ЮНЕСКО нь хүүхэд бүрийн амьдралд зөв эхлэлийг олгох зорилгоор бүс нутаг, олон улс болон үндэсний хэмжээнд Сургуулийн өмнөх боловсролыг тэгш хүртээмжтэй олгох чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажилладаг. Боловсролын системийн суурь, салшгүй нэгэн хэсэг бол Сургуулийн өмнөх боловсрол юм. Чанартай боловсрол эзэмшээгүй хүүхдүүдийн хувьд өөрийн карьерийг цааш үргэлжлүүлэх суурь хангалттай тавигдаагүйн улмаас сурлагын амжилт гаргахгүй байх, сургууль завсардах, улиран суралцах зэрэг эрсдэлтэй тулгарч болзошгүй байдаг.
ЮНЕСКО нь гишүүн орнууддаа “Боловсрол 2030” болон Тогтвортой хөгжлийн 4.2-р зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр СӨБ-ын салбарт мэдлэгийг бий болгон хуваалцах, чадавхыг бэхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх зэргээр бодлого, стратегид нөлөөлөх түвшинд хамтран ажилладаг. Үүнд багшийн хөгжил, хүүхэд асран хүмүүжүүлэх арга барил, гэр бүлийн боловсрол зэрэг мөн багтдаг.
ЮНЕСКО нь Бага насны хүүхдийг асран хамгаалах, боловсрол эзэмшүүлэх зорилгоор төрсөн цагаас нь эхлэн бага сургуульд элсэх хүртэл хугацаанд улс орнуудын засгийн газар болон бусад оролцогч талуудтай хамтран ажиллаж дэмжлэг үзүүлдэг. Гэвч энэхүү насны хүрээлэл нь улс орны хөгжлийн янз бүрийн үе шатуудыг хамардаг тул тус бүлгийн бүх хүүхдэд нэгэн зэрэг, эрх тэгш хүрч үйлчлэхэд хүндрэлтэй байдаг.
Үүнтэй холбогдуулан ЮНЕСКО-ийн СӨБ-той холбогдох үйл ажиллагаа нь 3-аас дээш насны бүх хүүхдэд цогц, чанартай боловсролыг олгоход сурган хүмүүжүүлэх зохистой арга барилыг ашиглах, бага дунд боловсролын системтэй харилцан уялдуулах, мөн бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, нийгэмших эрэлт хэрэгцээг чухалчилж байгаа билээ.