулсан юм.  



Дээш