Мэдээ

ЮНЕСКО БОЛОН РИО ТИНТО МОНГОЛ ХХК НЬ МОНГОЛ УЛСАД ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газар болон Рио Тинто Монгол ХХК нь түншүүдийн хамтаар Улаанбаатар хотноо Монгол Улсад анхны геопарк байгуулах, соёлын болон геологийн өвд түшиглэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх шинэ төслийн нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. 

Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх энэхүү хамтарсан төсөл нь соёлын өвийн дурсгалт газруудыг хадгалан хамгаалах, тогтвортой аялал жуулчлалын үйл ажиллагааг сурталчлах, орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилготой юм. Түүнчлэн, төслийн үр дүнтэй байдлыг урт хугацаанд хангахын тулд чадавх бэхжүүлэх, бодлого боловсруулах болон төр ба хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхэд анхаарал хандуулах болно.

Төслийн нээлтийн ажиллагааг нээн Монгол Улсын Гадаад харилцааны сайд бөгөөд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэг, ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал Проф. Шахбаз Хан, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал нар үг хэллээ. 

Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг: “Монгол Улсын Засгийн газар болон ЮНЕСКО хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт Монгол Улсад анхны геопаркийг байгуулах, чингэхдээ хувийн хэвшилтэй харилцаа холбоог идэвхжүүлэх замаар тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахаар тусгасан нь ийнхүү өнөөдөр бодит ажил хэрэг болж буйд туйлын баяртай байна. Энэхүү төсөл нь манай улсын онцгой, ховор геологийн өвийг онцлон таниулахын зэрэгцээ ирээдүй хойч үедээ эдгээр гайхамшгийг өвлөн авч, хамгаалан хадгалах үүргээ биелүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйн илэрхийлэл юм. Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай зэрэг сумдад геопарк байгуулах ажил зөвхөн Монгол орны байгалийн гайхамшгийг таниулах төдийгүй нутгийн иргэдийн чадавхыг дээшлүүлэх, тогтвортой хөгжлийг хангах, өв соёлоо хамгаалах үйлсэд бодит дэмжлэг болох болтугай” хэмээн хэллээ.

ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан, “Соёлын болон геологийн өвийн аль алиныг тогтвортой хөгжилтэй холбосноор бид орон нутгийн иргэдийн аж амьдрал, сайн сайхан байдлыг дэмжсэн тогтвортой эко системийг бий болгохыг зорьж байна. Мөн нутгийн иргэдтэй нягт хамтран ажилласнаар бид энэхүү өвийн үр өгөөжийг орон нутгийн түвшинд хүртэж, Монгол орны соёлын болон геологийн өвөрмөц өвийг нутгийн иргэд өөрсдөө өмчлөх, түүгээр бахархах сэтгэлийг төлөвшүүлэхийг зорьж байна” гэж онцоллоо.

Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал: “Бид Монгол Улсад хувийн хэвшлээс анх удаа ЮНЕСКО-той хамтран ажиллаж, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих, хүрээлэн буй орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн  урт хугацааны түншлэлийг байгуулсан билээ. Өнөөдөр анхны ЮНЕСКО-д бүртгэлтэй геопарк байгуулах түүгээрээ дамжуулан аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх анхны төслийн нээлтээ хийж байгаадаа туйлын их баяртай байна. Бид Монголын баялаг бөгөөд өөрийн гэсэн онцлог бүхий биет ба биет бус соёлын өвийг олон улсад сурталчлан таниулахад дэмжлэг үзүүлж байна. Уул уурхайн компанийн хувьд байгалийн нөөцийг хүний хэрэглээнд хөрвүүлэх их үйлсийг гүйцэлдүүлэхдээ, үеийн үед өвлөгдөн үлдэх байгаль орчноо хадгалан хамгаалах нь бидний үүрэг хариуцлага билээ” гэж хэллээ.

Түүнчлэн НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра: “Монголын нүүдэлчин ард түмний баялаг түүх, соёлын өвд түшиглэн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг бий болгож чадах нь дамжиггүй. Үүний сацуу тогтвортой аялал жуулчлалын энэхүү хэлбэр нь соёлын болон байгалийн өвийг хадгалаж, байгаль орчны тогтвортой байдлыг бий болгодог билээ. Харин эдгээр зорилгуудад хүрэхийн тулд бүх нийтийг хамруулах шаардлагатай биз ээ. Иймд Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын төрөлжсөн агентлагууд болон хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон тэмдэглэхийг хүсч байна.”

Уг арга хэмжээний үеэр Соёлын өвийн үндэсний төв Монгол орны геологийн болон соёлын өвийг хадгалан хамгаалах талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тухай танилцууллаа. Мөн Үндэсний геологийн албаны Эрдэс баялгийн судалгааны газрын дарга Н.Мөнхбилэг Монгол Улсад ЮНЕСКО-ийн дэлхийн геопарк байгуулах боломжийн талаар хийсэн судалгааны урьдчилсан үр дүн, ялангуяа гео-аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийн талаар танилцууллаа. Түүнчлэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын орлогч Х.Отгонжаргал Ханбогд сумын хөгжлийн төлөвлөгөөг танилцуулав. 

Монголын үндэсний өв соёлыг гайхалтай өвөрмөц байлгадаг соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид урлагийн үзүүлбэрээ толилуулсан нь тус арга хэмжээний онцлох үйл явдал байлаа. 

Энэхүү арга хэмжээ нь соёл, өв уламжлал, аялал жуулчлал, тогтвортой хөгжлийн чиглэлээрх мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг эхлүүлэх, өргөжүүлэх боломжийг олгосон чухал үйл явдал боллоо. 

 



Дээш