Мэдээ

“ЮНЕСКО-ийн Соёлын болон Геологийн өвөөр дамжуулан Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” төслийн хүрээнд оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт, олон талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

 

ЮНЕСКО болон Рио Тинто Монгол ХХК хамтран Монгол Улсын тогтвортой хөгжилд чиглэсэн санаачилгуудыг дэмжих, ЮНЕСКО-д бүртгэлтэй газрууд болон тус нутагт оршин сууж буй иргэдийн нийгмийн оролцоо, эдийн засагт оруулах хувь нэмэр болон тогтвортой хөгжлийг дэмжих, соёлын болон геологийн өвд үзүүлэх нөлөөллийг багасгах зорилгоор урт хугацааны хамтын ажиллагааны санамж бичгийг 2023 оны 12-р сарын 04-ний өдөр байгуулж, “Соёлын болон Геологийн өвөөр дамжуулан Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Энэхүү төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд болон Манлай сумын нутаг дэвсгэрт орших үлэг гүрвэлийн мөрт Шар цавын олдворт газар, Ханбогд сумын төвөөс 0,5 км зайд байрлах Ханбогдын массив, дэлхийн энергийн төв гэгдэх Дэмчогийн хийд зэрэг соёл, геологи, палеонтологийн чухал өвүүдийг багтаасан геопаркийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм. 

Үүнтэй холбогдуулан, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газар, Рио Тинто Монгол ХХК болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт, олон талт хэлэлцүүлэг болон хээрийн аяллыг 2024 оны 9 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа.

Арга хэмжээнд олон улсын экспертүүд, үндэсний болон орон нутгийн төлөөлөл болох нийт 90 орчим хүн оролцсон бөгөөд уулзалт, хэлэлцүүлгээр тогтвортой аялал жуулчлалын зарчим, үзэл баримтлал болон ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркууд хөтөлбөрийн талаар оролцогч талуудад нэгдсэн ойлголт өгч, соёлын ба геологийн өвөөр дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлж геопарк байгуулахад шаардагдах бэлтгэл ажлуудыг хэлэлцэхийн сацуу энэ хүрээнд хийгдээд буй судалгаануудын үр дүнг танилцуулж, санал бодлоо солилцлоо.

ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркууд нь олон улсын ач холбогдолтой, геологийн онцлог тогтоцтой, ховор, гоо үзэсгэлэнтэй хэд хэдэн геологийн өвөөс бүрдсэн, хадгалалт хамгаалалт, боловсрол, тогтвортой хөгжлийн иж бүрэн үзэл баримтлал бүхий газар нутгууд байх шаардлагатай байдаг бөгөөд олон улсын түвшинд геологийн ач холбогдол бүхий газруудыг дэмжин хөгжүүлж орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой. Өнөөдрийн байдлаар ЮНЕСКО-ийн Геопаркийн олон улсын сүлжээнд 48 орны 213 газар нэгдээд байна.

 



Дээш