ЮНЕСКО-ийн МҮК нь Боловсролын яамтай хамтран Боловсролын салбар дахь МХХТ-ийн мастер төлөвлөгөө, Боловсролын хяналт-шинжилгээний дэлхийн тайлан болон багш нарын цахим ур чадварыг хөгжүүлэх төслийн танилцуулах арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээг нээж Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга, ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан болон НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нар Монгол Улс болон ЮНЕСКО-ийн боловсролын салбар дахь хамтын ажиллагааны ололт, амжилт ба цаашдын хэтийн төлөвийг онцлон тэмдэглэж нээлтийн үг хэлэв.
Нээлтийн арга хэмжээнд гадаад болон дотоодын оролцогч талууд боловсролын цахим шилжилт, багш, суралцагчдын цахим ур чадвар, дижитал хэрэглүүр, тэдгээрийн эерэг ба сөрөг талуудын талаар санал бодлоо хуваалцлаа.
Түүнчлэн ЮНЕСКО-оос цахим ур чадвар олгох олон улсын байгууллага ICDL-тэй хамтран Монгол Улсад хэрэгжүүлж буй төслийн талаар танилцуулж, төслийн үр шим хүртэгчид сургалтын талаарх санал, сэтгэгдлээс хуваалцав. Уг төслийн хүрээнд 5 сургагч багш бэлтгэх бөгөөд 20 багшид онлайн хичээл болон өдөр тутмын ажилд шаардагдах цахим ур чадвар олгох сургалтыг олон улсын багш нар олгох бөгөөд сургалтын үр дүнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн батламжийг гардан авах юм.
Арга хэмжээний үеэр “Боловсрол ба технологи” сэдэвт 2023 оны Боловсролын хяналт-шинжилгээний дэлхийн тайланг монгол хэлээр хэвлэн олон нийтийн хүртээл болгосонг Дэлхийн тайлангийн баг болон ЮНЕСКО-оос танилцуулсан нь олон улсын нөхцөл байдлыг шинжлэх, сайн туршлагаас суралцах боломжийг бүрдүүлж, хэлэлцүүлгийг баяжууллаа.